Дэлхийн хүн төрөлхтөн бидний төсөөллөөр сар зөвхөн нарны аймагт л байдаг. Гэтэл одон орон судлаачид анх удаа энэ ойлголтыг эрс няцааж, нарны аймгаас гадна байдаг сарыг олж илрүүлжээ. Эрдэмтдийн олж илрүүлсэн сар хэмжээгээрээ Далай ван гаригтай ойролцоо, дэлхийгээс 8,000 гэрлийн жилийн тэртээ оршдог байна. Аварга том хийн гаригийн тойрог замд байрлажээ.
Нарны аймагт 200 орчим сар байдгийг одон орон судлаачид олж тогтоосон. Харин нарны аймгаас гадна задгай сансарт сар байдгийг урьд нь олж илрүүлж байгаагүй. “Хэрэв сар гэдгийг бүрэн нотолчихвол гариг хоорондын тогтолцоог судлах ажилд маш том ахиц, өөрчлөлт гарна” гэж Колумбын Их сургуулийн одон орон судлалын дэд профессор Дэвид Киппинг ярьжээ. Тэрээр нарны аймгаас гадна байрладаг сар олохын тулд арав гаруй жил зарцуулсан байна.
Мэдээллийг илүү баттай болгохын тулд дахин ажиглалт явуулна гэжээ. Кеплер-1625b гаригийн тойрог замд байрлах сар Далай ван гаригтай харьцуулахад том. Хэрэв манай дэлхийн дагуул байсан бол бидний шөнө бүр хардаг сарнаас хоёр дахин том хэмжээтэй харагдана.
Колумбын Их сургуулийн эрдэмтэн Дэвид Киппинг, хамтрагч Алекс Тийчигийн хамт НАСА-ын Хабл сансрын дурангаар ажиглалт хийж байгаад од хоорондын тогтолцоонд байгаа сарыг анх олж харжээ. Тэдний хийсэн судалгаанд тойрог замтай 284 гаригт бүртгэгдсэн байна. Асар уудам сансар огторгуйд сарны тогтолцоо 10 тэрбум жилийн тэртээ бүрэлдсэн гэж үздэг. Сар тойрон эргэдэг гаригаасаа гурван сая км-т байрладаг ч урьд өмнө нь илүү ойрхон байсан ч байж магадгүй гэнэ.
Эх сурвалж: www.cnn.com