Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа.
-Тамирчдын тэсвэр хатуужлыг шалгадаг триатлоны төрлийг та яагаад сонгож хичээллэх болов?
-Дэлхийн чиг хандлага ийм болчихлоо. Хүний бие, сэтгэлийн тэнхээг шалгасан, тодорхой хэмжээний эрсдэлтэй, тэр хэрээрээ сонирхолтой спортын төрлүүдийн нэг нь триатлон. Өнөөдөр аврагч ангийнхан сайн ажиллаагүй бол хэд хэдэн хүн живчих шахлаа. Хүний амь нас эрстэх шахсан энэ үйл явдал нь өөрөө хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг юм байна. Өнөөдөр нэг охин шүдээ зууж гүйсээр байгаад барианд орж ирээд ухаан алдаж унахыг харлаа. Тэгээд эмч нар ирж иллэг массаж хийгээд босгож байх жишээтэй. Энэ сонирхолтой зүйлийг би давж гарлаа. Би бусдыг үлгэрлэх гэж уриалах гэж энэ төрлөөр хичээллэж байгаа. Түрүүлэх бол миний зорилго байгаагүй.
-Та өнгөрсөн жил триатлоны улсын аваргын тэмцээнд мөн түрүүлж байсан. Энэ спортын төрлөөр хичээллэж өөрийгөө ялан дийлэх гэж хичээгээд байгаа таны цаад шалтгаан юу вэ?
-Янз бүрийн ухаантай ном сургаалуудад бичсэн байдаг. Хүн өөрийнхөө бүх хүчээ шавхлаа гэж бодоход л цаана нь нэг хүч үлддэг гэж. Хүн ядарчихлаа, дуусчихлаа бодож болдоггүй. Больё гэж хэлж болдоггүй. Амьдралын энэ үнэнийг нээх нь том жаргал. Би өнгөрсөн гуравдугаар сард Хөвсгөл аймгийн Мөнхсарьдаг руу гарсан. Надтай хамт гарсан залуу хэлж байна билээ. Би 3500 м руу өгсөх замдаа өөрийгөө яг дуусчихлаа гэж бодож байтал цаана нь бас нэг хүч байдаг юм байна. Би өөрийгөө ялчихлаа гэж хэлж байсан. Хүн архи тамхи зэрэг буруу зүйлээр биш харин спортоор хичээллэж өөрийгөө ялан дийлэх ёстой.
-Та өнгөрсөн жилийн триатлоны улсын аваргад 76 гэдэг номертой оролцсон. Тэрийг хүмүүс харахдаа та УИХ-ын 40 дүгээр тойрогт ялж, 76 дахь гишүүн болж УИХ-д орж ирэх гэж хэлж харж байсан?
-УИХ-ын гишүүдийн тоо гэдэг асуудлыг Үндсэн хуульдаа тухайлан заачихсан. Гэвч УИХ-ын гишүүн заавал 76 байна гээд заачихсаныг биелүүлэхгүй байгаа. Тэр хоосон орон тооны цаана маш олон хүн төрд төлөөлөлгүй үлдэж хохирч байгааг хүмүүс ойлгох ёстой. Өнгөрсөн жил сугалахад 76 гэдэг тоо таарсан. Харин энэ жил 72 гэдэг тоо таарлаа. Надад оногдсон энэ тоогоо би нэртэй төртэй авч явах ёстой.
Энэ жилийн хувьд би эхний тэмцээнд усанд сэлэлтийн төрөлд оролцох үедээ больё гэдэг шийдвэрийг гаргасан. Хүчтэй салхитай өндөр давлагаатай байсан учраас би цаашид сэлэхэд хүндрэлтэй болсон. Хэд хэдэн живэх шахаад аврагдлаа. Бассейнд сэлэхээс гадна задгай усанд сэлэх эрдэмд суралцах ёстой юм байна гэдэг сургамж надад үлдлээ.
TRY TRI төрөл буюу дугуйгаар явах, гүйх төрөлд би оролцлоо. Өглөө тэмцээнээс хасагдсан олон залуучуудыг уриалж оролцлоо. Эхний төрөлд хасагдсан ч энэ төрөлд заавал барианд орно шүү уриалж сайхан оролцсон. Хаа хамаагүй хүн биш мань мэт нь уриалахаар залуучууд их сайхан үгэнд орж хамт гүйлээ. Барианд орох үедээ бүр намайг гүйцэж түрүүлж, уралдаж сайхан бариандаа орж байх жишээтэй. Монголчуудыг нэг баг болгосон, дэмжсэн, өрсөлдсөн их сайхан уралдаан боллоо. Барианд орох мөчдөө хүч гаргана гэдэг чинь сайн шүү дээ. Энэ төрлөөр хичээллэж байгаа хүн гараа сайтай байх ёстой. Дунд үедээ хамаг юмаа шавхаж болохгүй. Барианд орохдоо хэрэглэх хүчийг заавал өөртөө үлдээж байх ёстой. Амьдрал хаана дуусах гээд байгааг, хаанаас эхлэх гээд байгааг бид мэдэхгүй. Тийм учраас үе шат бүхэнд хэрэглэх нөөц хүчийг өөртөө үлдээж байх ёстой.
-Тэсвэр хатуужлын хаан гэгддэг триатлоны төрлөөр та өрсөлдөөд байгаагийн цаад шалтгааныг хүмүүс ойлгохдоо Н.Энхбаяр тэтгэвэрт гарах болоогүй гэдгээ харуулах гэж оролцоод байна гэж ойлгодог?
-Би багаасаа спортод дуртай, спорт эрүүл саруул амьдралын үлгэр жишээг үзүүлэх гэж хичээдэг. Залуучуудыгаа өглөө гүйе, дугуй уная, усанд сэлье гэж уриалж байдаг. Тэтгэвэрт гарах болоогүй гэдэг мэссэжийг хүргэх гэж хичээгээд байгаа ч юм биш. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайг хар. Энэ хүн хэдийгээр хөл муутай надтай адил гүйж харайгаад байдаггүй ч гэлээ оюун санааныхаа хувьд тэтгэвэрт гарах болоогүй гэдгээ харуулж чадаж байна шүү дээ. Тэтгэвэр гэдэг зүгээр тогтоосон тоо төдий зүйл. Харин эх орондоо хайртай хүн тэтгэвэрт гардаггүй. Эх орноо хайрласан сэтгэл, уншсан ном, эзэмшсэн мэргэжил тэтгэврийн наснаас цааш олон жил үргэлжилдэг. Биеийн эрүүлийг сэтгэлийн эрүүлтэй холбох ёстой. Эртний грекчүүдийн хэлсэн эрүүл биед саруул ухаан оршино гэдэг зарчмаар ажиллаач гэж уриалж байна. Миний нэг зарчим бол унаж байгаа хүний дэвсэх, хэцүү байгаа хүнийг дээрэлхэх дургүй. Харин мундаг байгаа хүнийг алдааг хэлж өгөх дуртай.
-Та 2012 оны дөрвөн сард АТГ-т анх баригдсанаас хойш долоон жилийн турш цагдаа шүүхтэй холбоотой өчнөөн бэрхшээлийг тууллаа. Тэгсэн мөртлөө та шантрахгүй тэмцээд байх юм. Улс төрд эргэн орох гэж долоон жилийн бэрхшээлийг сөрж тэмцээд байгаа шалтгаан юу вэ?
-Зургаан зуун цагдаагаар бүслүүлж, хөл гарны минь шөрмөсийг тасалж намайг муухайгаар баривчилсан. Тэр үйл явдлыг ард түмэн маань харж намайг өрөвдөж байхыг харсан. Хоёрдугаар эмнэлгийн хашааг тойроод хүмүүс сүү өргөж, зул өргөж дэмжиж байхыг харах ямар ч хоолноос илүү энерги өгч байсан.
Хэцүү нэртэй газарт байхдаа Доржзодов гэдэг номыг орчуулъя гэж бодоод эхнэр О.Цолмондоо тэр судрыг аваад ир гэж хэлсэн юм. Гэтэл харуулууд нь тэр судрыг мэдэхгүй учраас дээд газар руугаа ярьсан юм билээ. Н.Энхбаяр гуай руу нэг судар оруулах гээд байна болох юм уу гэж асууж. Ямар судар юм гэхээр нь Доржзодов, монгол орчуулга нь “Очроор огтлогч” гэсэн чинь. Дээд дарга нар нь ч мэдэхгүй. Хүүе юун огтлох вэ? Ямар аюултай юм бэ? Юу огтлох гэж байгаа юм битгий оруул гэж хэлээд оруулаагүй.
Хүний оюун ухаан, судрын нэр хүртэл айхтар байгаа биз. Хүн оюун ухаанаа хөгжүүлж чадвал ямар ч саад бэрхшээлийг очир шиг огтолж чадна. Би ухаантай байж чадвал энэ муухай тогтолцооны буруу гинжийг тасалж чадах учраас тэдний айх нь ч аргагүй. Энэ муухай саад бэрхшээлийг би огтлох гэж байгаа хүн. Оюун ухаанаараа буруу бүхнийг огтлох гэж байгаагаас айхдаа намайг сонгуульд оролцуулахгүй байна. Ард түмэн болохоор бид чамайг сонгоё гэдэг. Эд харин янз бүрийн шалтгаан хэлээд оролцуулахгүй байна. Би байсаар байгаа нь ард түмний хүсэл шүү дээ. Энд сая нэг хөгшинтэй таарахад та ирэх жилийн сонгуульд заавал дэвшээрэй би таныг дэмжинэ шүү гэж хэлж байхад би юу гэх вэ. Өө больё больё гэж болохгүй шүү дээ. Би ард түмний итгэлийг биелүүлэх ёстой. Нэрийг нь хэлээд яах вэ. Зарим нэг хүнийг ард түмэн үзэн ядаад муу муухайгаар хэлээд байгаа биз. Тэр хүн ард түмний итгэлийг алдсан учраас тэгж байгаа юм. Би ард түмнийхээ итгэж байгаа сэтгэл, итгэлийг дааж, хүнд хэцүү байдлаас гаргахын тулд бүх чадлаараа хичээн ажиллана.
-УИХ-д ганцаараа байгаа хүн хүчгүй байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нарыг нэрлэж болно. Дандаа ганцаарддаг, ямар ч бодитой шийдвэр гаргахад оролцож, нөлөөлж чаддаггүй. Гэтэл таныг УИХ-д сонгуулахгүй тулд эрх баригчид бүх чадлаараа тэмцэцгээх юм. Та бусдыг айлгаад байгаа цаад нууц нь юу юм бэ?
-Даруухан хэлэхэд би ганцаараа байлаа гэхэд найман хүнтэй адил байна байх. Бүлэг шиг, тэрнээс ч илүү ажиллах туршлагатай. Тийм учраас надаас айгаад байгаа.
Саяны нэр дурдсан залуусыг тав арван цаасаар эвдээд эрхшээлдээ оруулаад байна. Эрх мэдлийн сорилт, эд хөрөнгийн сорилтыг давах сорилт гэж байдаг. Энэ сорилыг давж хат суусан хүн УИХ-ын гишүүн байх ёстой л доо. Энэ тохиолдолд ганц хүн ганцаддаггүй.
-Та хүн бүрд эцсийн мөчид гаргах хүч байдаг гэлээ. Таны эцсийн хүч яг юу вэ? Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн Монголын төрд ямар хэрэгтэй юм?
-Бусад хүмүүс маань сайн ажиллаад миний олж хараагүй гоё сайхан зүйлийг хийгээд байвал би 100 хувь дэмжинэ. Гэвч тэгж чадахгүй байна. Ард түмэнтэйгээ уулзаад явж байхад сувд шиг үнэтэй хэрэгтэй саналуудыг хэлж байна. Гэвч тэр сайхан үнэтэй саналыг олж харах нүд, хүлээж авах чих одоогийн эрх баригчдад алга. Харин надад тэр нүд, чих нь байгаа. Албан тушаал, эрх мэдэл гэгч зүйл хүний нүдийг, оюун ухааныг харалган болгодог талтай. Газрын доорх баялгийг цөөхөн хүнээс аваад ард түмэндээ өгчих хэмээн хэлж байгааг ойлгохгүй байна шүү дээ. Цөөн хэдэн хүн хагартлаа баяжиж болохгүй. Хүний төлөө ажиллах нь дээдийн жаргал, өөрийнхөө төлөө тэмцэх доодын жаргал гэдгийг ойлгохгүй байгаа хүмүүст ойлгуулахын төлөө би УИХ-д орж тэмцэнэ. Байгалийн баялгийг ард түмэндээ өгөхгүй бол бид олуулаа төрд гарч ирээд хууль баталж ард түмэндээ баялгийг нь өгнө. Дээд сургуульд орж чадахгүй байгаа, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүс маш олон байна. Өдөр болгон надаас тусламж хүссэн мэссэж ирж байна. Хандив дээр тогтсон эрүүл мэндийн үйлчилгээ гэж байдаггүй. Монгол хүн бүр эрдэнэ мэт үнэтэй байх ёстой. Монгол хүний эрүүл мэндийн зардлыг төр нь даах ёстой. Өртэй нэг ч монгол хүн байж болохгүй. Бүх хүн өрөнд баригдаж дууслаа. Энэ бүхнийг эрх баригчид өөрчлөхгүй хийхгүй байгаа учраас би олуулаа болж эргэн ирээд энэ бүхнийг хийнэ.
-Албан тушаал гэдэг зүйл хүнийг харалган болгодог гэж та хэллээ. Та бол нэг хэсэг Монголын хаан гэгдэж явсан хүн. Танд бүх эрх мэдэл байсан. Эргээд дурсахад тэр үедээ харах нүдгүй, сонсох чихгүй байж гэж бодох үе байдаг уу.
-Яг ч таг дүлий, сохор болчихсон юм байхгүй. Гаж тогтолцоо маань өөрөө хүний харах нүдийг халхалж, сонсох чихийг бөглөдөг юм байна. Байгалийн баялгаараа тулгуурлан гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улмаар хөгжилд хүрнэ гэж би бодож тэмцсэн. Би 2006, 2007 онд харин Тавантолгой гэдэг том ордыг төрд авч өгч байлаа. Хоёр гурван хүний нэр дээр байсан орд шүү дээ. Гэтэл би бас л төөрөлдөж байж. Төрд өгчихлөөрөө болчихдоггүй юм байна. Төрд байгаа орд чинь хэн нэгэн сайдын төрийн эрхэнд гарсан хүний халаасанд орчихдог юм байна. Тиймээс ард түмэнд өгөх ёстой юм байна. Хүний оролцоогүй, төрийн оролцоогүй бий болсон өмчийг ард түмэнд өгөх ёстой байдаг. Өвдөхөөрөө хандив гуйж гувшдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхийн төлөө л би тэмцэнэ.