Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй 4500 оюутан, залуучуудад үнэ төлбөргүй хичээллэх "Англи хэлтэй залуус" хөтөлбөрийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Н.Лхагвадорж нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид 21 аймаг, есөн дүүргийн 10-12 дугаар ангийн 16000 сурагч, их дээд сургуулийн 20000 оюутантай уулзалт хийсэн. Уулзалтын үеэр оюутан сурагчид маань хичээлийнхээ хажуугаар ажил хийж орлого олмоор байна. Мөн англи хэлний үнэгүй сургалтад хамрагдах хүсэлтээ тавьж байсан учраас “Англи хэлтэй залуус”, “Ажилтай оюутан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
Англи хэлний сургалтад 16-30 насны залуучууд хамрагдах боломжтой. Сургалтад бүртгүүлсэн оюутан залуусаас өчигдөр түвшин тогтоох шалгалт авсан. Өнөөдөр шалгалт өгсөн оюутнууд аль түвшний ангид хуваарилагдсанаа мэдэх боломж бүрдэнэ. Сургалт маань анхан, дунд, ахисан түвшинд үргэлжилж сертификат олгоно. Энэ сургалтыг зааж байгаа монгол багшид 700 мянган төгрөг, гадаад багшид хоёр сая төгрөгийн цалин олгоно. Нэг оюутанд зориулагдах урсгал зардал нь 20 мянга орчим байх тооцоо гарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Н.Лхагвасүрэн:
-Энэ зуны хугацаанд “Англи хэлтэй залуус”, “Ажилтай оюутан хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна. Англи хэлтэй залуус хөтөлбөрт хамрагдах оюутнууд ердөө дөрөв хоногт л бүртгүүлж дууссан. Нэг оюутан 63 цагийн сургалтад хамрагдана. Өдөрт зургаан цагийн хичээлийг явуулна. Энэ сургалтад суралцахаар бүртгүүлсэн оюутан залуучууд бүр Говь-Алтай, Баянхонгор аймгаас зорьж ирж байгаа нь үнэхээр бахдам байлаа. Сургалтын хөтөлбөр нь маш шинэлэг түвшинд явах учраас маш богино хугацаанд англи хэлийг дунд түвшинд эзэмшинэ. Сургалт маань наймдугаар сарын 01-ээс эхлэн үндсэн дөрвөн сургууль дээр зэрэг эхэлнэ. Сургалт бүрийн эхний 10 минутад түвшин тогтоох шалгалт авч Австрали хөтөлбөрөөр явагдана.