Монголын рок попын домог "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
“Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж "Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Үүн дээр тэдний цоо шинэ цомог нэмэгдэн, худалдаанд гарахад бэлэн болсон байна.
Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” хамтлаг саяхан болсон “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулан дуулсан.
Тус хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдан танилцаж, "Соёмбо" хамтлагт хамт тоглох болсон байна. Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж, 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулжээ. 2016 онд "Алдрын од" шагнал хүртсэн хоёр дахь хамтлаг болсон бөгөөд Соёлын Төв Өргөөний орчимд тус хамтлагийн хүндэтгэлийн самбар одоог хүртэл буй.