Мөнгөн усны үндэсний тооллогын дүнгээс үзэхэд манай улсад хүний үйл ажиллагааны нөлөөгөөр жилд 94.5 тонн мөнгөн ус ялгарч байгаагаас 91 орчим хувь нь үндсэн металлын үйлдвэрлэлээс буюу үндсэндээ алт, зэсийн олборлолт, анхан шатны боловсруулалтаас ялгарч байна.
Манай улсын хувьд НҮБ-ын “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц”-д нэгдэн орсноор мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнүүдэд тухайлбал, мөнгөн ус агуулсан батарей, унтраалга, флюрецент гэрлийн шил, гоо сайхны бүтээгдэхүүн, хэмжилзүйн багаж тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспортыг үе шаттайгаар хориглож байгаа юм.
Бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр мөнгө ус агуулсан гэсэн бичиг байдаггүй бөгөөд найрлага дээр нь мөнгөн усны давс гэх мэтээр бичсэн байдаг байна. Манай иргэдийн хувьд өдрийн чийдэн хэрэглэх болсон. Гэтэл өдрийн гэрлийн нэг ширхэг шил бага хэмжээний, дунджаар дөрвөн миллиграмм мөнгөн ус агуулдаг байна. Харин халуун хэмжигчид ойролцоогоор 500 миллиграмм мөнгөн ус байдаг ажээ. Гэрлийн шил бүрэн бүтэн байхдаа мөнгөн ус алдахгүй. Хэрвээ хагалсан тохиолдолд өрөөнөөс хүмүүсийг гарган, агаар оруулах хэрэгтэй бөгөөд тоос сорогчоор соруулж болохгүй. Харин нэг удаагийн чийгтэй арчигчаар цуглуулж аван тусад нь уутлан хаях хэрэгтэй.
Мөнгөн усаар хүн хордсон тохиолдолд ямар нэгэн аргаар зайлуулж, саармагжуулан алга болгодоггүй. Харин ч хүнд мөнгөн ус хуримтлагдан үлддэг. Өөрөөр хэлбэл цацраг идэвхт бодис мэт хуримтлагдан сөрөг нөлөө үзүүлдэг хортой бодис юм.
Манай улсын хувьд мөнгөн усыг импортлохыг хориглосон ч хууль бусаар орж ирэх тохиолдол буурахгүй байгаа юм.