Ц.Даваасамбуу
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “CBS” агентлагийн Гейли Кингтэй хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Яриагаа “Becoming” номын талаар эхлүүлье гэж бодож байна. “Becoming” бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номын тоонд багтаад байна. Одоогийн байдлаар дэлхийн найман улсын 31 хотод худалдаалагдаж байгаа. Яг хэчнээн хэл рүү орчуулагдаад байгаа вэ?
-40 гаруй хэл рүү орчуулагдаад байна.
-Тэгэхээр дэлхий даяараа энэ номыг уншиж байгаа юм байна?
-Хүмүүст яг өөрсөд шиг нь энгийн нэг хэн нэгний тухай түүх дутагдаж байх шиг санагдсан. Би номоо Лондон, Парис эсвэл Копенгагенд худалдаалагдахаас илүүтэйгээр яг бидэн шиг өнгөт арьст хүмүүсийн түүх тэр тусмаа орчин үед өнгөт арьст эмэгтэйчүүдэд боломж байгаа шүү гэдгийг өөрийнхөө түүхээр дамжуулан хүргэхийг зорьсон.
-Би “Becoming”-ийг гурван удаа уншсан. Миний хамгийн дуртай хэсэг бол 17 дугаар бүлгийн 250 дугаар хуудас. Яг энэ 17 дугаар бүлэгт болсон үйл явдлыг та хэрхэн бууж өгөлгүйгээр, сөхрөлтгүйгээр туулсан бэ?
-17 дугаар бүлгийг бичихэд надад үнэхээр хүнд байсан. Одоо ч гэсэн энэ хэсгийг дахин уншихад хэцүү санагддаг. 17 дугаар бүлэгт яг сонгуулийн кампанит ажил өрнөж байсан тухай гардаг. Өмнөх бүлгүүдийг бичихдээ өөрийн амьдрал туулсан бүхнийхээ талаар шударгаар бичиж байсан учир надад харьцангуй амар ямар ч хүндрэл тулгараагүй. Харин улсаа хайрладаггүй эмэгтэй, ууртай хар эмэгтэй, Обамагийн хүүхэд зэрэг хоч зүүж байсан үеийнхээ талаар бичнэ гэдэг амаргүй байлаа. Үндэсний телевизээр нөхрийг минь элдвээр хочилж байсан хүмүүстэй хамт зураг татуулахдаа би инээдэг байв. Интернетэд намайг эрэгтэй, эмэгтэй аль нь эсэхийг асуусан хачирхалтай зүйлийн талаар ч сонсож байлаа. Америкийн одоогийн Конгрессын гишүүд надаар доог тохуу хийж байсан. Энэ бүхнийг би аль болох инээмсэглэн өнгөрөхийг хичээдэг байв. Гэхдээ сэтгэл зүрхээрээ нэгдэн олон нийтийн амьдралд орж эхэлснээс минь хойш намайг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй гэж хүндэтгэдэг хүмүүс ч байсан гэдгийг мартаж болохгүй.
-Мэдээж энэ талаар хамгийн түрүүнд ярилцдаг хүн нь Обама байсан уу?
-Тийм ээ. Харин тэр надад “Бид зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Зорилгоо биелүүлэхэд чи бидэнд хэрэгтэй” гэж хэлдэг байсан.
-Номоо бичиж эхэлсэн анхны өдөр ямар байсан бэ. Энэ бол маш чухал мөч шүү дээ?
-Цагаан ордноос нүүснээс хэдэн сарын дараа ном бичих санаа төрсөн юм. Обама аяллаар явчихсан, Малиа коллеждоо харин Саша найзуудтайгаа уулзахаар гарсан байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жилийн хугацаанд би анх удаа гэртээ ганцаараа байсан юм. Яг энэ үед би өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг ч удаа гал тогооны өрөөндөө талх шараагүй гэдгээ мэдсэн шүү.
-Яриагаа Обама та хоёрын анхны уулзалтын талаар үргэлжлүүлье?
-Хуулийн фермд би түүний зөвлөгч буюу чиглүүлэгч байсан. Анх түүний танилцуулгыг хараад Харвардаас ирсэн ухаалаг өнгөт арьс залуу байна даа л гэж бодож байсан. Би Чикагогийнх тэнд Жон, Жеймс л гэж байхаас биш Барак Обама гэсэн нэр ч байхгүй. Түүнчлэн бид Хавайд өнгөт арьстан байдаг ч гэж бодож байгаагүй. Анх уулзаад намайг Обама гэдэг би Хавайгийнх гэхэд нь жаахан эв хавгүй л санагдаж байлаа. Тэр дадлага хийх гэж байгаа газраа эхний өдрөө хоцорч ирсэн анхны өнгөт арьстан байх аа. Хоцорч ирээд юу ч болоогүй мэт “Уучлаарай би жаахан хоцорчихлоо л гэсэн”. Тухайн үед би яг юу хэлэхээ ч мэдээгүй.
-Барак Обама та хоёр гэрлээд хэдэн жил болж байна вэ?
-27 жил болж байна.
-Та хоёр гэр бүлийнхээ болон харилцааныхаа талаар илэн далангуй ярьдаг. Ер нь хэр олон удаа гэр бүлийн зөвөлгөө авч байсан бэ. Обама танаас хоёулаа хамтдаа зөвөлгөө авахаар явах уу гэж асууж байсан удаа бий юү?
-Үгүй дээ. Тэр өөрсдөө асуудлаа шийдэхийг илүүд үздэг. Нөгөө талаас Барак бол маш сайн асуудал шийдвэрлэгч. Би өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ харилцааны талаар 12 болон 13 дугаар бүлэгтээ нэлээн дэлгэрэнгүй бичсэн байгаа. Үнэндээ бидэнд хэзээ ч хэн нэгний тусламж хэрэг болж байгаагүй. Гэхдээ бас бидэнд ямар нэгэн асуудал тулгарах үед хэн нэгнээс тусламж авах хэрэгтэй юм болов уу гэсэн бодол төрдөг үе байсан. Хүмүүс гэрлэлтийг сонголт гэдэг. Бид өдөр бүр ямар нэгэн байдлаар сонголт хийдэг. Гэхдээ нөгөө талаас гэрлэлт бол багийн спорт. Миний нөхөр бол миний хамтрагч. Хэрвээ бид ямар нэг тэмцээнд ялсан бол миний хамтрагч ч хүчирхэг, сайн байсан гэсэн үг. Түүнчлэн гэрлэлт ижил тэгш байдал дээр тогтдог.
-Та гэрлэлтийг ижил тэгш байдал дээр тогтдог гэлээ. Үүнийг тайлбарлавал?
-Эрх тэгш байдал гэдэг бол түрийвчний нимгэн, зузаанаар хэмжигдэх зүйл биш. Өөрөөр хэлбэл хэн нь хэр их мөнгө олдогтой огтхон ч хамаагүй.
-Та нэг ярилцлагадаа улстөрчийн эхнэр байна гэдэг амаргүй талаар дурссан байдаг?
-Тэргүүн хатагтай болсондоо гайхширч бас сэтгэл түгшиж байсан хэдий ч энэ бүхнийг энгийн, элбэг хангалуун байхын нэр гэж бодож байсан удаагүй. Би Обамаг жирийн нэг оффисийн ажилтан байхыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс өөр зүйлд хүчээ үз. Үүнээс илүүг хийх боломж чамд бий гэх зэргээр хурцалдаг байсан. Учир нь би маш авьяаслаг, чадварлаг нэгэнтэй гэрлэсэн гэдгээ мэдэж байсан юм.
-Та номондоо аавынхаа талаар дурссан байсан. Та одоо 55-тай. Харин аав тань таны насан дээр хорвоог орхисон шүү дээ?
-Миний аав бүхий л зүйлээ надад болон миний ахад зориулсан жирийн нэг цэнхэр захтан байсан. Аав маань 55-хан насандаа өвчний улмаас хор воог орхисон. Магадгүй Цагаан ор донд байхдаа эрүүл мэндийн салбарт ихэд анхаарал хандуулж байсан маань ч үүнтэй холбоотой байх.
-Саша, Малиа хоёр бусадтай харьцуулахад энгийн хүүхдүүд шиг л амьдарч, сурч байна. Таны охидууд өсгөх арга барил юу?
-Барак Обама ч би ч бусдын адил л өсч, хүмүүжсэн. Миний ээж манай гэр бүлтэй хамт амьдардаг. Тэр надаас нэг удаа “Мишель энд яагаад ийм олон хүн байгаа юм бэ” гэж асуухад нь би чинь Мишель Обама шүү дээ гэсэнд тэр “Тэгээд, тэрчмнь надад огтхон ч хамаагүй” гэсэн. Охидуудаа өсгөхөд ээжийн маань нөлөө их бий. Түүнчлэн би охидуудынхаа хажууд нь үргэлж хамгаалагч байлгахыг хүсээгүй. Анхны үнсэлтийнх нь хажууд хамгаалагч хараад зогсож байвал ямар санагдах уу.
-Та хамгийн сайхан амьдралаар амьдарч байгаа гэдэгтээ хэр итгэлтэй байдаг вэ?
-Обамагийн гэр бүлийн бүх зүйл сайхан байна. Түүнчлэн бид дэлхий дээрх хамгийн мундаг, шилдэг ажлын нэг болох Ерөнхийлөгчийн албыг хашаад, Цагаан ордонд ч амьдарч үзсэн. Мөн жирийн нэгэн өнгөт арьст эмэгтэй бусдад дуу хоолойгоо хүргэж чадлаа.
Эх сурвалж:
https://www.cbsnews.com/news/michelle-obama-book-interview-gayle-king-becoming-michelle-obama/