Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Отгонбаатараас цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эдэлбэрийн зориулалттай 32 шинэ газрыг албан ёсоор албажуулсан талаар тодрууллаа.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104.64 га газар, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон боловч зарим байршлуудад нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна.
86 байршилаас 17 газарт барилга байгууламж барьсан асуудал байгаа бөгөөд газар эзэмших эрх олгосон албан тушаалтанд хариуцлага тооцно.
Энэ нь уг байршлуудын хил зааг, эргэлтийн солбицлыг баталгаажуулаагүй, нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгээгүй, холбогдох байгууллагад хариуцуулаагүй, ашиглалтын байдалд тавих хяналт сул байсантай холбоотой юм.
Тиймээс энэ сарын 2-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн 32 байршлыг “Нийтийн эдэлбэр газар”-т хамааруулан тогтоож, нийтээр ашиглах, цаашид бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэлээ.
Цаашид уг 32 газарт барилга бариулахгүй, арчлалт хамгаалалт, тохижилтын ажлыг дүүргийн засаг дарга нартай гэрээ байгуулан жил бүр дүгнэн ажиллах юм.
Жишээлбэл, 2017 онд УДЭТ-ын урд талын газар эзэмших эрхийг НЗД-ын А91 тоот захирамжаар “Улаанбаатар Капитал” ХХК олгосон байдаг. Түүнчлэн Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд тал, МУИС-ийн хичээллийн 2-р байрны урд тал, Централ таурын урд талбай, Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг аж ахуйн нэгжид олгосон байсныг хүчингүй болгон нийтийн эдэлбэр газарт хамруулсан. Цаашид дүүргүүдэд байгаа нийтийн эдэлбэр газрыг үе шаттайгаар албажуулна. Дээрх 32 газрыг эргэлтийн цэгээр нь газрын мэдээллийн санд бүртгэж байна.