П.Пүрэв
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал гурван жил дамнан яригдаад одоо шувтрах шинжиндээ орчихлоо. Ингэж хэлэх шалтгаан бол дээгүүрээ бараг учраа олчихоод байгаад нь юм. Ерөнхийлөгчийн хувьд дахиад нэг нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэмжээтэй саналаа УИХ-д өгчихөөд байгаа. Үүн дээр Зөвшилцөх ажлын хэсгийг УИХ-аас гаргаж яг энэ өдрүүдэд зөвшилцөл нь явагдаж байна. Бас Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ хамтарч судлаач, улстөрч, иргэдийн төлөөллийг оруулсан таван хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийсэн. Энэ долоо хоногоор зөвшилцөх ажил дуусч ирэх даваа гарагаас УИХ үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажилд нийтээрээ идэвхтэй оролцоорой гэж уриалсан нь Ард нийтийн санал асуулга явагдвал саналаа өгөөрэй гэсэнтэй адил сонсогдож байлаа. Түүнээс хойшхи хурал, хэлэлцүүлгүүд дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай талаар үг хэлэх болсон. Тэгэхээр энэ зөвшилцлийн ажлын хэсэг тохирчих юм бол Ерөнхийлөгч дэмжинэ гэдэг нь илэрхий байна.
Харин энэ олон хурал, зөвшилцөл улс төрийн намуудыг “амь” орууллаа. Сонгуулийн үеэр л гарч ирдэг намууд Төрийн ордны хэлэлцүүлгээр хөлхөж, эрх баригчдыг шүүмжлэх, магтахын завсар явж байна. Ер нь эрх баригчаас бусад намууд “Нэг нам үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу” гэсэн байр суурь үе үе илэрхийлдэг. Харамсалтай нь, нэг нам олонх үедээ л Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхгүй бол урагшилдаггүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдсан. АН-ын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгт суугаагүй.
Харин өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, түүнд нь дурдсан саналыг хүлээгээд авчихвал хэлэлцүүлэгт оролцоно гэдгээ илэрхийлсэн. Тус мэдэгдэлд “Нэгдүгээрт, парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХаас сонгодог болох, хоёрдугаарт, төрийн эдийн засаг, санхүү төсвийн сахилга бат, хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх асуудлуудыг тусгах, гуравдугаарт, ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах” гэжээ.
Хэрэв энэ саналуудыг хүлээж авахгүй бол зөвшилцлөөс гарч хэлэлцүүлэгт орохгүйн дээр Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн юм. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулж болно гэсэн заалт байдаг. УИХ-ын зарим гишүүд “Нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй. Хойтон жил сонгуультай. Ойр ойрхон хоёр сонгуулийн хэмжээний зардал гарах болчихоод байна.
Шинэ Үндсэн хууль хийж байгаа тохиолдолд бол санал асуулга явуулж болно” гэж байр сууриа илэрхийлээд байгаа. УИХ-д үнэмлэхүй олон эрх баригчдаар Үндсэн хуульд өөрчлөлт хийлгэхгүй байх бараг ганц арга нь Ард нийтийн санал асуулга хийлгэхээр шахаж, түүнд иргэд идэвхтэй оролцохгүй байлгах сурталчилгаа явуулах болов уу. Харин МАХН-ын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа нь хууль зөрчсөн явдал гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэг удаа “Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц өөрөө Журмын тухай хуулийнхаа хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн. Гишүүдийн гарын үсгээр зурсан эх, хэлэлцэж байгаа эх хоёр зөрж байна. Тэгэхээр өргөн бариагүй эхийг хэлэлцэж байна гэсэн үг” гэж байлаа.
МАХН-ын хувьд Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл гэдгийг санаачлаад багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэв хойтон жилийн сонгуулиар олонх болж чадвал түүнийгээ зүтгүүлнэ гэдэг алсын төлөвлөгөөтэй. Харин өнөө жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийчихвэл дахин энэ асуудлыг найман жил сөхөхгүй байх хуультай. Энэ өнцгөөс сэрдэх юм бол МАХН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлт дээр эсрэг байр суурьтай байгаа болов уу.
Ер нь парламентад суудалгүй арав гаруй нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ УИХ-ын даргатай уулзахдаа илэрхийлж байна лээ. Тухайлбал, Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд, Иргэний ЗоригНогоон намын дарга Ц.Ганхуяг, Ард түмнээ хайрлая намын дарга Д.Гүндалай, Эх орон намын дэд дарга И.Эрдэнэбаатар, Иргэний Хөдөлгөөн намын дэд дарга Д.Сүхжаргалмаа, Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Дэлхийн монголчууд намын дарга Г.Тэмүүжин, Хамуг Монгол хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга М.Ганзориг, Монголын либериал намын дарга Н.Чулуунбаатар, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нар дэмжсэн үг хэлж байсан. Нөгөө талд МАХН-ыг дэмждэг бас арав гаруй нам бий.
Тэдний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд таатай хандахгүй байгаа. Парламентад суудалгүй тэдгээр намууд хойтон жилийн сонгуульд МАХН-ыг түшээд үзэх санаатай байгаа байх. Үндсэн хуулийн өөрчлөлт бол эрх баригч намын сонгуулийн амлалт төдий зүйл биш. Цаг хугацааны явцад засах, өөрчлөх шаардлагатай зүйлсийг шингээх хэрэгцээ үүссэнийг улстөрчид ч, судлаачид ч хэлдэг. Зөвшилцлөөр Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч чадвал бусад намуудын дуртай дургүйгээс үл шалтгаалж УИХ-д 64 суудалтай эрх баригч нам хүсвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчээр хийгээд явчих ч боломжтой. МАН-ын хувьд хойтон жилийн улс төрөө бодоод бусад намуудынхаа саналыг аваад гэм халгүй, аль болох зөвшилцөлтэй ажиллах бодолтой байгаа нь үйл ажиллагаанаас нь харагдаж байна. Харин түүнийг нь дагуулаад улс төрийн парламентад суудалгүй намууд амь орлоо. Бүр дотроо дэмжих, дэмжихгүйгээрээ хуваагдсан тухай ч дуулдаж байна.
Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал дагаад Сонгуулийн тухай хуулиас эхлээд 30 гаруй хуулийг яаралтай өөрчлөх болно. Түүнд нь тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Тэгэхээр эрх баригчдын хувьд өөрсдөд нь бүрэн хүч байхад бусдынхаа амыг удаан хараад суугаад байх сонирхолгүй байгаа болов уу.