Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон түүхт 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтээ ирэх ням гаригт толилуулна. Энэ талаар өчигдөр мэдээлэл хийв.
Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдийн дээжээс бүрдсэн энэхүү тоглолтод олон шилдэг бүтээлүүд багтсан байна. Улирлын нээлтийн тоглолтын үеэр театраас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид болон уран бүтээлийн тухай түүхэн үзэсгэлэнг гаргах аж.
Энэ талаар УДБЭТ-ийн Ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар “Манай байгууллагын урын санд 20 гаруй дуурь, 20 гаруй балет байгаа. Энэ жил хүүхэд, залуучуудад чиглэсэн шинэ бүтээлүүдийг хийхээр төлөвлөж байна. Мөн энэ жилийн нээлтийн үйл ажиллагааг олон улсын жишгийг даган “Opening Gala” концерт хэмээн нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, дуурь, балетын цоморлог юм. Өмнөх жилүүдэд уламжлал болсон үндэсний “Учиртай гурван толгой” жүжгээр нээлтээ хийдэг байсан бол энэ удаа олон улсын жишгийн даган дэлхийн сонгодог бүтээлүүдээр нээлтээ хийхээр болсон нь онцлогтой.
Нээлтийн тоглолтод зөвхөн нэг бүтээлийг онцлох бус олон жүжгийн хэсгийн оролцуулсан, илүү сонирхолтой байлгах талаас нь танилцуулга хэлбэрээр тоглолтоо тавихаар болсон” гэв.
Тус театр энэ сарын 13-нд Ж.Бизе “Кармен” дуурийг, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг аравдугаар сарын 14-нд тоглохоор болсон байна. 56 дахь тоглолтын хуваарьт хүүхэд, залууст зориулсан уран бүтээл, арга хэмжээг багтааснаас гадна А.Бородин “Игорь ван” дуурь, Л.Минкус “Баядера” балет, Д.Эрдэнбаатар “Баавгай дуулах уу” хүүхдийн дуурийн тоглолтыг тоглохоор бэлтгэж байгаа аж.
Тус театрын ерөнхий захирал Ц.Төвшинтөгс “Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн татрын үүсэл хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг соёл урлагийн салбарын эрдэмтэн профессорууд, судлаач нартай хамтран зохион байгуулна” гэв.
Дашрамд дурдахад, тус театрын гоцлол дуучин, тенор хоолойгоороо олонд танигдсан Б.Батжаргал Солонгос Улсад сурахаар явах гэж байгаа бөгөөд нээлтийн тоглолтоор театрынхаа тайзан дээр сүүлчийн удаа дуулах аж. Тэрбээр, “Хэзээ дахин театрынхаа тайзан дээрээ гарч дуулахаа хэлж мэдэхгүй байна” хэмээсэн юм.