Өнгөрсөн сарын 18-23-нд Йордан Улсын Амман хотод пара таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Энэхүү тэмцээнээс манай улсын тамирчин Х.Энхтуяа аваргын алтан медалийг хүртэж, Ази тивийн дөрвөн удаагийн аварга болсон амжилттай эх орондоо ирсэн. Түүний хувьд гарны бэрхшээлтэй учраас К 44 ангиллын 49 кгын жинд тулалддаг. Тэрбээр таеквондогийн спортоор дөрвөн жил хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд Ази тивийн дөрвөн удаагийн аварга, 2017 оны Дэлхийн аварга, 2019 оны ДАШТээс мөнгөн медаль хүртжээ. Улмаар 2020 оны олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Пара таеквондогийн Ази тивийн аваргаар дөрөв дэх удаагаа шалгарсан танд баяр хүргэе. Энэ оны хоёр дахь тэмцээн нь байх аа. Өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхийн оноогоо цуглуулж дууссан шүү дээ?
-Баярлалаа. “Үндэсний шуудан” сонины хамт олон болон уншигчдад нь энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жилийн хувьд ДАШТ болон Ази тивийн аварга гэсэн хоёр тэмцээнд оролцох ёстой байсан. Хоёрдугаар сард болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн харин өнгөрсөн сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлсэн амжилттай эх орондоо ирлээ. Энэ жил оролцох ёстой тэмцээнүүдээ дуусгаад одоо л нэг бүтэн амьсгаа авч байна.
-Таны хувьд таеквондогоор 2015 оноос хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд Ази тивийн дөрвөн удаагийн аварга, Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальтан болсон байна?
-Миний энэ амжилт бол ганц миний хичээл зүтгэлээр болсон зүйл биш. Миний баг хамт олон, багш дасгалжуулагч, гэр бүл гээд олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон. Монголын пара таеквондогийн холбоо, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, гэр бүлийнхэн гээд миний зорилгын төлөө олон хүмүүс надтай хамт байдаг. Тийм болохоор надад тусалдаг, намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бүх амжилтад эдгээр хүмүүсийн оролцоо хамгаас чухал байсан.
-“Токио-2020” олимпийн наадамд оролцоно. Тэгэхээр таван жилийн дотор олимпийн наадам оролцох хэмжээнд таеквондог сурсан байна. Таеквондогийн спорттой анх яаж холбогдсон тухайгаа бидэнтэй хуваалцвал?
-Хамгийн анх манай найз надад таеквондогоор хичээллээч гэсэн саналыг тавьж байсан. Миний энэ спортоор хичээллэх болсон нэг л шалтгаан байдаг. Би өөрөө 13 настайдаа ахуйн ослоор нэг гараа тайруулсан. Тэр цагаас хойш хүмүүс намайг Хүрэлбаатарын Энхтуяа биш Хүрэлбаатарын гаргүй охин гэдэг болсон. Үндсэндээ би нэргүй болчихсон л доо. Тэгээд би эх хүн учраас бодсон “Миний хүүг хэзээ нэг өдөр гаргүй эмэгтэйн хүүхэд” гэж хэн нэгэн хэлж магадгүй гэж. Тэр үед манай найз надад “Чи таекондогоор хичээллэвэл чамд маш олон боломж үүснэ. Чи энэ спортоор амжилт гаргаж чадна. Чи ирээдүйд хүүгээ олимпийн аварга бүсгүйн хүү гэж дуудуулна” гэж хэлсэн. “Олимпийн аварга бүсгүйн хүү” гэж дуудуулна гэсэн тэр үг миний энэ спортоор хичээллэх шалтгаан болсон. Тиймээс анх энэ спортоор хичээллэж эхлэхдээ том зорилгыг өмнөө тавьсан учраас богино хугацаанд амжилт гаргасан юм болов уу гэж боддог. Одоо өмнөө тавьсан том зорилгынхоо хаяанд нь ирээд байна. Мөн би 25 настай таеквондогоор хичээллэж эхлэхэд эгч маань надад “Чи 18,19 настай биш. Тамирчин хүний хувьд хөгшин гэж хэлж болохоор насандаа чи эхэлж байна. Тийм учраас хүнээр заалгах гээд байлгүй хараад суралцагч бай” гэж хэлж байсан. Энэ үг бас надад их нөлөөлсөн.
-Олимпийн аварга болох зорилгынхоо хамгийн чухал хэсэг болох олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо энэ оны хоёрдугаар сард болсон ДАШТнээс мөнгөн медаль хүртсэнээр цуглуулж дуусгасан. Олимпийн эрхээ авах тэр мөчид юу бодогдож байв?
-Үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Гэхдээ энэ жилийн ДАШТ-д хошой аварга болно гэж орсон боловч өөрийнхөө жижигхэн алдаанаас болоод тоглолтоо хоёрдугаар үеэс зогсоогоод мөнгөн медаль хүртсэн. Эцсээ хүртэл тулалдаад ялагдах биш би өөрөө хориотой өшиглөлт хийж дүрмийн алдаа гаргасан. Хэдий би өрсөлдөгч тамирчинтайгаа тоглож байгаа ч багш дасгалжуулагч, багийнхан маань намайг хараад итгэж найдаад байж байхад тийм алдаа гаргасандаа их харамссан. Ахиж тийм алдааг гаргаж болохгүй гэдгийг маш ихээр ойлгож сургамж авсан.
-Та Монголын эмэгтэй таеквондогийн анхдагч нь болж байна. Анхны Дэлхийн аварга эмэгтэй, анхны олимпийн наадамд оролцох эмэгтэй тамирчин. Таны гаргасан энэ мөрөөр Монголын эмэгтэй таеквондочид явах нь?
-Би энэ спортыг сайн мэддэгтээ энэ амжилтыг үзүүлээгүй. Энэ бол Монголын пара таеквондогийн холбооны үйл ажиллагааны илэрхийлэл юм. Монголын пара таеквондогийн холбоо тамирчдаа дэмжиж, багш дасгалжуулагчид нь сайн ажиллаж байгаа учраас би дөрвөн жилийн дотор эдгээр амжилтыг гаргасан. Харин анхдагч болсноор миний хариуцлага илүү өндөр болсон. Намайг анх таеквондогоор хичээллэж эхлэхэд нэг ч эмэгтэй пара тамирчин байгаагүй. Гэтэл одоо миний залуу үе болсон охид пара таеквондогоор хичээллэж байна. Тийм болохоор би тэдэнд үлгэр дууриал болохуйц сайн тамирчин байх ёстой гэж боддог. Түүний төлөө хичээж амжилтаа ахиулах, дараа үедээ зөв үлгэр дууриал үзүүлэх нь миний үүрэг.
-Таны анхны багш О.Хосбаяр гэж хүн байдаг. Энэ эрхэм таны амжилтад чухал нөлөө үзүүлсэн болов уу?
-Тэгэлгүй яахав. Би чинь багшийнхаа эд эсийг нэлээн үхүүлж байж тамирчин болсон хүн. Багш маань одоо өөр ажил хийж байгаа ч надад зөвлөгөөгөө өгдөг. Би анх энэ спортоор хичээллээд шантарч, урам хугарч байх үед багш маань ойлгуулж чадсан учраас би энэ спортод үлдсэн. Тийм болохоор багшдаа маш их талархаж явдаг.
-Одоо О.Хосбаяр багшийнх нь аав Л.Отгонбаатар пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч хийдэг шүү дээ?
-Тийм. Би одоо анхны багшийнхаа аавын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Манай багш туршлагаараа биднийг дандаа зөв чиглүүлж явдаг. Бидний сэтгэлзүйч, багш дасгалжуулагч, туслах, эмч гээд бүхий л зүйлийг хийдэг багш маань бүх л амжилтын минь ард байдаг. Манай пара таеквондогийн шигшээ баг гурван хүний бүрэлдэхүүнтэй. Мөн шигшээ багт хараахан багтаж чадаагүй ч пара таеквондогоор хичээллэдэг олон залуус байдаг.
-13 настайдаа ахуйн ослоор гараа тайруулсан охиноо биеэ дааж өөрөө бүхнийг хийж чаддаг хүн болгож өсгөсөн аав, ээжийгээ манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Миний аавыг Д.Хүрэлбаатар, ээжийг Н.Тунгалаг гэдэг. Архангай аймгийн уугуул хүмүүс. Боловсролын байгууллагаас тэтгэвэрт гарсан буурлууд бий. Би ээж, аав, хүүгийн хамт амьдардаг. Одоо хүртэл ээж аавынхаа гараас гараагүй л явна. Би 13 настай гараа тайруулаад ирэхдээ хүүхэд байсан учраас өөрөө нэг их сэтгэлээр унаж шантраагүй, нийгмээс гаргүй гэдэг нэр зүүж, гадуурхагдана гэж огт бодоогүй. Гэтэл тэр бүгдийг аав, ээж хоёр маань аль хэдийнээ мэдэж байсан. Тийм болохоор хэзээ ч надад өрөөсөн гаргүй гэдэг мэдрэмжийг төрүүлээгүй өсгөсөн. Жишээ нь би гараа тайруулаад эмнэлгээр явж байгаад гэртээ ирээд хичээлдээ явах гэтэл цагаан цамц маань хиртэй байсан. Тэгэхээр нь түмпэнтэй усанд хийгээд “Ээж ээ, миний цамц хиртчихэж” гэсэн чинь “Аан тийм үү, угаа угаа” гэсэн. “Би гаргүй юм чинь яаж угаах юм бэ” гэж дотроо бодсон хэдий ч хэлж чадаагүй. Гэтэл ээж гарч яваад орой болтол ирдэггүй. Аргагүйн эрхэнд хөлөөрөө дарж байгаад нэг гараараа нухаж үзтэл болж байна. Ингээд өөрөө нухсаар байгаад цамцаа угаагаад тавьчихсан. Өөрөө угаасан цамцаа хараад баярлаад сууж байтал ээж ирж харчихаад, буруу хараад уйлаад суугаад байж билээ. Тухайн үед ээжийгээ яагаад уйлаад байгааг ойлгоогүй. Гэтэл одоо бодоход угаагаад өгөх сэтгэл байсан ч өөрөө хийж сурах ёстой учраас хичнээн сэтгэл нь өдвөж байсан ч угааж өгөөгүй. Одоо энэ тухай ээжид хэлэхээр “Өө тэгж байсан билүү” гээд нулимсаа залгидаг. Яг тэгж цамцаа угаагаад би бүгдийг өөрөө хийж чадах юм байна гэдгээ ойлгосон, бүхий зүйлд өөртөө итгэх итгэлээ олж авсан. Тэр үед ээж миний цамцыг угаагаад, намайг юм хийж чадахгүй гээд миний урдуур орж юм хийдэг байсан бол би өдийд энэ зэрэгтэй явахгүй байсан. Тийм болохоор тухайн үед ээждээ гомдож байсан ч одоо бол маш их баярладаг. Энэ завшааныг ашиглаад аав, ээж хоёртоо үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.
-Одоо хүү нь зургаан настай гэсэн. Танд их эрч хүч бэлэглэнэ биз?
-Миний хүү чинь миний цэнэглэгч шүү дээ. Жаахан шантрах, ядрах зүйл гарвал хүүгийнхээ зургийг хараад л сэргээд ирдэг. Одоо тусд ороод ээжийнхээ үсийг самнана, биеэнд бариа хийнэ. Хичнээн ганц бие ээж ч гэсэн сайхан бүхнийг хүүгээсээ мэдэрдэг. Спортоор хичээллээд амжилт гаргах хөшүүрэг нь хүртэл хүү минь. Амьдралын сайн, сайхан бүхий л зүйлийг ээж болсноороо мэдэрсэн дээ.
-Гараа тайруулчихаад сэтгэлээр унаж гутраагүй гэлээ. Танаас асар их сэтгэлийн тэнхээ мэдэрч байна?
-Хүнд яг тийм зүйл тулаад ирэхээр сэтгэлээр унахаасаа даваад гарах нь л чухал байдаг юм билээ. Бас дутуу байхын онцгой тал нь энгийн хүнээс илүү сэтгэдэг. Жишээ нь би гутлаа үдэхдээ найзаасаа хоцрохгүй байхын тулд яаж үдэх хэрэгтэй вэ гэдгийг аль эрт боддог. Энгийн хоёр гартай байсан бол тэрийг шууд үдчихнэ шүү. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс аливаа зүйлийг урьдчилж бодоод үр дүнг нь гаргачихаад хийдэг. Тийм болохоор эцсийн үр дүн нь ямар ч байсан давж гарах чадвартай, хатуужилтай болсон. Би энэ чадвараа спортоосоо олж авсан. Надад спортоос өөр талархах ёстой нэг зүйл байдаг. Тэр бол “Herbalife nutrition” эрүүл зөв хооллолтын клуб юм. Би энд хоёр килограмм жин хасч чадахгүй ядаргаанд орчихоод ирж байсан. Тэр үед “Herbalife nutrition”-ын эрүүл зөв хооллолтын зөв лөхүүд намайг тосч аваад надад тусалсан. Одоо би өөртөөгөө адил тамирчдад хооллолтын тал дээр зөвлөгөө өгөх хэмжээний мэдлэгтэй болсон.
-Таны үндсэн мэргэжил нягтлан бодогч шүү дээ. 2015 онд тамирчин болоод мэргэжлээрээ ажиллахаа больсон гэв үү?
-Тийм. Ажлаа хийгээд хажуугаар нь бэлтгэлээ хийхэд хүндрэлтэй байсан учраас тууштай бэлтгэлээ хийхээр шийдээд ажлаасаа гарсан. Энэ талаараа холбооныхоо удирд лага болон Л.Отгонбаатар багш даа “Би бэлтгэлээ хийхийн тулд ажлаасаа гарлаа. Миний эцсийн зорилго олимпийн аварга байх болно. Мөн одоо оролцох тэмцээндээ ч аварга нь байна” гэж хэлж байсан. Одоо багш маань “Чи ёстой аймар охин. Зөв өшиглөлт хийдэг эсэхийг нь сайн мэдэхгүй хүн би аварга болно гэж хэлээд орж ирэхэд нь айж байсан. Ямар аймар зоригтой, өөртөө итгэлтэй юм бэ. Энэ одоо зөв өшиглөж чадах байгаа л гэж бодсон” гэж хэлдэг. Тэгээд л бүх цагаа таеквондод зориулсан даа.
-Ажлаасаа хүртэл гараад бэлтгэл хийгээд явж байхад санхүүгийн асуудал тулгарч байв уу?
-Санхүүгийн асуудалтай тулгараагүй тамирчин ховор байх аа. Би анхны Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэтэл багш “Туяа чиний Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах зардал дутаад байна. Чи өөрөө дутуу мөнгөө олохгүй бол Азийн аварга шалгаруулах тэмцээнд явж чадахгүй чиний хэдэн сарын бэлтгэл чинь үр дүнгүй болох гээд байна. Дутуу мөнгөө ол” гэсэн. Тэгэхэд нь би уйлаад “Өө спорт гэдэг чинь мөнгөгүй бол явж чадахгүй, мөнгөтэй нь явдаг юм уу. Би явахгүй ээ” гээд гараад явж байлаа. Яг тухайн үед ажилгүй байсан учраас гурав хоногийн дотор мөнгө олно гэдэг хэцүү санагдаж байсан. Уурлаж гарч яваад бодсон “Би заавал явах ёстой юм байна” гэж бодоод харьяа дүүрэгтээ хандаж үзье гээд Чингэлтэй дүүрэгтээ хандсан. Тэгтэл дүүргээс “Дарга өөртэй чинь одоо уулзъя гэж байна” гээд дуудсан. Очоод уулзтал тухайн үеийн Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд гуай “Хүүхэдтэй, 26 настай. Гэхдээ мундаг байна. Амжилт гаргаж чадах уу. Ээжээ” гэж асуусан. Би “Чадна. Та надад итгээд явуулчих би алтан медаль аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд л миний зардлыг хурдан шийдэж явуул гэж туслахдаа даалгаад явуулж байсан. Д.Ганболд гэдэг тэр хүний ачаар анхны тэмцээндээ явсан учраас маш их баярлаж явдаг. Тухайн үед мөнгө олдоогүй бол би магадгүй шантарч ч болох байсан.
-Одоо амжилтаа гаргаад эхэлсэн учраас хүмүүсийн дэмжлэг нэмэгдсэн биз?
-Анхны тэмцээндээ явах гээд зар дал хайж байснаа бодоход дэмж лэгтэй болсон. Шигшээ багийн та мирчин болж, улс болон пара таеквондогийн холбоо, “Алдар” спорт хороо гээд олон газар дэмждэг болсон. Мөн нутгийн ах А.Батбаяр маань өөрийн чадах бүхий л зүйлээрээ дэмждэг. Тийм болохоор намайг дэмждэг ах дүү, хамаатан садан, найз нөхөд, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн хамт олон, Монголын пара таеквондогийн холбооныхондоо баярлалаа гэж хэлмээр байна. Ер нь л таеквондо хэмээх нэгэн гэр бүлд багтддаг бүх хүмүүст баярлалаа. Та бүгдийнхээ итгэлийг алдалгүй “Токио-2020”-д ам жилттай оролцохын төлөө хичээх болно. -Хоёулаа яриагаа энэ хүрээд өндөрлөе. “Токио-2020” олимпоор зорилгодоо заавал хүрээрэй? -Заа баярлалаа. Зорилгодоо хүрэхийн төлөө хичээх болно.