Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран ирэх сарын 1-ний өдрөөс даатгалын тохиолдол буюу хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг аль даатгалын компанид бүртгүүлснээс үл хамааран нэгдсэн тусгай утас /1800-1177/, "Албан журмын даатгал" аппликейшн ашиглан ослын дуудлага, мэдээллийг өгөх боломжтой боллоо.
Даатгалын нөхөн төлбөр олголтыг 2018 оны байдлаар авч үзэхэд, нийт ослын 28 орчим хувь нь 200 мянган төгрөгийн хохиролтой осол, 39-40 орчим хувь нь 200-500 мянган төгрөгийн хохиролтой осол, 14 орчим хувь нь 500-800 мянган төгрөгийн хохиролтой осол байсан.
Нийтдээ 80 гаруй хувийг нь 800-аас доош мянган төгрөгийн хохиролтой ослын дуудлага мэдээлэл эзэлдэг. Нэг албан хаагч өдөрт 20-30 зам тээврийн осол дээр ажиллах шаардлагатай болдог байна.
Зам тээврийн ослын үед жолооч та хаана хандах вэ?
Албан журмын даатгагчдын холбоо нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдлын дуудлагыг төвлөрүүлэн хүлээн авах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, улсын хэмжээнд даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдол буюу зам тээврийн ослын дуудлага хүлээн авна.
Жолоочийн даатгалын тохиолдол буюу зам тээврийн осол гаргасан жолооч ослын дуудлагыг албан журмын даатгалд даатгуулсан эсэхээс үл хамааран хоёр хэлбэрээр өгнө. Үүнд утсаар дуудлага өгөх, холбооны албан журмын даатгал аппликейшн ашиглаж, зам тээврийн ослын дуудлага өгөх гэсэн хоёр хэлбэр багтана.