СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-29

LIVE: С.Одонтуяа: С.Амарсайханаас эрүүл мэндийн салбарыг самрахаа зогсоохыг шаардаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бурмаа нар өнөөдөр "БГД-ийн боловсрол, эрүүл мэндийн салбарыг самрахаа зогсоо" сэдвээр мэдээлэл хийлээ.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа:

Улсын баяр наадмын өмнө манай дүүргийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргалыг НЭМГ-ын даргын 2019.07.10-ны өдрийн Б/34 тоот тушаалаар хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн. Ингээд орных нь томилгоог хийхдээ надтай зөвшилцөхгүйгээр шууд томилгоо хийсэн зөрчлийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга хийлээ. Хүнийг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл улстөржсөн байдлаар ажлаас чөлөөлөх өдөр нь л халах гэж буйгаа мэдэгдсэн байсан. Хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн Ө.Батжаргал дарга 63 хөтөлбөрийг маш амжилттайгаар хэрэгжүүлж байсан, асар их туршлагатай хүн. Энэ хүнийг ажлаас нь чөлөөлөхийн өмнөх өдөр холбогдох дээд байгууллагаас нь дуудаад таны удирдсан баг хамгийн сайн ажиллаж байгаа, эрүүл дүүрэг гэсэн батламж шагналыг олгосон мөртлөө маргааш нь хууль бусаар халчихлаа. Энэхүү хууль бус томилгоотой холбоотой асуудлыг Эрүүл мэндийн сайд зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байсан.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарыг самраад зогсохгүй одоо бүр боловсролын салбар руу хуруугаа дүрээд эхэллээ.

Энэ нь ямар учиртай вэ гэхээр манай дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргалыг долдугаар сарын 16-ны өдөр мөн л хууль бусаар улстөржсөн байдлаар ажлаас нь халлаа. Тэгээд түүний оронд Боловсролын хэлтсийн даргаар ажиллахад огт тэнцэхгүй Б.Гэрэлгуа гэх хүнийг томилсон байна. “Баянгол боловсрол-2020” “Эх орон 36 хөтөлбөр”, “Хүүхдэд ээлтэй хөтөлбөр” зэрэг маш олон төсөл хөтөлбөрийг санаачилж, ажлаа сайн хийж байсан хүнийг хууль бусаар халсан явдлыг би эрс буруушааж байна.

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дэд дарга Н.Болдбаатар:

Улсын хэмжээнд жишиг болон ажиллаж байгаа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн даргыг чоно борооноор гэгчээр наадмын өмнөх өдөр халчихлаа. Энэ нь хэнд ашигтай вэ? Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүй байхад нь Ө.Батжаргал дарга хөөцөлдсөөр байгаад хүүхдийн гурван ч эмнэлгийг ашиглалтад оруулж байсан хүн. Эрүүл дүүрэг, эрүүл иргэнтэй болох ажлыг хийснийхээ төлөө улстөрийн хууль бус томилгоогоор хууль бусаар халагдлаа. Одоо эмнэлгийн ажилтнууд маш их дарамттай, айдастайгаар ажлаа хийж байна. Эмнэлгийн ажилд доголдол үүсч эхэлсэн. Хэд хоногийн өмнө хууль бусаар Ө.Батжаргал даргыг ажлаас чөлөөллөө хэмээн хэвлэлийн бага хурал зарласан хүмүүст сахилгын сануулах арга хэмжээ авч, нэг өдрийн цалинг хасах шийдвэрийг З.Балдандугар дарга гаргасан байна билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.