Парапауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 11-21-ний өдрүүдэд Казакстан Улсын Нур-Султан хотод болсон. Дэлхийн 77 орны 2700 тамирчин оролцсон тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон МУГТ Э.Содномпэлжээ -107 кг жинд түрүүлэн дэлхийн аварга болсон юм. Дэлхийн рекордыг 3 кг-аар нэмэгдүүлж, 247 кг болгон шинэчлэн тогтоосон Э.Содномпэлжээ болон Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Нарийн бичгийн дарга Д.Баттулга, тус холбооны менежер, шүүгч Б.Энхбаяр нар өнөөдөр Спортын төв ордонд мэдээлэл хийлээ.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Нарийн бичгийн дарга Д.Баттулга:
Казакстаны нийслэлд болсон хоёр жилд нэг удаа болдог Монголын Парапауэрлифтингийн дэлхийн аваргын тэмцээнд МУГТ Э.Содномпэлжээ маань амжилттай оролцож, Парапауэрлифтингийн дэлхийн рекордыг 3 кг-аар ахиулж дэлхийн аварга болсон бахдам амжилтыг гаргалаа. Э.Содномпэлжээ маань дэлхийн аварга болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Өрсөлдөөн маш ширүүн байсан. Өндөр зэрэглэлийн нэг жингийн тамирчид цугласан учраас захиалга, шахалтаас эхлээд өргөлтийн болон сэтгэлзүйн тулаан болсон. Мөн Э.Содномпэлжээгийн маань шавь Г.Ган-Эрдэнэ -80 кг жинд өрсөлдөж 38 орны тамирчнаас 28 дугаар байрт орсон. Дэлхийн 22 орны тамирчин оролцсон -107 кг жинд ийнхүү дэлхийн аварга болсон баяртай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцахаар өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг бид хийж байна. Ингээд асуултад хариулъя.
МУГТ Э.Содномпэлжээ: Би 260 кг-аар бэлтгэлээ базааж байсан
-Э.Содномпэлжээ дэлхийн аварга болно гэдэгтээ маш итгэлтэй байсан гэж та хэллээ. Энд бэлтгэл сургуулилтаа базаахдаа хэдэн кг-ыг шахаж байсан бэ?
-Сая болсон дэлхийн аваргад оролцохын тулд 250 кг-ыг шахаж бэлтгэл сургуулилтаа базааж байсан. Пауэрлифтингийн классик хэвтээ шахалтаас 247 кг шахаж мөнгө медаль хүртэж байлаа. Нэг тэмцээнээс нөгөө тэмцээн рүү орох хугацаа ойрхон байсан учраас дунд нь бас 260 кг-аар бэлтгэлээ хэсэг базаасан.
-250 кг жинг шахаж базааж байсан мөртлөө яагаад 247 кг-ыг захиалсан юм?
-Тактикийн асуудал байсан.
-Дийлэхгүй байж магадгүй гэж хаширласан юм уу?
-Үгүй л дээ. 2020 оны Токиогийн олимп удахгүй болох гэж байхад тэрнээс өмнө хамаг хүчээ гаргаж болохгүй шүү дээ. Хэрвээ тэгчих юм бол бусад тамирчид ч гэсэн бэлтгэлээ шахаад ойртоод ирнэ гэсэн үг.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Нарийн бичгийн дарга Д.Баттулга:
Хүмүүс хамгийн өндөр жинг захиалж, түүнийгээ өргөж чадсан нь дэлхийн аварга болдог гэж боддог. Гэтэл бодит байдал дээр маш өөр зүйл өрнөдөг л дөө. Манай тамирчин 247 кг-ыг өргөчихөнгүүт Ираны Акбар 250 кг-ыг өргөх захиалга өгч байгаа юм. Акбарын жин манай Э.Содномпэлжээгээс 1 кг-аар илүү учраас заавал илүү хүндийг өргөж байж аварга болох ёстой. Тэрэн дээр нь бид хоёр тоглолт хийгээд 252-ын захиалга өгч Акбарыг шатаасан. Акбар тэгмэгц 253 захиалангуут нь бид 253 гээд дагаж захиалга өгсөн. Захиалгыг хүссэнээрээ ч өгөхгүй. Нууцаар явагдана бас цагтай. Гол тэмцээн тайзны ард өрнөдөг шүү. Тэгээд хөөсөөр шатаасаар байгаад Ираны Акбарыг 254 болгосон чинь дийлээгүй. Тэгээд шокноосоо ч гарч чадахгүй үлдсэн дээ.
-Э.Содномпэлжээ бэлтгэл дээрээ хамгийн дээд тал нь хэдийг шахдаг вэ?
-260-ыг шахаж байсан. Гэхдээ бэлтгэл тэмцээн хоёр өөр. Цагийн зөрүү, хоол унд, орчны зөрүү гараад эхлэхээр өөр болдог. Манай Пэлжээ гэхдээ захиалснаа өргөдөг давуу талтай.
-Хүн өөрийнхөө биеийн жингээс 2.5 дахин хүнд жинг зөвхөн хоёр гар дээрээ өргөнө гэдэг маш хэцүү байх нь тодорхой. Тэр жинг яаж өргөсөн тохиолдолд бүрэн өргөсөн гэж тооцдог вэ?
-Тэр их нарийн дараалалтай. Захиалсан жингээ эхлээд цээжин дээрээ буулгаад хоёр секунд барьдаг. Хэрвээ тэрнээс удвал дарагдсан гэж тооцдог. Тэгснийхээ дараа ямар ч гацалт, зогсолтгүйгээр жигдхэн хөөх ёстой байдаг. Гацах, хазайх, ямар нэгэн хөдөлгөөн хийсэн тохиолдолд бас тооцдоггүй. Тиймээс ямар ч өөгүй, нягт нямбай хийж байж оноо тооцогдоно. Ямар ч хөдөлгөөнгүй, ямар ч зогсолтгүй шахахыг л өргөсөнд тооцно. Хүчийг хянаж, даацыг мэдэрч байж, асар тэсрэлтийг дааж гүйцэтгэл явагддаг. Өргөчихөөд босоод ирэхэд нүүр ам улайчихсан, нүдэнд цус харвачихсан, хүзүү улаан хүрэн болчихсон байдаг.
МУГТ Э.Содномпэлжээ:
Арьсны нүхээр цус шүүрчихсэн байдаг шүү дээ.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Нарийн бичгийн дарга Д.Баттулга:
Чихнээс цус гарна. Хамраас цус гарах бол энүүхэнд. Пэлжээгийн нүднээс хүртэл цус гарч байлаа. Маш хүнд спорт. Хүн биеэ вакуум орчинд бүрэн оруулж байж гүйцэтгэл явагдана. Тооцоо жаахан алдахад л мянга бяртай байгаад дарагддаг. Саяны тэмцээнд эхний 10 байрт орсон тамирчид 2020 оны Токиогийн олимпод оролцох эрх авсан.
-Пауэрлифтинг Монгол хөгжөөд удаагүй спорт. Яаж ийм богино хугацаанд амжилт гаргав?
-Манай спорт Монгол үүсээд 15 жил болсон. Улсын хэмжээнд 19 салбар хороотой. Сүүлийн 4-5 жилд олон улсад амжилт гаргаж хурдацтай хөгжиж байна. Олон Улсын шаардлага хангасан техник хэрэгсэл, олон спорт клубууд бий болж, жилдээ 9-10 тэмцээнд оролцож байгаа учраас чанар хурдацтай ахиж байгаа. Энэ төрлийн тамирчид тэмцээнээс тэмцээний хооронд л сайжирч байдаг учраас амжилт нь нэмэгдээд л байдаг.
-Тамирчдад тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөний асуудал их байдаг. Энэ асуудлаа яаж шийдэж байна?
-Э.Содномпэлжээ маань МУГТ, Монгол Улсын шигшээ багийн тамирчин учраас зардал мөнгийг улсаас гаргаж байгаа. Ц.Шаравжамц даргатай Биеийн тамир спортын газраас Э.Содномпэлжээ бид хоёрын аливаа уралдаан тэмцээнд оролцох зардал мөнгийг гаргаж өгдөг. Бэлтгэл хангалтын зардал, эмчилгээ зэрэг бүх асуудлыг дэмжиж маш сайн ажиллаж байгаа учраас тамирчин маань амжилт гаргаж байгаа. Биеийн тамир спортын газрынхаа хамт олонд бид маш их баярладаг. Олон Улсын тэмцээнд оролцох зардал мөнгийг маш хурдан шуурхай гаргаж өгдөг Ц.Шаравжамц даргадаа баярлалаа гэж хэлье.
МУГТ Э.Содномпэлжээ:
-Токиогийн олимпоос өмнө олон улсын ямар томоохон тэмцээн уралдаанд оролцох вэ?
-Би пара болон олон улсын мэргэжлийн пауэрлифтингийн нэгдсэн холбооны тэмцээнд аль алинд нь оролцдог. Эрүүл болон пара төрөлд хоёуланд нь оролцож байгаа. Энэ есөн сард Монголд болох Азийн аваргад, дараа нь Испанийн Мадридад болох тэмцээнд оролцоно. Ирэх онд Англид болох Европын аварга болон дэлхийн цомын аваргын төлөө өрсөлдөнө. Мэдээж Монголд болох бүх тэмцээнд оролцоно.
-Чи сая хүнд жинг өргөсний дараа арьснаас цус шүүрдэг гэж хэлсэн. Тэмцээний дараах шокноос яаж хурдан гардаг вэ?
-Хэцүү ш дээ. Сэтгэлзүй өндөр байх ёстой. Хүнд жинг авах үед хамаг цус дээшээ хөөрч нүүр рүү, нүд рүү шахдаг. Тэмцээний дараа нүүрээ угаахад нүдний судас бүдүүрч, нүүрэнд цусан толбо тогтсон байх жишээтэй. Бэлтгэл сургуулилтын үед нүдний судас хагарч, нүднээс цус гарах асуудал гарна. Энэ төрлийн тамирчдад гардаг л зүйл л дээ. Олон Улсын тэмцээнд оролцох үед хэт өндөр ачаалал авах, өмнө нь өргөж үзээгүй жингээ өргөх тохиолдол хүртэл байдаг учраас саяны дурдсан бэртэл гэмтэл гарч байдаг.
-Пауэрлифтингийн төрлийг та хоёрын ярианаас харж байхад хүч бярнаас гадна тайзны арын тулаанаар шийдвэрлэж болдог юм байна. Хамгийн гоё уран нүүдлээр өрсөлдөгчдөө ялсан гоё жишээгээ ярьж өгөөч?
-Индонезид болсон Азийн наадам. Тэр ёстой алаан болсон доо. Пэлжээ маань өргөнө гэснээ л өргөчихдөг учраас тэр тэмцээнд хамгийн эхний захиалгаа 235 кг-аар өгч байлаа. Бусад тамирчид 225 кг-ыг л хамгийн дээд тал захиалчихсан байлаа шүү дээ. Тэгтэл манай холбооны Д.Нямхүү ах хэлж байна. Та хоёр захиалгаа жаахан буулгаач ээ. Хэтэрхий хүнд биш юм биш үү гэж байна. Бид хоёр тэднээс жингийн массын хувьд илүү. Дээр нь Монголоос шуузалсан махаа аваад оччихсон. Долоо хоног буудлаасаа гаралгүй бүгчихсэн байсан учраас жин яг тулчихсан, бяр илүү, амарчихсан учраас тултал захиалга өгч тооцуулаад 238, 239 гээд захиалаад эхлэхээр ард 10 кг-аар хоцорсон тамирчид бүх аргаа ашиглаж байсан. Иранаас ирсэн тэргэнцэртэй тамирчин бид хоёрын явах гэж байсан нарийн кордорыг хааж, өмнөөс Иранаар ярихаар нь тэргэнцэртэй нь түрж, түлхэж хаяад тэмцээндээ орж байлаа. Тэр тэмцээн аймаар юм болсоон. Бас сая болж өрнөсөн Казакстаны дэлхийн аварга бас дурсамжтай сайхан тэмцээн болсон. Бид хоёрыг шатаах гэж хашхирч гуугачсан тамирчинг хүртэл ирүүлсэн байсан. Тэгэнгүүт бид хоёр шатахгүйгээр барахгүй хоёр дахь шахалтаараа рекорд тогтоогоод Монгол алт авсаан гээд хашхираад эхэлсэн чинь нөгөө хэд чинь өөрсдөө хүнд байдал орж шатаад бүр пайнагт орсон ш дээ. /Инээв/ Ираны гол найдвар Акбар 250 шахна гэсэн төлөвлөгөөтэй ирсэн биш бидний тоглолтод орж балраад 254-ийг захиалж унасан. Тэр тамирчин сүүлийн 3-4 жил дандаа хоёрдугаар байранд орлоо.