2050 он гэхэд дэлхий даяар цэвэр усны хэрэглээ 40 гаруй хувиар нэмэгдсэнээр дэлхийн хүн амын дөрөвний нэг нь цэвэр усны хомсдолд орно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгджээ. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд үг хэлэхдээ “Усны хүрэлцээ хангамж бүх бүс нутгуудад муудаж, НҮБ-ын гишүүн 193 орны дөрөвний гурван хувь нь хөрш зэргэлдээ орнуудтайгаа гол нуурын сав газрыг хуваан хэрэглэж байна” хэмээгээд ундны усны төлөө зөрчил тэмцэл үүсэхээс сэргийлэхийн тулд НҮБ-аас дипломат бодлого хэрэгжүүлэхэд бэлэн гэдгийг онцолжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг удирдаж буй Боливи Улсын Ерөнхийлөгч Ево Моралес “1947 оноос хойш ундны устай холбоотойгоор улс орнуудын хооронд 37 удаагийн зөрчил гарсан. Манай эх дэлхий, хүн төрөлхтөн, дэлхий дээр оршин байгаа амьтай бүхэнд усны хомсдолд орох аюул нүүрлээд байгаа бөгөөд ирэх арван жилд байдал улам дордох төлөвтэй байгаа” гэжээ. Их Британийн Элчин сайд Мэтью Рикрофт “Сомалид болсон ган гачгийн улмаас хоол хүнс хомсдож, өлсгөлөн нүүрлээд байгаа, мөн зүүн хойд Нигерид цэвэр усны дутагдалд орсны улмаас олон мянган хүн өвчин зовлонд нэрвэгдэж байгаа зэргээс үзэхэд манай дэлхий усны хомсдолд орсноор ямар их аюултай тулгарч болохыг ойлгож болно.
Энэ асуудлыг дэлхий нийтээрээ шийдэхийн тулд улс дотор болон улс орнуудын хооронд усны аюулгүй байдлыг сайжруулахын тулд хөгжингүй орнуудын зүгээс хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна” гэжээ. Этиопийн Элчин сайд Такеда Алему “Нил мөрний дагуу оршдог зургаан улсын хооронд зөрчил байсаар байна. Эдгээр орон Нил мөрний усыг ашиглах талаар гэрээ байгуулахын тулд 13 жилийн турш хэлэлцээ хийсэн. Энэ гэрээнд зургаан улс гарын үсгээ зурсан бөгөөд гурван улс соёрхон батлаагүй байна” гэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч дэлхийн хэмжээнд цэвэр ус болон ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг мэдэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хоёр тэрбум хүн бохир ус хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий. Аргагүйн эрхэнд бохир ус уусны улмаас жил бүр олон зуун мянган хүн амиа алддаг байна.
Тус байгууллагын Олон нийтийн эрүүл мэндийн газрын тэргүүн Мария Нейра “Өнөөдөр дэлхийн хэмжээнд бараг хоёр тэрбум хүн бохир ус ундандаа хэрэглэж байна. Үүний улмаас булчин задрах тахал, цусан суулга, гэдэсний хижиг, саа зэрэг өвчний тархалт нэмэгдэж байна. Аргагүйн эрхэнд бохир усыг ундандаа хэрэглэж байгаагийн улмаас цусан суулгаар л гэхэд жилд 500 мянга орчим хүн амиа алдаж байна” гэв. Дотооддоо зөрчил тэмцэлтэй байгаа орнуудад 180 сая хүн ундны усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа ажээ. Зөвхөн Йемень Улсад л гэхэд 15 сая хүн ундны усны дутагдалд ороод байгаа бол Сири Улсад 6.4 сая хүүхэд, есөн сая гаруй хүн цэвэр усны хомсдолд ороод байгаа ажээ.
Нигерийн зүүн хойд нутгийн зөрчилтэй бүс нутагт цэвэр усны нөөц, ус дамжуулах байгууламжийн 75 хувь нь гэмтэж, эвдэрч сүйдсэн тул 3.6 сая хүн ам цэвэр усны үйлчилгээ авч чадахаа больжээ. НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн амь нас уснаас хамааралтай байдгийг сануулж, хүчирхийлэл, дүрвэлт, зөрчил тэмцэл, тогтворгүй байдал нүүрлэсэн орнуудад усны хэрэгцээг хангах тал дээр яаралтай арга хэмжээ авч туслахыг олон улсад уриалжээ. 2030 он гэхэд ядууралд цэг тавих, хүмүүсийн аж амьдралыг сайжруулах, ариун цэврийн байгууламжаар бүх нийтийг хангах зэрэг асуудлыг тусгасан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 онд баталсан. Дэлхийн банкны тооцоолсноор, улс орнууд эдгээр зорилтод хүрэхийн тулд дэд бүтцийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаа гурван дахин нэмэгдүүлэх шаардлагатай аж.