СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндсэн хуулиа уншиж амжсан уу, өөрчлөгдөх гэж байна шүү

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Иргэний санал бодол 

-Монголын шүүх өнөөдөр шударга үнэний дэнс мөн үү?

-Үгүй гэж жагсаалын цэрэг шиг нэгэн дуугаар хариулна. 

-Сайд нар бүгдээрээ давхар дээл нөмөрч л байг уу?

-Дан дээлтэй даарна биз дээ гэх хүний хайлган олдохгүй.

Монгол хүн бүр Монгол газрынхаа баялгийн эзэн нь байж чадаж байгаа биз дээ?

-Тоглоод байна уу, шоглоод байна уу?... 

Үгүй гэдэг хариулттай энэ мэтийн үндсэн эрхийг хөндсөн үндсэн бэрхшээлийг үндсээр нь шийдэх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл юм. Монголчууд өнөөдөр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах уу, үгүй юу ? гэдэг маргааныг давж гараад, 10 жилийн өмнө эхэлж, өнөөдөр оргил үедээ орсон үйл явц баталж байна. УИХ-ын олонх, цөөнхтэйгээ, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хамтдаа нэмэлт, өөрчлөлтийн төлөө зөвшилцөн хэлэлцэж байна. УИХ-д суудалгүй намуудын байр суурь, цахим санал асуулга, сошл сүлжээнд ч өөрчлөхийг дэмжсэн дуу хоолой давуу байна.

Улс төр, нийгмийн идэвхтэй хэсэг Үндсэн хуулиа өөрчлөх үү, хэвээр нь үлдээх үү? гэдэг үе шатаа ардаа орхиж, Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэтгэлцэж байна. Аль аль нь авах гээхийн ухаанаар хандаж, хэлэлцэж зөвшилцөн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэдэгт итгэж байна. Нэмэх, өөрчлөх заалт нэг бүрээр нарийвчлан ярьж үзэл бодлоо илэрхийлж байгаа идэвхтэй хэсэг байхад ерөөсөө яагаад өөрчлөх болсоныг анхаарч сонирхоогүй хүн олон бий. Хүмүүсийн олонхи Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын төлөө, зарим нь эсрэг байна. Харин дийлэнх олонхи нь аль талд биш учир нь Үндсэн хуулиа уншиж үзээгүй, ямар нэг санал бодолгүй явж байна. Ямар ч байсан болохгүй байна л гэж дийлэнх олонхи нь үзэж байгаа нь бол нэн тодорхой.

Үндсэн хуулиа яагаад өөрчлөх ёстой вэ? Өнөөдөр Монголд болохгүй байна уу, болоод байна уу? Эх орныхоо эзний ёсоор газрын баялгийн үр шимийг хүртдэг үү? Шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлдэг үү? Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тэнцвэртэй, харилцан хяналттай юу? Хариулт “Үгүй” гэж гарч байгаа нь өнгөн засал биш үндэс сууриас нь өөрчлөх бодит шаардлага гэж үзэж байна. Орон сууцаар бол суурь хана нь цуурсан, сантехникийн шугам сүлжээ нь зэвэрч муудсан. Бэхэлгээ хийж, сантехникийг нь солихгүй бол ус алдах нь зогсохгүй, барилга нурж унана.

Үндсэн хууль бол үндсэн зарчим, үндсэн эрх. Үндэснээсээ тусдаа мөчир ургадаггүй шиг асуудал эх үндэстээ байгаа салбар хуулиуд нь хэрэгжихгүй. Хорын үндсийг нь таслахгүй бол үр дагавар нь хэвээрээ. Техникээр бол мотор нь цохисон, хурд дамжуулах эд анги кроп нь эвдэрсэн. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах нь машинаа солино гэсэн үг биш. Мотортоо ээлж хийнэ, шинээр бооно, кропоо засч сэлбэнэ гэсэн үг. . Дордуулсан 7 заалтыг оруулахдаа 4 цаг хэлэлцээд баталжээ. Өнөөдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах ажил бол УИХ-ын гурван удаагийн бүрэлдэхүүн дамнаж, 10 жил үргэлжлэн, эрдэмтэн судлаачид, иргэд санал бодлоо хэлж зөвшилцөж байгаа үйл явц. Дөрвөн цагийн баталж амжуулсан “дордуулсан долоо”-гоор давхар дээл хэдэрч, УИХ-ын чуулах хугацаа гуравны нэгээр хорогдож, 51 биш 39 гишүүн ирсэн хуралдаан хүчинтэйд тооцогдон, 20 товчлуураар улс орны хувь заяаг шийддэг хууль батлагддаг болжээ. Өмнө нь дордуулсан учраас өнөөдөр дээрдүүлэх нь энгийн учир шалтгаан.

Үндсэн хууль зөвхөн Үндсэн хууль судлаач юм уу, УИХ-ын гишүүд, улстөрчдийн мэдэх эрх биш. Жам ёсны, заяамал эрх, эрх чөлөөтэй хэн бүхэнд хамаатай. “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах”, “Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах” зэрэг нэр томъёотой багц чиглэл, заалт бүрийг задлан шинжлэх судлаачийн байр сууринаас биш иргэний санал бодлоо илэрхийлж байна. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан болон Ерөнхийлөгчийн санал болгосон төслөөс дэмжиж буй зарим заалтын талаар иргэний хувьд үзэл бодлоо бичиж байна.

108 дарга биш 108 төлөөлөгч

УИХ 108 гишүүнтэй байх санал Нэгд, ойлгоход хялбар, Хоёрт, суварга, эрхиний тоотой тэнцүү, Гуравт, дарга олон болно гэж дургүйцсэнээс хамгийн их анхаарал татаж байна. Уг нь гишүүн бол дарга биш, сонгогчдын төлөөлөгч. 2 сая хүнд 76 төлөөлөгч байсан бол өнөөдөр 3,2 сая иргэнтэй болж бүл нэмсэн. Нэг гишүүн дундчаар 28 мянган хүн төлөөлж байсан бол 27 жилийн дараа 40 мянга давсан. Тэр хэрээр төлөөлөх чадамж буурсан. Сонгинохайрханд бол 100 мянган хүнд нэг гишүүн. 24 цаг унтдаггүй, ой санамжийн онцгой чадвартай гишүүн байлаа ч 100 мянган хүнийг төлөөлөх боломж хомс. Тоо ба чанар гэдэг ойлголт энд гишүүндээ биш сонгогчиддоо үндэслэж гарна. Хуучин социалист хоёр улстай харьцуулж үзье. Хүн амын тоогоор Улаанбаатартай ойролцоо 1,3 саяулаа Эстон улс 101 гишүүнтэй юм байна. Хүн ам 2 сая орчим Словен 150 гишүүнтэй байна. Манай УИХ 76 гишүүндээ тааруулж байнгын хороогоо байгуулж хуваарилна. Жишээ нь, НББСШУХ-ны Байнгын хороо гэж хэт олон салбар хамарсан супер бүтэц байна. Нэг гишүүн Байнгын хорооноос Байнгын хорооны хуралд амжиж суух нь өөрөө асуудал.

Хууль баталдаг хурууны тоо 

УИХ 108 гишүүнтэй ч боллоо ч, 76-гаараа үлдсэн ч бай хуралдаанд дийлэнх олонх нь оролцож, олонхийн саналаар хууль батлахаар нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Сумогийн 68 дахь аварга төрмөгц 68 хувийн татвар дүйцүүлэн авах омогшил огшлоо хууль болгох сэтгэл хөдлөл багасна гэж хүлээж байна. 7 хэмжиж 1 огтлох биш 1 хэмжиж 7 огтолдог, бүр 1 ч хэмжилгүй 7 огтолдог хууль цөөрнө гэж горьдож байна. 76-гийн 1 нь санаачилж 20 нь баталдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гуравны нэг хүрэхгүй саналаар хууль батлагдаж ирсэн нь төрийн өндөр босго намссаныг илтгэнэ. Үндэс нь ямар байна, жимс нь тийм байна гэдэг нь энд харагдана. УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар хууль батлахаар төсөлд тусгажээ. Нийт гишүүн 76-гаараа үлдлээ гэхэд олонх нь 39 болно. 108-аас бол 55 гишүүн дэмжиж байж хууль батална. Дордохын 7-гийн 20 товчлуур их засварт орно.

Давхар дээлээ эвхэнэ 

УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслөөр дээд тал нь дөрвөн сайд давхар дээлтэй байх квоттой. Ерөнхийлөгчийн саналаар бол Ерөнхий сайдаас бусад нь дан дээлтэй байна. Аль ч тохиолдол давхар дээлийг хазаарлана. Гурван давхар дээлтэй тохиолдол ч бишгүй гарсан. УИХ-ын гишүүн Байнгын хороон даргаас бууж амжилгүй сайд болж гурав давхарласан тохиолдол ч бий. Наадамд гурван даваагүй ч, төрд гурван дээлтэй гэж ханхалзаж болно. Өөрийнхөө гүйцэтгэсэн ажлыг өөрөө хянах нь өөрийн шүүмжлэл өрнүүлдэг кампанит ажил хийдэггүй юм бол боломжгүй. Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэхийн холион бантан, хяналт тавих, гүйцэтгэх эрх мэдлийн хутгалдаан арилахыг дэмжиж байна. Ерөнхий сайд дархлаатай байхын тулд давхар дээлтэн болж үлдэх магадлалтай. 

Аймаг доторх аймаг

Мөхөс миний бодоход дэлхийн аль ч улсад муж дотор муж, аймаг дотор аймаг байдаггүй. Аймгийн хажууд аймаг байдаг. Мужийн хажууд муж байдаг. Аймаг дотор аймаг байдаг нь цор ганц Монгол Улс. Оросын Эрхүү муж дотор өөр нэг Архүү гэдэг ч юм уу ямар нэг муж байхгүй, хажууд нь Буриад орших жишээтэй. Булган аймаг доторх Орхон аймаг, Сэлэнгийн дундах Дархан-Уул аймаг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж сая Эрдэнэт, Дархан хот болно. Эрдэнэт, Дархан хот биш учраас дүүрэг нь сум болчихдог. Хороо нь баг болчихдог. Эрдэнэтийн сум ихэнх аймгаас олон хүнтэй. Ром дотор Ватикан оршдог боловч шашны онцгой улс. Эрдэнэтэд Христийн сүм байдаг ч Пап залардаггүй, тэгээд ч тусгай улс биш. Булган, Сэлэнгэ аймаг аймгаараа, Эрдэнэт, Дархан хот хотоороо хөгжинө.

Алсын хараа компанид л байдаг 

Улс орнууд хөгжлөө 5, 10, бүр 30, 50 жилээр харж төлөвлөж байхад Монголд УИХ, Засгийн газар, нэгэн бүрэн эрхийн 4 жилийн хугацааныхаа талд нь л ажил хийдэг. Эхний жилд нь сонгуульдаж ядраад жаахан амарч, намраас эхлэн, ажилтайгаа танилцдаг. Зүг чигээ олж, ажлаа хийх гэдэг хугацаа нь 2 жил. Үлдсэн жилд нь сонгуульдаад алга болдог. Тийм их мөнгө банкинд л байдаг байх гэдэг шиг тэр их алсын хараа гэдэг юм компаниудад л байдаг.

Нялхсын эндэгдэлтэй Засгийн газрууд 

27 жилд 14 засгийн газар солигджээ. Сайд нарын танхимаас П.Жасрай, Н.Энхбаярын толгойлсон хоёр нь л хугацаагаа дуусгаж, бусад нь дундчаар ой 8 сартайдаа явчихсан байна. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар 1998 онд 7 сар 14 хоног, Ж.Наранцацралтын Засгийн газар 7 сар 13 хоног оршин тогтнож байв. Нэг жилийн цэргийг цэрэг биш гэдэг. Нэг жилийн Засгийн газар юу болох вэ? Англи хэлний ахисан шатны курсэд ч хүрэхгүй хугацаа. Сүүлийн гурван жилд Боловсролын сайдад 4 хүний нүүрийг үзэж байна. Ажлыг нь хянах нь битгий хэл нэр, зүсийг нь цээжилж амжаагүй байхад л аяга цай ч уучихгүй буугаад мордчихдог этгээд болж орхисон байна. Ерөнхий сайд өөрөө сайд нараа биш УИХ багийг нь бүрдүүлдэг, тэгээд өөрсдийгөө томилдог, фракциудыг гомдоохгүй, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэж хандахаас өөр аргагүй. Монголын циркчид гэж алдаршиж байгаа Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийг удирдлага нь, бүрэлдэхүүн нь гар нийлэх тамирчнаа сонгох эрхгүй бол Монгол ялахгүй, Монгол ялагдана. Өөрөө багаа томилдоггүй Ерөнхий сайдын өмнө Засгийн газрын гишүүн нь ажил хариуцахаасаа илүү фракцийнхаа өмнө ажил амжуулдаг. Ерөнхий сайд төсөв гэдэг мөнгөний авдрын түлхүүрийг барьсан шүдгүй арслан. Арслантай гүүрний хөшөө л гэсэн үг. Ерөнхий сайд гэхээр У.Хүрэлсүхийг нэрлэж байгаа юм биш. Алтансүх, Мөнгөнсүх хэн ч байсан тогтвортой ажиллаж, амлалтаа биелүүлж, дүнгээ тавиулдаг тогтолцоог төсөөлж байна. Үндсэн хуульд үндэс нь бий.

Монгол Улсын иргэн Т.Ганхуяг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.