Түрээсийн орон сууцны хөтөлбөрт 972 өрхийг хамруулахаар болж, долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим бүртгэлийг явуулж байгаа билээ. Гэвч түрээсийн орон сууцны шалгуурт тэнцэж чадахгүй байгаа багш нар 200 квотыг багш нарт олгохыг шаардаж, өнөөдрөөс Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. Одоогоор 100 багш өлсгөлөнд нэгдэхээ мэдэгдсэнээс 30 нь өлсгөлөн зарлаж байна.
Нийслэлийн орон сууцны корпорациас (НОСК) аль нэг төрийн албан хаагчид давуу эрх олгохгүйгээр шалгаруулна хэмээсэн ч багш нарын хувьд бодит байдалд нийцэхгүй байгааг тодотгосон.
Өлсгөлөн зарлаж буй багш нарын төлөөлөл "НОСК-ийн дарга нь сонгон шалгаруулалтаар хэдэн ч багш орж болно гэж байгаа. Тэр нь үнэн. Гэвч бодит байдлыг аваад үзвэл өрх толгойлсон багш ээж хэзээ ч үүнд хамрагдаж чадахааргүй байна. Энгийн жишээг аваад үзэхэд ихэнх багш цалингийн зээлтэй. Хамтран төлөгчгүй, цалингийн зээлтэй багшийн орлого, зарлагын харьцаа нь үзүүлэлтэд тэнцэхгүй болоод байгаа юм. Тиймээс л бид өрх толгойлсон, амьдралын боломж тааруу багш нарынхаа төлөө тэмцэж байна" хэмээж байлаа.