СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-22

Ерөнхийлөгчийн төслийн хэлэлцүүлэг энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо.
Хэлэлцүүлэгт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллүүд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх дээрх хэлэлцүүлэг энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд:

7/22-ны өдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах
7/23-ны өдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах
7/24-ны өдөр Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах,
7/25-ны өдөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох,
7/26-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвээр болох юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга: 

"Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, давхар дээлтэй сайдуудын тоог багасгаж 4-5-ын хэмжээнд зөвшөөрөх, Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлөх эрхийг олгох, Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавих, төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглох зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Харин миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдэд давхар дээлтэй буюу Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох, Засгийн газар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал Ерөнхийлөгч болон Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсаны үндсэн дээр баталдаг байх, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох” зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна" гэсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.