Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу усны түвшин 20 см-ээс дээш хурдтай нэмэгдэж, үерлэж байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг НОБГ-аас сэрэмжлүүлж байна.
Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд үер усны аюул хэр байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Нэргүйгээс тодруулахад “Ойрын өдрүүдэд шиврээ бороо орж байгаа тул үер усны аюул бага байна. Зарим зоорийн давхаруудад ус орчихлоо гэх дуудлага ирсэн. Он гарсаар зөвхөн Туул голд 14 хүн осолдсон. Маргаашнаас хэд хоног дулаарч байгаад ирэх сарын 3-наас хойш хэд хоног үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна. Иргэдийн хувьд Туул голын эрэг хавиар зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ялангуяа бага насны хүүхдээ гол руу дагуулж явахгүй байх, архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг дахин сануулж хэлье. Түүнчлэн автомашинтай иргэд баталгаатай гүүрэн гарц замаар зорчихыг анхааруулж байна” гэлээ.
Туул гол гэлтгүй, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэжээ.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, ААН, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Зургийг Туул голын Сав газрын захиргаа