Германы Гайленкирхен хотод агаарын температур цельсийн нэмэх 40.5 хэмд хүрсэн нь тус улсад түүхэндээ байгаагүй хамгийн өндөр агаарын температурт тооцогдож байна.
Ойрын хэдэн өдрүүдэд үүнээс ч халуун өдөр болж магадгүйг тус улсын Цаг агаар судалгааны төвөөс анхааруулсан байна. 2015 онд Германд агаарын температур дээд тал нь 40.3 хэм л хүрч байжээ. Германаас гадна Нидерландад 38.8 хэм хүрсэн нь өнгөрсөн 75 жилийн хугацаанд бүртгэгдэж байгаагүй өндөр температурт тооцогдож байна. Тус улсад хэт халуунаас болж фермерүүд үхрээ гудамжинд гаргаж хонуулж эхэлсэн бол Мидделхарнис хотод фермийн агааржуулагч эвдэрснээс болж олон зуун гахай үхжээ. Францын дарс үйлдвэрлэгч Бордо мужид мөн цельсийн 41.2 хэм хүрч халсан бөгөөд өчигдөр нийслэл Парист цельсийн нэмэх 40.4 хэмтэй байжээ. Их Британид ч мөн өчигдөр 38.5 хэмд хүрч халсан байна.