Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо.
Нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.
Газрын биржийн цахим төвийг нээснээр иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ хамрагдахын зэрэгцээ газартай холбоотой мэдээ мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж, арилжаалах боломж бүрдэж байгаа юм.
Мөн иргэд газрын үнэ, Кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт авах гэх мэт бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болохоос гадна түрээсийн бүртгэл хийх, газрын барьцааны талаар болон зах зээлийн үнийн бодит мэдээллийг нэг дороос авах зэргээр газрын харилцаатай холбоотой далд зах зээлийг нээлттэй болгож байгаа юм.
Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай шууд холбогдон ажиллах боломжтой, ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн тул иргэд, олон нийт газартай холбоотой бүхий л мэдээллийг одоо гар утаснаасаа ч авах боломжтой болжээ.
Цаашид Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлж газрыг эрэлт хэрэгцээ, зориулалт, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд нийцүүлэн зохион байгуулалт хийх үүднээс Газрын сан байгуулж, газар хөгжүүлэлт хийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.