Засгийн газрын 2017 оны 62 дугаар тогтоолын дагуу энэ жилээс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулах, худалдан борлуулах, ашиглахыг хориглосон.
Түүхий нүүрсийг Улаанбаатар хотод оруулахыг хориглосонтой холбоотойгоор Засгийн газраас “Тавантолгой түлш” компанийг байгуулж, хорт утаа, угаар бага ялгаруулдаг, өндөр илчлэгтэй шахмал түлш үйлдвэрлэх ажлыг хийж эхлээд байгаа юм. Шахмал түлшний нөөц наймдугаар сарын гуравны өдрийн байдлаар 155,600 тонн хүрээд байгаа бөгөөд түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр борлуулж байна.
Харин өнөөдрөөс шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн тоог нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж эхэлжээ.