Олон нийтийн сүлжээгээр Хөвсгөл аймагт цас орлоо гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ талаар Ус, цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Манай байгууллагад Хөвсгөл аймагт цас орсон гэсэн мэдээлэл ирээгүй. Тус аймагт шөнөдөө сэрүүн хонож байгаа учраас цас орсон байхыг үгүйсгэхгүй. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын цаг уурын станцад одоогоор цас орсон мэдээлэл тэмдэглэгдээгүй байна” гэв.
Наймдугаар сард агаарын тем пературын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим дулаархыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ирэх сарын нэг, хоёрдугаар арав хоногийн эхээр баруун аймгуудын нутгийн зарим газраар, дунд үеэр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нийт нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд гуравдугаар арав хоногийн эцсээр зарим газраар салхи 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа юм.