СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-24

LIVE: Н.Энхбаяр: УИХ-д өргөн бариагүй Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд хүргүүлэх саналаа улстөрийн 14 нам хамтран боловсруулж, гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих үйл ажиллагаа өнөөдөр “Пума империал” зочид буудалд болсон. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй процесс хийгээд улстөрийн 14 нам ямар өөрчлөлт оруулах саналаа хүргүүлснийг тодрууллаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-МАХН Үндсэн хуулийг өөрчлөх асуудал туйлын нухацтай хандаж байгаа. МАН дангаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байгаа нэрээр өөрсдийнхөө байр суурийг бэхжүүлэх, өндөр суудалд суух хугацаагаа уртасгах зорилго агуулж, улайран зүтгэж байна.

Харамсалтай нь тэд бидний үгийг сонсохгүй байна. Улстөрийн намуудтайгаа зөвшилцөхгүйгээр шийдэх гэж байна. Үндсэн хууль нь онолоор ч тэр, практикаар ч тэр төр ард түмний хоорондын гэрээ гэж явдаг. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, малчид, улстөрийн намуудтайгаа ярьж зөвшилцсөний үндсэн дээр Үндсэн хуулийг батлах ёстой байтал МАН-ынхан мухайрлаж зүтгээд байгаа учраас өнөөдөр улстөрийн 14 нам нэгдэж байр сууриа илэрхийлж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж процесс нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  журмын тухай хуулийг маш ноцтойгоор зөрччихсөн байна. Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн л бол УИХ тасалдалгүйгээр хэлэлцэх журамтай. Гэтэл наймдугаар сарын есөнийг хүртэл УИХ-ын чуулган тасалдчихлаа. Дээр нь УИХ-ын гишүүдийн гарын үсэг зурж өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийн төслөөс тэс өөр хуулийн төслийг хэлэлцээд эхэллээ. Нэг үгээр хэлбэл УИХ-д өргөн бариагүй Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах олон саналуудаас нэгийг нь гол болгон авч үзээд, бусдыг нь харгалзан үзэх санал хэмээн нэг бүрчлэн хэлэлцэх ёстой байтал учраа олохгүй янз янзын санал өгсөөр байна. Иймд энэ асуудлыг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй.

Улс оронд тулгамдаад байгаа олон асуудал байсаар байхад тэдгээрийн нэгийг ч шийдэхгүйгээр хэнд ч захирагдахгүй, намын дарга, Засгийн газрын тэргүүний саналаас өөр хэний ч саналыг авахгүйгээр төсвөө баталдаг заалтуудыг Үндсэн хуульд хийх гэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улс орнууд Үндсэн хууль өөрчлөлт оруулах ассамблей байгуулж, нухацтайгаар хэлэлцэж, чухал гэсэн бүх асуудлаа хагалж шийддэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа өргөн барьсныхаа дараа улстөрийн намуудыг хүлээн авч уулзаад “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналуудаа та бүхэн нэгтгээд өгөөрэй” гэсний дагуу бид бүхэн саналуудаа нэгтгээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд дагалдуулан хүргүүллээ. Энэ саналаа УИХ-д ч гэсэн хүргүүлнэ. Үндсэн хуулийг өөрчлөх мэтгэлцээнийг ил тод нээлттэйгээр, хамгийн гол нь өнөөдөр маргаашийн дотор эхлүүлээч гэсэн шаардлагыг хүргүүлсэн байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.