Хонконгийн Засгийн газар Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан хонконгчууд өнгөрсөн ням гарагт дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид барилга байгууламж эвдэн сүйтгэж, цагдаагийн алба хаагчид руу шатаж буй лонх, тоосго шидэж, гал тавьжээ. Мөн Хонконгийн метроны буудлын ойр хавьд байсан иргэд рүү зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас 45 хүн бэртэж гэмтсэн байна. Зарим гэрчийн мэдүүлснээр энгийн иргэд рүү халдсан этгээдүүд эх газрын Хятадын дугаартай авто машинтай байжээ.
Хонконгчуудын зүгээс Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг баталчихвал тус улсын эрх баригчид дураараа аашилж, өөрсдийг нь эсэргүүцсэн хэн бүхнийг яллах боломж бий болно гэсэн айдастай байгаа бөгөөд олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байгаа юм. Ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд 400 орчим мянган хүн оролцжээ. Харин цагдаагийн байгууллагын зүгээс 138 мянган хүн оролцсон гэсэн мэдээлэл өгсөн байна. БНХАУын зүгээс эмх замбараагүй нөхцөл байдал үүсгэж, өдөөн турхирсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдээд байна.