СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Мөнхчулуун: Би С.Амарсайханаас илүү туршлагатай болохоороо л Нийслэлийн Засаг даргад нэр дэвшсэн юм

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунтай триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн дээр таарч ярилцлаа.

-Та триатлоны спорттой яаж анх холбогдсон бэ?

-Триатлоны тэмцээнийг би гэр бүлийнхээ хамт дөрөв дэх удаагаа ирж үзэж байна. Энэ бол маш их тэсвэр хатуужил шаардсан спорт. Охин маань энэ төрлөөр хичээллэж, усанд сэлж, дугуй унах бэлтгэлийг хийж байгаа учраас би ирж үзүүлдэг.

-Та өөрөө энэ тэмцээнд оролцож байв уу?

-Оролцоогүй. Сонирхож ирээд, улмаар хүүхдүүдээ үзүүлээд явж байдаг. Охин маань оролцоод эхлэхээр би хамт оролцоно гэж бодож байгаа.

-Та триатлоны гурван төрлийн аль нэгээр хичээллэдэг үү?

-Тухайлан хичээллэсэн зүйл байхгүй ч аль аль төрлөөр нь хичээллээд явж байдаг. Усанд сэлнэ, гэр бүлийнхэнтэйгээ дугуй унана гэх мэт.

-Таны улс төрийн замнал маш сонирхолтой мөртлөө ээдрээтэйгээр үргэлжилж байна гэж би хардаг? Та энэ онд Нийслэлийн Засаг даргад залнаас нэр дэвшин сонгогдсон мөртлөө томилогдож чадаагүй тийм үү?

-Шууд заланд сууж байгаад нэрээ дэвшүүлсэн зүйл биш л дээ. Ер нь нэр дэвшье гэж боддог байсан. Нийслэлийн Засаг даргаар заавал дээрээс томилогдож ирсэн хүн, эсвэл УИХ-аас ирсэн хэн нэгэн болж болохгүй шүү дээ. С.Амарсайханаас би илүү туршлагатайн хувьд болохоор хурлын заланд өөрийгөө Нийслэлийн Засаг даргад нэр дэвшсэн.

-Та 2009 онд Өмчийн харилцааны газраас ажлын гараагаа эхлээд улмаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын даргаар бас хэсэг ажилласан. С.Амарсайхан та хоёрын эрдэм мэдлэг, ажил амьдралын туршлагын гол ялгаа нь юу байв?

- Би төрийн албанд мэргэжилтнээс эхлээд дүүргийн тамгын газрын даргаар ажилласан. Иргэдийнхээ дунд орж ажиллаад үзчихсэн, төрийн ажил яаж явдаг8 ямар байдлаар асуудлыг шийддэгийг мэддэг гэсэн үг. Мөн НИТХ-д гурван жил байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай учраас өөрийгөө тэр хүнээс илүү ажиллана гэж бодсон.

-Та Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын  даргаар ажиллаж байх үедээ долоон саяар шинэ жил тэмдэглэж, дөрвөн саяар шилэн аяга авсан зэрэг зөрчил гаргасныг аудит тогтоосон байсан?

-Нэг сайт дээр тийм зүйл гарсан байсан. Тэр гэхдээ аудитын зөрчил биш л дээ. Дүгнэлтэн дээр худалдан авах ажиллагааны зүйлийг бичсэн байсан. Зөрчил гэж тооцоогүй.

-Зөрчил гэж тооцоод эргэн төлүүл гэсэн шийдвэр гарсан юм биш үү?

-Үгүй үгүй. Зөрчил гэж тооцоогүй. Цаашид ийм зүйл гаргахгүй байхад анхаар л гэсэн байсан. Төрийн байгууллагад адилхан л иргэд ажиллаж байгаа шүү дээ. Тус дүүрэгт нийтдээ 8000 албан хаагч ажилладаг. Тэр мөнгө нь төсөвтөө суучихсан ажил учраас холбогдох журмын дагуу ашигласан.

-Тэр үед Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарчихсан байсан. Төсөв алдагдалтай байгаа учраас төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээс бусад бүх зардлыг тэвч гэсэн захирамж байсаар байхад та тийм их мөнгөөр шинэ жил тэмдэглэснийг би тухайн үед гайхаж л харж байсан?

-Долоон сая төгрөг байсан эсэхийг мэдэхгүй. Эхлээд иргэдийн хурлын шийдвэр гарч, Засаг даргын захирамж гардаг. Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд би төсвийн шууд захирагчийн хувьд гүйцэтгэсэн, гарын үсэг зурсан л асуудал.

-Таныг улс төрд хэн анх татаж оруулсан бэ? НИТХ-ын даргад нэр дэвшээд С.Амарсайханд ялагдаж байсан Д.Баярсайхан таныг анхнаас нь бэлтгэж, улс төр рүү хөтөлсөн гэх яриа байдаг. Энэ үнэн үү?

-Хүмүүс яриад байх шиг байгаа юм. Хүмүүсийг татаж оруулна гэдгийг би ойлгодоггүй. Би анх төрийн албанд орохдоо ТАХ-ийн шалгалт өгөөд л орж байсан. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга болохдоо л улс төрд татагдсан. Намайг ажиллаж байх үед хамтарсан засагтай байсан учраас болж бүтэхгүй зүйлийг өөрчлөхийн тулд өөрөө улс төрд орж байж шийдвэрлэдэг гэдгийг ойлгосон. Монголын төр нь өөрөө Монгол Улсын менежер учраас иргэдийнхээ амьдралын менежментийг хийх ёстой байтал харин ч бүр иргэдийнхээ эсрэг ажилладаг болчихсон. Төрийн албан хаагчаар ажиллаж байх үед минь хэлдэг байсан. Төрийн албан хаагч ялсан намын төлөө үйлчлэх ёстой. Тэрнээс биш би энэ намыг дэмждэг, тэр намыг дэмждэг гээд хийхгүй байж болохгүй гэх асуудал гардаг байсан. Би энэ бүхнийг цэгцлэхийг л хүсэж улс төрд орсон.

-Та төрийн захиргааны албан хаагч байхдаа жаахан дүрсгүй байсан юм шиг санагддаг. Яагаад вэ гэхээр 2009, 2016 онд согтуугаар жолоо барьж яваад баригдсан. Хүн зодож шийтгүүлсэн гэх баримт мэдээлэл гарч байсан. Энэ дээрээ тайлбар өгөөч?

-Ямарваа нэгэн сонгуульд өрсөлдөхдөө хүмүүс ирээдүйд юу хийх гэж байгаагаар бус харин гүтгэж харлуулахын төлөө л ажилладаг болж. Над дээр олон хүн ирдэг байсан. Таны өрсөлдөгч ийм хар хүн байна энийг нь гаргаач гэхээр би үгүй гэдэг байсан. Би таны яриад байгааг баримт гэж хэлэхгүй. А4 цаасан дээр жагсаагаад биччихсэн зүйл л байсан.

-Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сангийн зургийг хэвлэсэн байсан л даа?

-Тэр бол албан ёсны зүйл байгаагүй ш дээ. Яахав тэгж харагдах зүйл байсан. Би 2012 оноос хойш огт жолоо бариагүй. Жолоочтой байсан. Тиймээс согтуугаар жолоо барьсан зүйл огт байхгүй. Намайг харлуулах гэж тэмцсэн хүмүүсийн л ажил.

-Хүн зодож, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан асуудал нь цагдаагийн байгууллагаар эцэслэгдээд танд бас тодорхой арга хэмжээ аваад дуусчихсан асуудал байсан?

-Хүн зодсон ямар ч асуудал байхгүй. Та тэрийг шалгаж болно. Яахав миний дүүгийн нэг асуудал гарсан. Сэлэм гэх асуудал. Дүү нь танхай байгаа юм чинь ах нь бас тийм байх ёстой гэж гаргасан асуудал л байх. Түүнээс тийм зүйл огт байхгүй.

-НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан та хоёрын улс төрийн шийдэл нэлээн анхаарал татахуйц үйл явдал болсон. Та хоёр хоёулаа С.Амарсайхан даргатай мөргөлдөөд унасан? Энэ үйлдэл чинь зохион байгуулалттай юу?

-Д.Баярсайхан нийслэлийн намын бодлогоор НИТХ-ын даргад нэр дэвшсэн юм. Дүүргийнхээ ИТХ-ын төлөөлөгчөөр олон сонгогдсон, даргаар нь ажилласан туршлагатай учраас намын нэрээр нэр дэвшсэн. С.Амарсайхан тэгэхэд залнаас өөрийнхөө нэрийг нэг хүнээр дэвшүүлүүлээд өрсөлдсөн.

-С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын алиных нь үйлдэл жүжиг байсан юм?

-. Нийслэлийн намын тэргүүлэгчдийн хуралд Д.Баярсайхан, Ш.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан, С.Амарсайхан гэдэг дөрвөн нэр орж хэлэлцэгдээд эхний гурвыг дээш нь дэвшүүлж, С.Амарсайхан хасагдсан байдаг. НИТХ дээр Ж.Батбаясгалан, Ш.Төмөрбаатар нэрээ татмагц хажуугаас С.Амарсайханыг нэр дэвшүүлж, саналын тоо тэнцэж байлаа. Би тэр үед Нийслэлийн намын дэд дарга байсны хувьд С.Амарсайханд хэлсэн. Намын бодлогын хуралд нэр дэвшиж гараагүй байж дахин нэр дэвшиж болохгүй гэдгийг тухайн үедээ хэлж л байсан.

-Та Нийслэлийн Засаг даргаар сонгогдсоноосоо болж маш их хохирсон хүн. Засаг даргад таныг сонгочихоод байхад Ерөнхий сайд бодитой үндэслэлгүйгээр таныг томилохоос татгалзсан?

- Гэвч Ерөнхий сайдаас ирүүлсэн албан бичигт ямар ч үндэслэл тайлбар байгаагүй. Яагаад тэгснээ Ерөнхий сайд өөрөө мэдэх байх. Түүнээс биш таамгаар тэгсэн байх, ингэсэн байх гэх боломжгүй.

-Ерөнхий сайд та хоёрын дунд яг ямар асуудал байсан юм. Яагаад илт үндэслэлгүйгээр таныг томилсонгүй вэ?

-Би Ерөнхий сайдтай уулзах үед өөрийнх нь зүгээс татгалзах зүйлгүй. Харин намын бодлогоор татгалзсан гэж хэлсэн.

-Та Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон биш бүр намаасаа хөөгдсөн. Танай нам таныг үзэн ядах болсон шалтгаан байсан уу? Намын бодлого л гэх юм. Яг тэр нь хэний бодлого юм?

-Нам гэдэг бол төлөөллийн, олон нийтийн байгууллага. 220 гаруй мянган гишүүнтэй. Түүнээс нь их хурал, бага хурал, хяналтын хороо нь байгууллагддаг. Тэр үед намын Хяналтын хорооны дарга надтай уулзаад чиний нэрийг намын бодлогоор дэмжээгүй. Дахин ийм асуудал гаргавал намаас хөөнө гэж хэлсэн.

-Хяналтын хорооны даргад тийм эрх байдаг юм уу?

-Өмнө нь энэ эрх тухайн шатны намын хороонд байдаг байсныг хяналтын хороо өөр дээрээ татаж авсан. Өөр дээрээ татаж авсныхаа дараа гаргасан анхны шийдвэр нь намайг хөөх шийдвэр байсан.

-Таныг намаас чинь хөөхийн тулд тэр эрхийг Хяналтын хороо өөр дээрээ авсан гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлэх нь ч юу юм. Ямартай ч анхны шийдвэр нь намайг хөөх байсан. Тав дахь өдөр нь надтай уулзаад хөөнө гэдгээ анх хэлсэн. Би тэр үед хэлсэн. Намайг дэмжсэн олон хүн байгаа болохоор би шууд больж болохгүй гэж хэлээд хариугаа өгөөгүй. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэнгүүд намайг хөөх шийдвэр нь гарсан.

-Таныг Нийслэлийн Засаг даргаар сонгогдонгуут С.Амарсайхан болон түүний фракцын зүгээс ямар дарамтыг үзүүлсэн бэ?

-Ямар нэг бодитой дарамт ирээгүй. С.Амарсайхан бид хоёрын хувьд Засаг даргад л өрсөлдсөн хүмүүс болохоос биш хувийн өс хонзон байгаагүй. Намайг хөөх ажлыг Хяналтын хороо л хийсэн.

-Тэр хяналтын хороо гэгч нь тэгэхээр намын дарга, Ерөнхий сайдынхаа дээр гарчихсан. Төрийн дээр заларчихсан хүмүүс юм уу? Хэн юм бэ?

-Намын Хяналтын хороо нь намын их хурлаас сонгогддог. Намын даргын юм уу, удирдах зөвлөлөөс хараат бус, бие даасан хэлбэрээр ажилладаг байгууллага. Гэхдээ цаашид ингэж болохгүй. Төрийн дээр нам байж болохгүй. Намын гишүүнийг хөөж байгаа асуудал нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл ш дээ. Гэхдээ нэгэнт хөөх шийдвэр гаргахаад байхад би хөөгдөхгүй ээ гээд байгаад байж бас таарахгүй.

-Та намаасаа хөөгдсөнөөр улс төрийн намтраа дуусгасан гэж би харахгүй байна. Цаашид яах гэж байна?

-Миний өвөө, аав бүгд энэ намаар дамжсан. Миний өвөг дээдсийг энэ нам хэлмэгдүүлж байсан. Мөн энэ намаар дамжиж миний аав, өвөө ажиллаж байсан. Нэг зүйлийг хэлэхэд би намын гишүүн болох гэж улс төрд ороогүй. Харин өнөөдрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэж улс төрд орсон. Би Германд сурч байсан. Германд залуучуудад нь ажлын байр бэлэн, ямар ч асуудалгүй амьдардаг. Гэтэл энд өнөөдөр баян хоосны ялгаа ямар байна вэ? Энэ чигээрэээ хэдэн жил үргэлжилбэл Энэтхэг шиг болчихно шүү.

-Та их л зөв зүйлийн тэмцээд байгаа хүн юм байна. Гэвч нам чинь 2020 оны сонгуулиас өмнө таныг хөөх шийдвэрээ хүчингүй болгох найдвар байгаа юм уу?

-Миний хувьд өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч. Иргэдэд үүрэг амлалт өгч сонгогдсоны хувьд амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана. Харин миний хэлсэндээ хүрч чадсан эсэхийг иргэд сонгогчид маань л дүгнэнэ.

-Та тэгэхээр улс төрийн өөр намд орохгүй юм уу?

-Цаг хугацаанаас л болно. Ер нь бол өөр намд орох гээд янз бүрийн байдлаар сандраад байх зүйл байхгүй. Өнөөдрийн манай намуудыг та нар хардаг л байх. МАХН, МАН, АН-д үзэл баримтлалын ялгаа гэж алга. Аль аль нь бүлэглэл болчихсон. Түүнээс үзэл баримтлал зүүн, баруунаар ялгарахаа больсон. Ярьж байгаа зүйл нь яг ижилхэн, нэг л их нийгмийн халамж ярьдаг болж. Нам солино гэдэг нь нэр солихоос өөр ямар ч ялгаагүй болсон.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.