Ургац хураалтын ажил явагдаж, шинэ ургацын ногоо хэдийнэ худалдан авагчдын гарт хүрээд эхэлжээ. Бид өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ судлахаар иргэдийн олноороо үйлчлүүлдэг “Барс” болон “Хүчит шонхор” захыг зорилоо. Биднийг “Хүчит шонхор” зах дээр очиход үйлчлүүлэгч харьцангуй бага байв. Гэсэн хэдий ч борлуулагчид шинэ ургацын ногоо эрэлттэй байгааг онцолж байсан юм. Өчигдрийн байдлаар төмс нэг кг нь 1000-1500 төгрөг, лууван 2000-2500 төгрөг, сонгино 1500-2500, байцаа 1000 төгрөг, помидор 4500 төгрөгийн үнэтэй байв. “Хүчит шонхор” захын худалдаачин Г.Батбуян “Шинэ ургацын ногоог баяр наадмын дараагаас хурааж эхэлсэн. Бид ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнөөс худалдаалж эхлээд байна. “Хүчит шонхор” захын хувьд Сэлэнгэ, Зүүн хараа, Төв аймгийн Жаргалант сумаас ирсэн хүнсний ногоог голчлон худалдаалж байна” гэлээ. Ногооны худалдаачдаас өргөн хэрэглээний ногооны үнэ ханш өнгөрсөн жилтэй харьцуулахад ямар байгаа талаар асуухад олонх нь “Хуучин ногоогоо худалдаалж бүрэн дуусаагүй. Шинэ ногоо бүрэн гараагүй байгаа учраас үнэ хэлбэлзэлтэй байна. Гэхдээ өмнө жилийнхээс харьцангуй хямд байгаа” гэдгийг онцолж байсан юм.
“Хүчит шонхор”-оос гараад бид Барс худалдааны төвийг зорилоо. Хүчит шонхор”захыг бодвол хөл хөдөлгөөн харьцангуй ихтэй байсан ч бидний зорьж ирсэн хүнсний ногооны тасагт үйлчлүүлэгч цөөн байлаа.
Тэнд байх худалдаачид худалдаалж буй шинэ ургацын хүнсний ногоогоо Сэлэнгэ, Төв аймгаас оруулж ирдгээ онцолж байв. Тус худалдааны төв дээр өчигдрийн байдлаар төмс кг нь 1500 төгрөг, лууван 3000 төгрөг, сонгино 2000 төгрөг, байцаа 2000 төгрөгөөр худалдаалагдаж байв.
Худалдаачин Г.Бадамцэрэн “Ногоо хураалт чинь их хэцүү ажил шүү дээ. Үүнийг ойлгодоггүй хүмүүс хүнсний ногоо үнэтэй байна гэж гомдоллодог. Харин ч бид шинэ ургацын ногоогоо боломжийн үнээр худалдаалж байгаа гэж боддог” хэмээлээ. Харин хүнсний ногооны үнэ, ханшийн талаар худалдан авагчид ямар бодолтой байгааг лавлахад иргэн Л.Очирпүрэв “Барс” худалдааны төв бусад захыг бодвол цэвэрхэн учраас үйлчлүүлэхэд амар байдаг. Үнийн хувьд ч боломжийн санагддаг учраас өргөн хэрэглээний хүнсний ногоогоо эндээс худалдан авдаг” хэмээж байв. Бид “Барс” захаас гарч, ард нь байрлах бөөний худалдааны дэлгүүрүүдээр үнийн судалгаагаа үргэлжлүүллээ. “Хүнсний ногоо бөөний үнээр” гэсэн хаягтай жижиг дэлгүүрээр ороход төмс кг 1000 төгрөг, манжин 1500, өргөст хэмх 3000, помидор 4500, манжин 1500, байцаа 1000 төгрөгийн ханштай байв. Харин нэг шуудай төмс 25 мянгаас 30 мянган төгрөгийн ханштай байлаа. Түүнчлэн есдүгээр сар гараад шинэ ургацын ногооны үнэ буурдгийг хүнсний ногооны худалдаачид онцолж байлаа.