СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Андрей Кухарук: Шүүх хурлаас өмнө хэргийг хаадаг хязгааргүй эрх Монголын прокуроруудад байгаа нь буруу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын авлигын эсрэг сүлжээний зөвлөхүүд Монголд ирж, авлигатай тэмцэх Стамбулын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг Монголын Засгийн газар хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээг хийжээ. Авлигын эсрэг Монголын Засгийн газар хэрхэн тэмцэж байгаа, цаашид юун дээрээ анхаарах ёстой, олон улсын зүгээс Монголын Засгийн газарт заавал биелүүлэх ёстой ямар зөвлөмж хүргүүлснийг өнөөдөр танилцууллаа.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын эксперт Андрей Кухарук:

Бид Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад хийсэн Стамбулын авлигын эсрэг үнэлгээний тайланг танилцуулахаар ирлээ. Энэ хяналт шинжилгээ, үнэлгээний ажил өнгөрсөн онд эхэлсэн. Энэ ажлын хүрээнд иргэний нийгмий байгууллагууд, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай уулзаж, холбогдох мэдээллийг авсан. Бид мониторингийн хүрээнд цуглуулсан мэдээллийг боловсруулж, тайланг өнгөрсөн гуравдугаар сард Парист болсон Авлигын эсрэг сүлжээний хуралдаанд танилцуулж батлуулсан. Гормын дагуу тайланг хэлэлцэн баталсны дараагаар иргэд олон нийтэд танилцуулах учиртай. Үнэлгээний хүрээнд дөрвөн гол асуудлыг чухалчлан авч үзсэн. Үүнд:

1.       Монгол Улсаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг бодлого

2.       Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй байдал

3.       Авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял шийтгэл хүлээлгэж буй байдал

4.       Монгол Улсын улс төрийн намын санхүүжилтыг онцгойлон анхаарч шалгалаа.

Энэхүү тайланг өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд Монгол Улсад 29 зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжийг Монголын Засгийн газар заавал биелүүлэх үүрэг хүлээж байгаа. Ингээд ямар зөвлөмж хүргүүлснийг товч танилцуулъя.

АТГ нь төрийн байгууллагуудтайгаа маш тодорхой хамтарч ажиллах ёстой гэдгийг зөвлөсөн. АТГ нь иргэний нийгмийн байгууллагуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулж, авлигын эсрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд идэвхтэйгээр хамруулах ёстой гэж зөвлөсөн.  Хэдийгээр Монгол Улс Төрийн албаны тухай шинэ хуультай болсон боловч хуулиа чанд хэрэгжүүлж, шинэ төвшинд гаргах ёстой гэж зөвлөлөө. Төрийн албаны тогтвортой байдал, өрсөлдөхүйц чадвар, цалин урамшууллын тогтолцоог ил тод хүрэлцээтэй болгох асуудлыг шийдвэрлэх ёстой гэж зөвлөсөн.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Виталий Каско:

Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн цогц орчныг нэн даруй бүрдүүлэх шаардлагатай байна гэж үзсэн. Бизнесийн орчинд шударга байдлыг цогцлоох чиглэлээр Засгийн газар хангалттай ажиллахгүй байна. Хэдийгээр худалдан авалтын цахим цогц байдлыг бүрдүүлсэн боловч түүнийгээ зөв зохистой хэрэгжүүлэхгүй байна.

Шүүх, прокурорын шударга байдлын талаар хэдэн зүйл хэлье. Улс төрийн байгууллагуудаас шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэр гаргалтад хэт их оролцож байна. Шүүх засаглалын төсөв санхүү, хуваарилалт буурсан байгаа нь ажиглагдсан. Шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудал маш бүрхэг байна. Иймд мерит зарчимд нийцүүл гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. Прокурорын байгууллагын хараат бус бие даасан байдал хангагдахгүй байна. Доод шатны прокурорууд бие даан, хараат бус үйл ажиллагаа явуулах боломжийг хангаагүй байна. Прокурорын албаны босоо тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа боловч үр дүнд төдийлөн хүрээгүй байна.
Авлига, албан тушаалтнуудад ял шийтгэл оноох тал дээр нэлээн сайн ахиц гарчээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгадаа хээл хахуультай холбоотой асуудлыг нэлээн сайн зохицуулж өгсөн байна. Гэвч хэд хэдэн олон улсын нормыг орхигдуулжээ. Авлигын гэмт хэргийг үр дүнтэй шударгаар шийдвэрлэх байдлыг хааж, хөөн хэлэлцэх хугацааг хэт богино тавьж өгчээ. Халдашгүй байдлыг хэт ерөнхий тогтоосон байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэт богино байгаа нь гэмт хэрэгтнүүд ял шийтгэлээс цэвэрхэн мултрах боломжийг олгож байна. Ял шийтгэл хийсэн хэрэгт нь дүйцэхээргүй хөнгөн байна. Авлигын эсрэг ял шийтгэлийг чангатгах шаардлагатай. Өнөөдөр торгууль төдий л байна. Харин цаашид хүнд нөлөөлөх, айлгах хэмжээнд өндөр тавьж өгөх ёстой.

Улс төрийн намын санхүүжилт Монгол Улсад маш тулгамдсан боловч үүнийг зохицуулсан зүйл алга. У Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой цогц системийг нэвтрүүлэх шаардлагатай. Улс төрийн намууд тогтмол аудитад хамрагдаж, үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод болгох ёстой. Сонгуулийн санхүүжилт, тайлан нь бүрэн цогц найдвартай байж чадахгүй байна.

-Төрийн байгууллагуудын авлигад өртөмхий байдлыг шалгаж үзсэн үү? Төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгахад албан тушаал нь хаалт тээг болж байна уу?

-Төрийн албанд авлига ямар төвшинд байгааг бид өөрсдөө судалж тогтоодоггүй. Төрөл бүрийн байгууллагуудаас хийсэн судалгааны дүнд суурилж дүгнэлтээ гаргадаг. Халдашгүй байдалтай холбоотойгоор шалгагдахгүй байж байгаад хөөн хэлэлцэх дуусч магадгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг сунгах зөвлөмжийг Монгол Улсад өгсөн.

-Авлига авсан албан тушаалтанд торгууль оноосон байгаа нь авлигын хэргийг даамжруулж байна. Өчигдөр төрийн албан тушаалтнуудын өрөөнөөс их хэмжээний авлигын мөнгө хураасан бичлэг бас ил болсон. Ийм хэрэгт олон улсад яг ямар шийтгэл оноодог вэ?

-Торгууль ногдуулаад байгаа нь учир дутагдалтай төдийгүй, бүр аюултай. Ийм шийтгэл оноож байгаа нь авлигын гэмт хэргийг бүр өөгшүүлэх аюултай. Албан тушаал хаших эрхийг хасах, ял шийтгэл оноох хуулийн заалт байсаар байхад шүүгчид торгох ялыг оноогоод байгаа нь учир дутагдалтай. Олон улсад ийм төрлийн хэрэгт жишиг болгон тогтоосон ял байдаггүй. Их хэмжээний мөнгийг илрүүлсэн тохиолдолд авлигын аргаар олсон хөрөнгийг хураагаад зогсохгүй, өөрийнх нь хөрөнгийг давхар хурааж дахин үйлдэгдэхээс сэргийлэх ёстой. Монгол Улсад авлигын гэмт хэрэг шүүн таслах ажиллагаанд очихгүйгээр хаагдах тохиолдол маш их байна. 2018 онд энэ тоо 40 хувиар өссөн. Шүүн таслах ажиллагаанаас өмнө хэргийг шийдвэрлэх хязгааргүй эрх прокуроруудад байна.

-Монголын Засгийн газарт үүрэг болгосон дээрх 29 зөвлөмжийг хэдий хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй вэ? Хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар санкц арга хэмжээ авдаг вэ?

-Сүлжээний гишүүн улс бүр явцын тайлангаа жил бүр өгөх ёстой. Дараагийн хурал хоорондын зай таван жилийн хугацаанд гардаг. Энэ хооронд үнэлж дүнг гаргадаг. Таван жил хэт хол учраас шинэ аргачлалын дагуу жил бүр үнэлгээ хийнэ. Биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээ гэж байхгүй. Тайланг маш нээлттэй болгож, иргэд олон нийтээс шахалт үзүүлэх боломжоор хангадаг. Шинэ аргачлалын хүрээнд энэ ажлыг хийнэ. Цаашид улс орнуудыг эрэмбэлэх, шударга байдлыг ханган мөрдүүлж байгаа байдлаар нь жагсаана.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.