Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга, мэдээллийг сонслоо.
Хотын замын хөдөлгөөнийг бүсчлэн хувааж, татвараа төлдөггүй, торгуулиа төлдөггүй, техникийн улс үзлэгт хамрагддаггүй машинуудыг хотын төв рүү оруулахгүй байснаар замын хөдөлгөөнд ямар эерэг үзүүлэлтүүд гарах талаарх танилцуулгыг Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ.
Тэрбээр “2018 оны байдлаар Нийслэлд бүртгэлтэй автомашинуудын 20 хувь нь, 2019 онд 19 хувь татвараа төлөөгүй гэх тоон мэдээлэл гарсан. Техникийн бүртгэлд хамрагдаагүй, татвараа төлөөгүй, техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй хүмүүсийг хотын А, Б бүс рүү оруулахыг хориглосноор хотын төвд замын түгжрэл 20 буурч, осол аваар болон түгжрэл бөглөрлийн тоо буурна. Мөн замын хөдөлгөөний журам, хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна” гэдгийг хэллээ.