Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас мөрдөн шалгах үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Мөрдөн шалгах үйл ажиллагааны хүрээнд Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны 8 сараас 11 дүгээр сар 14-ний өдөр хүртэлх хугацаанд тус компаниас нийт 57.500.000 төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон.
Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнд нэгжлэг хийх явцад “Эрдэнэс тээвэр” ХХК-аас хахууль авсан 25 сая төгрөгийг илрүүлсэн байна.
Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгөөр торгож, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг хураан авч улсын орлого болгожээ.