Сибирь болон Алс Дорнодод дэгдсэн ойн түймрийг тав хоногийн дотор унтраана гэж тооцоолж байгаа тухай “Известия” сонин мэдээлжээ. Красноярскийн хязгаарт гарсан түймэртэй тэмцэхэд “Ил-76” загварын 10 нисэх онгоц болон ус асгагч тусгай төхөөрөмж суурилуулсан цэргийн тээврийн 10 нисдэг тэрэг ашиглахаар болсон байна. Гал унтраах нислэгүүд орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 10.00 цагт (Москвагийн цагаар өглөөний 6.00 цагт) эхэлсэн байна. Зөвхөн Красноярскийн хязгаарт гэхэд нисэх онгоцуудыг гал унтраахад ашиглахад 350 сая рубль шаардлагатай гэж тус хязгаарын захирагч Александр Усс ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хамтран зохион байгуулсан зөвлөгөөний үеэр мэдээлжээ.
Гал түймэртэй тэмцэхэд Засгийн газрын нөөц сангаас нэмж хөрөнгө гаргана гэж Медведев мэдэгдээд, хамгийн гол нь түймэр суурингуудад тархахаас урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг онцолсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гал түймэртэй тэмцэхэд нэгдэхийг Батлан хамгаалах яамандаа долдугаар сарын 31-нд үүрэг болгосон. Түймрийг унтраахад 2700 хүн, 390 нэгж техник, 28 нисэх онгоц оролцож байгаа аж. Долдугаар сарын 31-ний байдлаар, ОХУ-д дэгдсэн ойн түймэр нийт 2.8 орчим сая га талбай хамраад байгаа юм.
Үүнээс Якутын тайгад дэгдсэн түймэр 1.1 сая га хамраад байгаа бол Красноярскийн хязгаарт сая орчим га, Эрхүү мужийн газар нутгийн 700 мянга гаруй талбай түймэрт автжээ. Түймэртэй холбогдуулан таван бүс нутагт онц байдал тогтоогоод байгаа. Эрхүү муж, Красноярскийн хязгаар болон Якутад байдал хүнд байгаа бөгөөд Сибирь, Өвөр Байгалийн хязгаарын зарим хот түймрийн утаанд автжээ. “Greenpeace” байгууллагын мэдээлснээр энэ улиралд Орост 12 сая гаруй га ой шатсан бөгөөд энэ нь Португалийн нутаг дэвсгэрээс ч том талбай юм.
Эдгээрээс хамгийн өргөн хүрээг хамарсан нь Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Якутад одоо асч байгаа түймэр аж. Өнөөдрийг хүртэл ойн түймрийн ердөө 10 хүрэхгүй хувийг л унтраасан бөгөөд үлдсэн хэсэг нь учруулж болзошгүй хохирлоос түймэр унтраах зардал их байгаа үед түймрийг унтраахгүй байж болно гэж бүс нутгийн эрх баригчид үзсэн учраас хүний гар хүрэхгүй, шатсан хэвээр өнөөг хүрчээ. Ер нь хүрэхэд хэцүү бүст асч буй болон унтраах зардал нь өндөр тусахаар байвал ой хээрийн түймрийг суурин хүн ам эсвэл дэд бүтцийн объектуудад аюул занал учруулсан тохиолдолд л унтраадаг аж.
Мөн бүс нутгийн эрх баригчид болон аврагчид хөрөнгө мөнгө хангалтгүй байгаа энэ үед байгалийн түймрийг унтраах нь асар өндөр зардал дагуулна гэдгийг ч мэдэгдээд байсан юм. Галын аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн тооцоолж үзсэнээр дунд зэргийн идэвхжилттэй нам дор газрын гал түймрийн нэг га талбайг унтраах өртөг 18 мянган рубль орчим байна. Гэхдээ галын байдал хэр хүндэрсэн, түймэр дэгдсэн газрын байдал, хүн хүчний тоо зэргээс ихээхэн хамаардаг аж. Тухайлбал, “Ми-8” нисдэг тэрэгний нислэгийн нэг цаг нь 130-145 мянган рубль, “Ан-2” онгоцных 75 мянган рубль, “Бе-200” болон “Ил-76” зэрэг гал унтраах онгоцнуудын нэг цагийн турш ус цацахад 400 мян ган рублийн өртөгтэй байдаг гэнэ. Харин түймэр нэг минут тутамд 4000 рубль буюу 160 гаруй мянган төгрөгийн хохирол учруулдаг талаар өмнө нь Оросын Онцгой байдлын яамны тэргүүн мэдэгдэж байлаа. Сибирийн түймрийн ихэнх хэсэг нь хяналтын бүсэд гарсан бөгөөд тийш гал сөнөөгчдийг илгээх нь өндөр өртөгтэй, үр ашиггүйн дээр газраар явагч техникүүдийг хүргэх нь зарчмын хувьд ямар ч боломжгүй гэнэ.