Энэ жилийн Үндэсний их баяр наадмын 1200 ширхэг тасалбарыг Нийслэлийн мэдээллийн технологийн газраас анх удаа онлайнаар худалдан борлуулахаар болж, eservice.ulaanbaatar.mn сайтаар худалдах ажлыг хийхээ мэдэгдэж байв.
Гэвч наадмын тасалбарыг онлайнаар худалдах цаг болохтой зэрэгцэн уг сайт гацаж ажиллахаа больсны зэрэгцээ арайхийн цахимаар захиалсан цөөхөн иргэдийн тасалбарыг зөвхөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбараар олгоно хэмээн хууран мэхэлж, цаг хугацаа мөнгө санхүүгээр нь хохироон тохуурхсан юм.
Иргэдэд огт олдохгүйгээр, харагдахгүйгээр зарагдаж дууссан баяр наадмын тасалбар гэвч нэг шагчинд л гэхэд 14 ширхэгээрээ байж байгааг манай телевиз наадмын өмнөхөн баримттайгаар дэлгэн хүргэсэн билээ.
Наадмын тасалбарыг онлайнаар худалдан орлуулах нэрийн дор зохиомол эрэлт үүсгэн иргэдийг тэмцэлдүүлж хохироосон Нийслэлийн мэдээллийн технологийн газар онлайнаар тасалбар захиалан төлбөрөө төлсөн боловч наадмын тасалбараа авч чадалгүй хохирч үлдсэн иргэдийн мөнгийг өнөөдрөөс буцаан олгох ажлыг хийж эхэлжээ.
Наадмын тасалбарыг онлайнаар захиалж, ирсэн нэхэмжлэлийнх нь дагуу мөнгөө төлсөн боловч тасалбараа зөвхөн “Дүнжингарав” салбараас л аваарай гэх НМТГ-ын худал үгэнд нь хууртаж, хохирсон иргэд Хангарди ордны 7 давхарт, иргэний үнэмлэхтэйгээ очиж мөнгөө авч болох юм байна.