АНУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн 7,25 доллар байдаг. Тэгвэл дэлхийн тэргүүлэх цахим худалдааны сүлжээ Амазон цалингийн доод хэмжээгээ цагийн 15 доллар болгож нэмлээ. Жеф Безосын шийдвэр ирэх 11 дүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Бүтэн цагаар ажилладаг ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 доллар болгож нэмсэн ч хагас цагаар ба түр хугацаанд ажилладаг хүмүүсийн цалин нэмэгдээгүй байсан юм. Энэ удаад бүх ажилчдын цалингийн доод хэмжээг нэмжээ. Тус компани дэлхий даяар нийт 566,000 ажилтантайгаас АНУ-д 250,000 хүнд ажил олгодог ба үүн дээр түр орон тооны 100,000 ажилчинг авч ажиллуулдаг.
Сенатын гишүүн Бэрни Сандерс Амазоны үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жеф Безосыг ажилчдадаа хангалттай цалин өгдөггүй хэмээн шүүмжилсний дараа удалгүй энэ шийдвэрийг танилцууллаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэний дараа Берни Сандерс ноён Безост баяр хүргэсэн байна.
Америкийн бусад ажил олгогч томоохон компаниудын хөдөлмөрийн хөлсний хэмжээг сонирхож үзвэл Таргет 2020 онд цалингийн доод хэмжээг 15 доллар болгож нэмнэ гэжээ. Харин Дисней компани ирэх онд энэ хэмжээг тогтоохоо мэдэгдэв. Амазоны өрсөлдөгч Уолмарт Америкийн хамгийн том ажил олгогч, нэг сая ажилтантай. Оны эхэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 11 доллар болгож нэмсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com