“Говь” ХК-ийн бохирын станцад 18 настай, эрэгтэй, Л унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг ослын талаарх нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллийг хүргэе.
Албан бус эх сурвалж:
“Говь” үйлдвэрт шинээр ажилд орсон залуу ажлын байран дээрээсээ гэнэт алга болсон учраас тухайн хэсгийг хариуцсан инженер нь ар гэрийнхэн рүү нь залгаж, хүү чинь гэртээ очсон уу хэмээн тодруулсан юм билээ. Тэгмэгц ар гэрийнх нь хүмүүс “Говь” үйлдвэр дээр ирцгээсэн гэсэн.
Осол болсон гэх бохирын станц нь нэг өрөө байрны хэмжээтэй байдаг. Доод тунгаагуур нь яг ямар хэмжээтэй байдгийг мэдэхгүй, ноолуур угаах явцад ялгарсан малын өтөг бууц, шалбаагт талийгаач живсэн байдалтай олдсон гэх яриа байна. Онцгойгийнхон анх ирээд талийгаачийн цогцсыг олоогүй юм билээ. Тэгээд талийгаачийн харьяалагддаг хэлтсийн дарга нь шөнө ирж камер шүүгээд орсон дүрс нь байна гарсан нь байхгүй байгаа учраас осолдсон нь гарцаагүй гэж үзэн лагийг соруулснаар цогцсыг шөнө олсон байсан.
Ослын талаарх хэвлэл мэдээлэл битгий хэл ар гэр, найз нөхөддөө ямар ч мэдээлэл гаргахыг хатуу хориглоно гэх мэдэгдлийг үйлдвэрээс гаргасан байна билээ. Өнөөдөртөө багтааж үйлдвэрээс ямар нэгэн мэдэгдэл гаргах байх гэв.