Сибирт ойн түймэр гарсны улмаас Красноярскийн хязгаар, Эрхүү муж болон Буриадад онц байдал тогтоосон талаар ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.
Түймрийн хамрах талбай нэмэгдэж, Сибир болон Алс Дорнодын бусад бүс нутгийн хот, тосгод утаанд автаж, иргэд угаартаж, эмнэлэгт хандах нь эрс нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар гурван сая орчим га тайга түймэрт өртөж, 500 голомт бүртгэгдээд байгаа аж. Түймрийг өргөн хүрээ хамрахаас өмнө урьтаж ямар ч арга хэмжээ авсангүй гэх шүүмжлэл Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн зүгээс орон нутгийн удирдлагуудад ирж байгаа аж. Харин уг шүүмжлэлтэй холбогдуулан Красноярск хязгаарын тэргүүн Александр Усс хүрэхэд хэцүү газрууд дахь ойн түймрийг унтраах ямар нэг арга хэмжээ авахгүй байх нь дэлхий нийтийн жишиг, түймэр байгалийн жамаараа унтардаг гэх тайлбар өгчээ.. Тэрбээр “Хүрэхэд хэцүү газар түймэр дэгдсэн. Жил бүр түймэр дэгдэж л байдаг. Манайд ч дэлхий дахинд ч гардаг байгалийн үзэгдэл. Ийм хүрэхэд хүндрэлтэй газруудад гарсан гал түймрийг манайд ч, Канад, Америк, Мексикт ч байгалийн жамаар нь унтраадаг” хэмээсэн байна.