СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-07-31

Б.Цэдэнсодном: Сумын начин болоод өөрийгөө том бөх болчихлоо гэж бодоод харьж байлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

М.Дуламсүрэн

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул аймгийн арслан Б.Цэдэнсодном улсын харцага Х.Гантулгаар тав давж улсын начин цолны болзол хангасан билээ. Тэгвэл энэ удаагийн “Шинэ цолтон” буландаа улсын начин Б.Цэдэнсодномыг урьж ярилцлаа.

-Юун түрүүнд Монгол Улсын начин хэмээх эрхэм цолыг хүртсэнд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Үндэсний бөхийн спортоор хичээллэж, бэлтгэл сургуулилт хийснийхээ үр шимийг хүртэж улсын цолтой бөхчүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна.

-Хоёулаа таны бага наснаас яриагаа эхлэе. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрж, өссөн шүү дээ?

-Би Зүүнбаян-Улаан сумандаа хөдөө малын захад өссөн. Ээж, аавдаа тус болж, үе тэнгийн найз нөхөдтэйгөө ноцолдож өссөн. Хоёр эмэгтэй дүүтэй айлын ганц хүү. Тийм ч учраас ээж, аав хоёр бага байхад л “Хүүгээ барилдуулна бөх болгоно” гэдэг байсан. Тэр үгийг нь сонсож өссөн болохоор өөрөө ч бөхөд сонирхолтой болж өссөн дөө.

-Одоогоос арван жилийн өмнөөс барилдаж эхэлсэн гэдэг. Анхны зодоглосон барилдаанаа дурсвал?

-2009 оны сүүлч 2010 оноос эхлэн барилдаж эхэлсэн. 2010 онд анх удаагаа сумынхаа наадамд зодог шуудаг өмсч зодоглоод сумын начин цол хүртсэн юм. Тэр жил уг нь сумын наадамд морио уралдуулах гэж очсон. Юун сумын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртэнэ гэж бодолгүй яваад орой нь сумын начин болоод гэртээ харихдаа их л баяртай байж билээ. Сумын начин болсондоо их урамшаад “За би ер нь бөх болж чадах юм байна” гэж бодсон. Тэгээд намар нь хичээл ороод чөлөөт бөхийн секцэнд явж эхэлсэн дээ.

-Анхны багш тань хэн гэж хүн байдаг вэ?

-Миний анхны багш Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, чөлөөт бөхийн спортын мастер Л.Мөнхжаргал гэж хүн байдаг. Багштайгаа 2009 оны тамирчдын баяраас хэдхэн хоногийн өмнө танилцаж байсан. Багш тамирчдын баярын өдөр чөлөөт бөхийн үзүүлэх тоглолт хийх гээд өндөр хүүхэд хайж байгаад надтай таараад “Чи барилдах дуртай юу. Чөлөөт бөхийн мэх давтаад үзүүлэх тоглолтод оролцоод өгөөч” гэсэн. Тэгээд хэд хоног чөлөөт бөхийн мэх техник давтаад анх удаа чөлөөтийн тирко өмсөөд аймгийнхандаа үзүүлэх тоглолт үзүүлсэн дээ. Уг нь багш намайг намар хичээл орохоор ирж бэлтгэл хийгээрэй гээд явуулсан юм. Би намар хичээл орсон хойно бэлтгэлд очихгүй явж байгаад л багштай таарна. Хааяа бэлтгэлд очно. Тэгсээр байгаад ахиад хавар болоод хичээл амарсан. Харин 2010 оны намраас нэг ч бэлтгэл таслалгүй явж эхэлсэн. 

-2016 онд аймгийн харцага цол хүртэхдээ энэ жил Бүх цэргийн наадмын үзүүр түрүүнд үлдсэн Т.Дүгэрдорж арслантай таарсан байдаг байх аа?

-Тийм. Энэ бас сонин тохиол шүү. 2016 оны Дорноговь аймгийн баяр наадмын зургаагийн даваанд Дүгэрдорж бид хоёр тунаж барилдаад би давж аймгийн харцага болж байлаа. Харин энэ жил зургадугаар сарын 9-нд Бүх цэргийн баяр наадмын үзүүр түрүүнд үлдэж Т.Дүгэрдорж маань давж аймгийн арслан цолны болзол хангасан. Миний хувьд жилийн турш бэлтгэл сайн байсан учраас Бүх цэргийн наадамд түрүүлж хурц чимэг хүртэхийг зорьж байсан. 

-Аймгийн арслан цолыг 2017 онд Өвөрхангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж авсан. Энэ жил улсын наадамд хоёр дахь удаагаа зодоглоод 2019 оны баяр наадмын ууган начин болж хамгийн түрүүнд туг тойроход юу бодогдсон бэ?

-Хүүхэд байхад л улсын цол аваад туг тойрч байгаа хүнийг харахаар их сайхан санагддаг байсан. Тийм болохоор энэ жил улсын цолонд хүрч есөн хөлт цагаан тугаа тойрох юмсан гэсэн хүсэл их байсан. Тав давчихаад тугаа тойроод гүйж байхдаа хамгийн түрүүнд улсын начин цолны болзол хангаж байгаагаа мэдэх сөхөөгүй баяртай байсан. Дараа нь бодоод энэ жилийн ууган улсын начин болсноо ойлгосон.

-Баяр наадмаар хийсэн барилдаануудынх нь тухай яриач. Аймгийн арслангуудад хамгийн халгаатай хоёрын даваанд Дорнод аймгийн арслан Д.Ариунмөрөнтэй оноолт таарсан?

-Хоёрын давааны төгсгөл дээр шилдэг аймгийн арслангууд хоорондоо таардаг. Бүгд л улсын цол авах зорилготой байдаг. Тэгэхээр сэтгэлзүйн бэлтгэлтэй л байх хэрэгтэй гэж боддог. Энэ жил өөрийгөө сэтгэл зүйн хувьд сайн бэлдээд хэнтэй нугарах болоо гэсэн бодолтой сууж байтал Д.Ариунмөрөнтэй оноолт таарлаа гээд дуудсан. Гарахдаа ер нь зоригтой барилдана л гэж бодож гарсан. Тэгээд 30 секунд орчим болоод давсан.

-Гурвын даваанд улсын заан Т.Санчирыг давсан. Т.Санчир зааны хувьд өнгөрсөн хавраас “Их монголын хүчтэн” дэвжээний багшаар ажиллаж эхэлсэн шүү дээ?

-Т.Санчир зааны хувьд миний багш, мөн миний ах. Тийм болохоор “Ямар ч байсан дүүгээ тунаанаас гаргаж өгье. Дээшээ сайн барилдаарай” гээд гурвын даваанд намайг амлаж барилдсан. Ахаараа гурав давсандаа баяртай байна. Дөрвийн давааны оноолтоор улсын гарьд Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ эсвэл улсын заан Н.Жаргалбаяр, Б.Сайнбаяр гэсэн бөхчүүдтэй таарах магадлал өндөр гэж бодсон. Гэтэл улсын заан Б.Батмөнхтэй таарсан. Барилдахаар гарахад багш нар “Шийдэмгий барилдаад, өөрийнхөө хийдэг мэхийг л хийгээрэй” гэж захисан. Түүнийх нь дагуу ямар ч зай өгөлгүй урагшаа явж барилдаад давсан. Тавын давааны хувьд аварга, арслангууд авах нь уу, эсвэл тунаанд үлдэх нь гэж бодоод сууж байсан. Тэгтэл нутгийн харцага Х.Гантулга ахыг барилдах бөхөө амлахаар очиход нь намайг хүн амлаагүй байж таараад тэр хүн том ухаан гаргаж “Нутгийн дүүгээ амлая” гээд амласан. Тиймээс улсын харцага Х.Гантулга ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Зургаагийн даваанд таарсан бөх маань аварга болоход начин болсноосоо илүү их баярласан. Уначихаад тахимаа өгөхдөө “За миний найз түрүүлээрэй” гэхэд Э.Оюунболд “За” гэж хэлээд л гүйсэн. Бөхчүүд наадмын түрүү бөхтэй битгий таараасай гэж боддог гэсэн. Яалт ч үгүй л түрүү бөхтэй таарсан. Хийе гэсэн бүхнээ хийсэн ч болоогүй. 

-Ер нь наадмын өмнөх начны тааварт байсан бөхчүүдээс ганц таныг л улсын цолонд хүрлээ гэсэн яриа гарсан. Наадмын өмнө начин болно гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Өнгөрсөн жил анх удаа барилдсаныг ч хэлэх үү урьд шөнө нь нойр хүрэхгүй гэгэлзэж хоноод өглөө нь цэнгэлдэх рүү ороход айхтар том юм руу орчихож байгаа юм шиг л санагдаж байсан. Энэ жилийн хувьд бол үнэхээр тайван байсан. Бүх цэргийн баяр наадамд үзүүрлээд чимэг нэмсэн. Тэр эрчээ алдалгүй улсын цолонд хүрэх юмсан гэсэн бодолтой байсан. Мөн бөх цэргийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд тухайн жилдээ улсын цол авдаг бичигдээгүй хууль бий. Тэр утгаараа би их бэлэгшээж байсан. Бүх цэргийн наадамд түрүүлсэн бөхчүүдийн 90 гаруй хувь нь, үзүүрлэсэн бөхчүүдийн 80 гаруй хувь нь улсын цол авдаг гэдэг. Тэгэхээр би өөрийгөө цэргийн наадамд үзүүрлэсэн бөх улсын цол авдгийн нэг жишээ болсон болов уу гэж бодож байгаа. 

-Аав, ээж хоёрыг тань хоёулаа бөхийн удамтай хүмүүс байдаг гэж дуулсан. Аав, ээжийгээ бидэнд танилцуулаач?

-Манай аавыг Намсрайн Баянзул, ээжийг Суурийн Цэрэндолгор гэж малчин улс бий. Манай аав, ээж хоёр хоёулаа бөхийн удамтай. Тийм болохоор намайг бага байхад л аав “Миний хүү бөх болно. Гэхдээ барилдах болоогүй 16, 17 хүрч байж барилдана” гэдэг байсан. Аавын талаас хүмүүс сайн мэдэх бөх гэвэл улсын заан Т.Санчир ах байна. Ээжийн талаас улсын өсөх идэр начин Борын Алтанхуяг гэж сайхан залуу байгаад 1995 онд өөд болсон.

-Аав, ээж хоёр нь хүүгээ начин болоход хаана байсан бэ?

-Аав, ээж хоёр хөдөө гэртээ бөхөө зурагтаар үзсэн. Гэхдээ энэ жил аав, ээж хоёрт совин байсан юм уу гэмээр долдугаар сарын 7,8-нд утсаар яриад “Аав, ээж хоёр нь энэ наадмаар хот орж Төв цэнгэлдэхэд бөх үздэг юм уу гэж яриад байна” гэж хэлсэн. Даанч хөдөөний хүмүүс чинь мал ахуйгаа орхиод ирж амжихааргүй болоод ирээгүй. Харин оронд нь аав, ээж хоёр нь “Телевизээ томруулаад 32 инчийнх болгочихлоо. Очиж амжихгүй юм чинь том дэлгэцээр бөхөө хараад наадъя даа” гэж хэлсэн. Тэгээд л аав, ээж хоёр том телевизээрээ гэртээ бөхөө үзсэн дээ.

-Улсын начин болоод очиход аав нь юу гэж байна бэ?

-Аав их баярласан даа. Намайг начин болоод л шөнө дунд наашаа гараад яваад ирсэн. Гэртээ сууж чадахааргүй л их баярласан байгаа юм. Аль долдугаар сарын 7,8-нд наашаа явах гээд байсан хоёр хүн чинь улсын начин болсон хойно яаж гэртээ сууж тэсэхэв. Тэгээд долдугаар сарын 13-нд Бугын сангийн аж ахуйд бэлтгэл дээр ирээд баяр хүргэсэн. Хөдөө аав ээж маань байдаг, намайг бөх болно гэж итгээд явуулсан, яах гэж би хотод байгаа билээ гэж бодоод л цүнхээ аваад гэрээсээ гардаг байсан. Энэ хичээсэн жаахан хөдөлмөрөө үнэлүүлж начин болчихоод аав ээждээ үнсүүлэх хамгийн сайхан байлаа.

-Тамирчин хүний гэргий ар талыг нь бүрэн авч явдаг гэдэг. Гэр бүлийн хүнээ бидэн танилцуулахгүй юу?

-Би эхнэр хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. Манай эхнэр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул М.Бадамхантан гэж бүсгүй бий. Манай хүн ар гэрийн бүх л асуудлыг хариуцна. Би чинь эхнэр хүүхэдгүй хүн шиг гадуур бэлтгэлээ хийгээд, ажлаа амжуулаад явдаг. Миний тэгж явж байгаагийн ард талд эхнэр минь байдаг. Бэлтгэлээс ирэхэд хоол бэлэн, хөлстэй хувцсыг минь угаана, хүүхдүүдээ харна, миний ар асуудлыг зохицуулах гэх мэт бүх зүйлсийг л хийнэ. Ер нь гэртээ гэр бүлтэйгээ бүтэн өдрийг өнгөрүүлэх нь тун ховор. Тамирчин хүнийг ойлгож, тэвчиж амьдарна гэдэг сайхан сэтгэлтэй хүний л хийх ажил гэж би боддог. 

-Та түрүүнд хальт дурсаад өнгөрсөн анх сумын наадамд зодог шуудаг өмсч гараад сумын начин цол хүртсэн гэж. Тэр наадмынхаа талаар дэлгэрэнгүй яриач?

-Бололгүй яахав. Тэр наадам миний сэтгэлээс гардаггүй юм. 2010 онд 17 настай хүүхэд сумынхаа наадамд морь уяад морьтойгоо л ноцолдоод байсан юм. Гэхдээ хавар аав, ээж хоёр зодог шуудаг авч өгсөн байсан. Тэрийгээ яг наадамд явахдаа бүслээд, хусуур сойтгоо бүсэндээ хавчуулаад, ганц соёолон үрээгээ хөтлөөд, морины хүүхдээ дагуулаад явлаа. Бид хоёр чинь нэг л их том уяач явж байгаа шүү дээ. Тэгсэн ээж “Ганц морьт уралдаанч, ганц дээлт барилдаанч гэдэг шиг л юм явлаа” гээд манайхан ард инээлдээд үлдэж байсан гэдэг. Одоо бодоход араас нь харвал бөх, урдаас нь харвал уяач шиг хоёр нөхөр явсан байгаа юм. Тэгээд тэр наадамд үрээгээ 13-т дахиулаад, өөрөө барилдаж үзүүрлэж сумын начин боллоо. Буцахдаа нөгөө хоёр чинь нэг нь цолтой, нөгөөх нь байтай. Би чинь сумын начин болоод өөрийгөө том бөх болчихлоо гэж бодоод л харьж байлаа. Хамгийн хөгжилтэй нь тэр үед миний унаач байсан хүүхэдтэйгээ энэ жил цагаан сараар аавынд таарлаа. Тэгээд би “Миний дүү одоо хэдэн настай болсон бэ” гэсэн чинь 26 гэж авдаг юм. Юун ах бид хоёр чацуу байсан байна лээ. Тэр үед жижигхэн биетэй хүүхэд байж. Тухайн үед би уяач хүн гээд л унаачаа 12, 13-тай байх гэж бодоод л “Мориныхоо амийг ингэсэнгүй, тэгсэнгүй” гээд нөгөөхөө загнаад байж л дээ.

-Таны одоогийн багш улсын арслан Д.Ганхуяг байх аа?

-Тийм. 2011 онд нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Их монголын хүчтэн” дэвжээндээ хааяа очиж бэлтгэл хийдэг байсан юм. Тэр үед багш “Чи энд бэлтгэл хийж бай, битгий бэлтгэлээ таслаад бай, алга болчихоод байх юм” гэж хэлдэг байсан. Тухайн үед тэр мундаг хүн намайг бэлтгэл хийлгэх гээд байгааг мэдэхгүй оюутан сургууль дээрээ бэлтгэлээ хийчихээд л яваад байсан. 2013 оны намар Өвөрхангай аймгийн Хархорин суманд Т.Санчир ахын улсын зааны мялаалга наадмын үеэр шийдээд л багш дээрээ очсон. Тэгээд “Багшаа би сургуулиасаа гарлаа, хичээлдээ явахаа болиод тань дээр очиж бэлтгэл хиймээр байна” гэхэд багш “Бэлтгэлээ таслахгүй гэвэл хүрээд ир” гэсэн ингэж л анх багш шавь болж байсан даа. Одоо бол энэ хүний гарын шавь л болоод байна.

-Тэгэхээр аравдугаар ангиасаа л тууштай бэлтгэл хийж эхэлсэн юм байна. Тухайн үед аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байв уу?

-Өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс самбо, чөлөөт бөх, жүдо гурваар гурвуулангаас нь нэг жил алтан медаль авсан. Тэгээд л дараа жил нь оюутан болоод өсвөр үеэс хасагдчихсан. Оюутан болоод чөлөөт бөхийн залуучуудын улсын аваргаас хүрэл авсан, самбо бөхөөр мөнгөн медаль авсан. Өөрөөр барилдаж медаль авч байгаагүй.

-Урилга хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Цаашид хүрэхээр тавьсан зорилгодоо хүрээрэй. Спортын өндөр амжилт хүсье?

-Баярлалаа. Өмнөө том зорилго тавьсан байгаа. Түүндээ хүрэхийн төлөө хичээх болно. Миний амжилтын ард байдаг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. “АПУ” ХК хамт олон, захирал Ц.Эрдэнэбилэг, “Саруулсайхан тал” ХХК захирал н.Алтангэрэл нартаа баярлаж явдгаа хэлье. Та бүхнийг бөхийн босоо хийморь үргэлжид ивээж байх болтгуай.

Эх сурвалж: updown.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.