Монгол Улсын иргэн н.Тулгаа “Авьяаслаг Австраличууд” тэмцээнд урт гуалинтай үзүүлбэрээ үзүүлсэн нь үзэгчид, шүүгчдийг алмайруулсан үйл явдал боллоо. Тэрбээр энэ жилийн Улсын баяр наадамд гуалинтай үзүүлбэрээ Монголынхоо ард түмэнд үзүүлж, талын нүүдэлчин Монголчуудын хүч тэнхээг дэлхий нийтэд харуулж байсан билээ. Тэрбээр гуалинтай үзүүлбэрээ сүүлийн зургаан жилийн турш давтсан юм байна. Н.Тулгаа “Авьяаслаг Австраличууд” шоуны хоёр хөтлөгчийг урт гуалингийн үзүүрт бэхэлсэн савлууран сандал дээр суулган сэнсрүүлэх үед тэмцээний гурван шүүгч өөрийн эрхгүй босоцгоож “Бурхан минь, бурхан минь” хэмээн хашхиралдаж байв.