Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, суут хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравыг өнөөдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумынх нь нутагт нутаглууллаа.
“Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” зэрэг 70 гаруй дан хөгжмийн бүтээл, 300 гаруй дуу, романс, киноны уран бүтээл туурвисан агуу суут уран бүтээлчтэй салах ёс гүйцэтгэх ёслол өнөөдөр өглөө 04.30-05.30 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, 06.00 цагаас оршуулгын цуваа Хэнтий аймгийн зүг хөдөлсөн юм.
“Монголын их тал нутаг, нүүдэлчдийн ахуй амьдралаас эх ундаргаа авч зохиосон түүний суут бүтээлүүд нь Монгол үндэснийхээ тусгаар тогтнол, оюун сэтгэлгээний гал дөл болж, дэлхийн даяар түгэн цуурайтаж, зуунаас зуун дамжин мөнхөд амьдрах болно. Хан Хэнтий уулынхаа дэргэд, Хатан Хэрлэн мөрөнгийнхөө хөвөөнд Сэрсэн их талынхаа, сэрүү татсан дэнждээ өөрийн гэрээслэлийн дагуу, өнө мөнх нойрсоорой” хэмээн Хэнтий аймгийн нутгийнхан эмгэнэл илэрхийлжээ.