Авто тээврийн үндэсний төвөөс “УАА” шинэ серийн дугаарыг өнөөдөр өглөөнөөс эхлэн иргэдэд олгож эхэлсэн. Шинэ серийн дугаарыг иргэдэд хэрхэн, ямар үнээр олгох талаар АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүгээс тодрууллаа.
АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүү:
Автомашины шинэ сери задарна гэдэг нь цоо шинэ үзэгдэл биш юм. Хуучин автомашины дугаарыг яаж олгодог байсан тэр жишгээрээ олгож байгаа. Автотээврийн улсын бүртгэлийн сери дугаарт нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгсэлд шар дэвсгэртэй хар дугаар, 100 хувь цахилгаан мотортой, эсвэл устөрөгчийн хөдөлгүүртэй машинд ногоон дэвсгэртэй цагаан дугаар, тусгай замын тээврийн хэрэгсэл буюу хүнд механизмд хар дэвсгэртэй цагаан дугаарыг олгодог болсон. Харин энгийн дугаарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй.
Зам тээврийн сайдын тушаалаар улсын дугаар олгох журамд өөрчлөлт орсон. Тээврийн хэрэгсэл эзэмшигч автомашиныхаа дугаарыг сольж болдог байсныг болиулсан. Анх ямар дугаар сонгоно тэр дугаартайгаа хамт машинаа шилжүүлдэг болсон.
“УАА” шинэ серийн дугаарыг зөвхөн импортын тээврийн хэрэгсэлд шинээр олгож байгааг анхаараарай. Улсын дугаар өмнө нь аван унаж ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд УАА серийн дугаарыг олгохгүй. Үүнийг нь мэдэхгүйгээр иргэд интернетээр шинэ серийн дугаарыг ихээр захиалж хүндрэл чирэгдэл учруулж байна.
Шинэ серийн дугаарын азын болон алтан дугаарыг цахимаар олгож байгаа. 000х, 9999, 8888, 7777 гэх мэт дугаарууд ААББ гэх мэт азын дугаар нь хүний оролцоогүйгээр ямар нэгэн санамсаргүй уналтаар өдөрт тодорхой тооны хязгаарлалттайгаар ашиглалтад гарч байгаа. Азын болон алтан дугаарууд 14 хоногийн хугацаанд олголтод орж дуусна.
Шинэ серийн бүх дугаар үнийн хувьд ямар ч ялгаа байхгүй. Хэн ч тэдгээр дугаарыг авч болно. Манай төвөөс өдөрт 100 гаруй дугаар, сард 4000 гаруй шинэ дугаарыг ашиглалтад өгч байна. Манай улсын автомашины дугаарт байгаа Ө, Ү, Ж, Ч гэх мэт дугаарыг олон улсад танихгүй байгаа. Тиймээс олон улсад танигдаж ашиглагддаг, латин үсэгтэй дүйцүүлж болох 11 үсэгтэй серийг цаашид гаргана.
Тээврийн хэрэгслийн дэсвгэр өнгийг өөрчилсөнтэй холбоотойгоор ногоон, хар, шар дэвсгэртэй дугаарыг заавал солих шаардлагатай. Ингэснээр тухайн тээврийн хэрэгслийг хянахад хялбар болохын зэрэгцээ иргэдэд өөрсдөд нь давуу талууд бий болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.