СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-07-22

Д.Сүхбаатар: Олон хүний хөлс, хүч, ач, буянд би гавьяат жүжигчин боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

С.Бэрцэцэг

“Ацаг шүдний зөрүү” Монголын уран сайхны киноны Намжилын дүрээр ард түмний сэтгэлд мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр “Төрийнхөө сүлдэд, түмэн олон монголчуудадаа, тэнгэрийн оронд заларсан ижий, аавдаа сөгдөн мөргөе” хэмээн хүндтэйгээр шагналаа авсан байна. Дарханы театраас ажлын гараагаа эхэлж, “Монгол кино” нэгтгэлд кино дуу оруулагчаар ажиллаж, жүжигчний мэргэжлээрээ олон арван тайз, дэлгэцийн бүтээлийг чадварлаг амилуулж, драмын урлагт 42 жил тасралтгүй зүтгэжээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу, сайхан зусч байна уу. Юун түрүүнд гавьяат жүжигчин болсонд тань сониныхоо нийт уншигчдын өмнөөс баяр хүргэе. та манай уншигчдад яг шагнал авч байх үеийн торгон мэдрэмжээсээ хуваалцана уу. Юу бодогдож, юу гэж хэлмээр санагдаж байв?

-Монгол түмэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Шагнал авах үедээ ижий, аав хоёр минь байсан бол сайхан даа гэж бодсон. 

Аав, ээж хоёртоо очиж үнсүүлээд “Монголын төр намайг үнэллээ, хүү нь гавьяат жүжигчин болчихлоо” гэж хэлэхийг үнэхээр их хүссэн. Төрийн ордны шатаар бууж явахад нэг сэтгүүлч ярилцлага авав. Өмнө нь ярилцлага өгөхөөр сандардаг байсан, харин тэр мөчид их сайхан тогтуун тайван ярьсан. “Төрийнхөө сүлдэд, түмэн олон монголчуудадаа, тэнгэрийн оронд заларсан ижий, аавдаа сөгдөн мөргөе дөө” гэж хэлсэн. Өмнөх өдөр нь шагнал авна гэж баярлаж тэвдээд байсан зүйл байхгүй. Юу гэж хэлэх билээ гэж бодоод бэлдсэнгүй. Шагналаа аваад гараад иртэл олон сайхан дүү нар, уран бүтээлч андууд, гэр бүл, хамаатан садан гээд хэчнээн олон хүн цугласан байв даа. Миний баярыг хуваалцсан бүх хүнд баярласан.

-Арай жаахан хожимдож гавьяат боллоо доо хэмээн хүмүүс ярих юм. Та үүнтэй санал нэгдэх үү. Юу гэж бодож байгаа вэ?

-Хүмүүс намайг хожимдож гавьяат боллоо гэж яриад байгаа юм. Надад бол тэгж санагдахгүй байна. Ер нь ямар ч гавьяа шагналыг хийсэн бүтээснээрээ хүртдэг жамтай. Харин ч сайхан хүмүүстэй нэг эгнээнд зогсож төрийн тэргүүнээсээ шагнал авсан нь азтай хэрэг.

-Хэдхэн хоногийн өмнө хамт шагнал аваад нэг эгнээнд зогсож байсан нөхөр тань бурхны оронд заларсан хүнд мэдээг та дуулсан биз ээ?

-Монгол түмэнд том гарз тохиолоо доо. Талийгаач Б.Шарав бид хоёр “Ивээх наран” гэдэг кинонд хамтарч ажиллаж байлаа. Би нөхөдтэйгөө хамтраад кино бүтээх болоод киноныхоо утга санааг илэрхийлэх “Цэнхэрийн гол” аяыг Б.Шараваар бичүүлсэн юм. Киноны найруулагчаар нь би өөрөө ажилласан. Дүрсийг нь телевизийн зураглаач Өлзийбаяр авч байлаа. Дашдулам монтажны найруулагчаар ажиллаад, Батзориг гэдэг залуу кино зохиолыг нь бичиж, өөрөө гол дүрд нь тоглосон. Батзориг гэж “Бадарчин” нэвтрүүлгээр Сибирийн тайгыг банхар нохойтой туулсан мундаг залуу бий. Бид хэд кино дүрсээ Б.Шаравт үзүүлээд ая зохиогоод өгөхийг хүссэн юм. Эхлээд дууны ая захиалсан. Тэгтэл маш гоё зохиосон байсан. Харин энэ гоё аяа киноны бүтэн ая болгоё гээд дараа нь киноны дууны ая зохиолгосон. Дуучин Х.Болормаагийн “Хорвоо буруутай гэж үү” гэдэг нэртэй сайхан дуу бий. Уран бүтээлийн нөхөртэйгээ хамт төрийн ордонд шагнал авснаа бэлэгшээн баярлаж суутал анд маань арай л эрт явчихлаа. Дээд оюун ухаан байдаг газар Б.Шарав маань хэрэг болсон юм байлгүй дээ.

-Та хүүхэд ахуй наснаасаа л жүжигчин болно гэж хүсэж, мөрөөдөж байв уу?

-Хүүхэд байхдаа ном, шүлэг, зохиол их уншдаг байлаа. Сурагч байхдаа дэлхийн сонгодог романуудыг дуусгасан. Монголын сор болсон зохиолчдын зузаан роман болох Б.Ренчин гуайн “Хөх тэнгэр”, Ч.Лодойдамба, Ж.Гал гэх мэт шилдэг зохиолчдын номоос салдаггүй байв. Үеийнхнээсээ түрүүлээд олон сайхан зохиол уншсан даа. Тооны хичээлдээ маруухан нэгэн явсан шүү. Харин аман хичээлдээ сайн байсан. Багшийн хэлснийг тэр дор нь дуржигнатал ярьдаг хүүхэд байлаа. 14 дүгээр сургуулийг төгссөн. Аав маань намайг багш болгоно гэж их хичээсэн дээ. Би тэр итгэл найдварыг нь биелүүлж чадаагүй. Хичээлдээ муу, хичээлээ хийхгүй зүггүйтэж яваад шалгалтад тэнцээгүй. Тэр үед аав минь “За хүү минь, багш болохгүй бол сайн ажилчин бол доо” гээд Хүнсний техникумд оруулж байлаа. Хоёр жил суралцаж төгсөөд талхны үйлдвэрт ажилд орсон. Удалгүй барилгын цэргийн 012 дугаар ангид татагдсан. Цэрэгт байхдаа л урлаг соёлын ажилд урамтай клубын цэрэг болсон доо. Тэр үеэс л заавал жүжигчин болно гэж бодож эхэлсэн түүхтэй.

-Заавал жүжигчин болно гэсэн бодолдоо хөтлөгдөөд хамгийн анх хаана, хэнд шалгуулж байв?

-Гурван жилийн цэргийн албаа хааж дуусаад ахлах ахлагч болоод цэрэгт үлдсэн. Хоёр жил ажиллаад тэр үеийн улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин Даваасүрэн гээд буянтай буурал байлаа. Тэр хөгшний бага хүүтэй цэрэгт байхдаа сайн найзууд явсан. Тэгээд тэр найзын минь ижий намайг хүүхэлдэйн театрын уран сайхны зөвлөлд шалгуулахаар болсон юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Чойсан найруулагч, хүүхэлдэйн театрын дарга, Улсын гавьяат жүжигчин Л.Чимэддорж, А.Доржпүрэв гэх мэт тав, зургаан хүний бүрэлдэхүүнтэй уран сайхны зөвлөлд шалгуулсан. Уран сайхны зөвлөлөөс Соёлын яаманд энэ хүүг цэргээс халж хүүхэлдэйн театрт хуваарилж өгөөч гэсэн хүсэлт гаргахаар болов. Миний хөл газар хүрэхгүй баярлаад хоёр, гурван сар боллоо доо. Арай гэж цэргээс халагдаад хүүхэлдэйн театртаа очтол орон тоо байхгүй гээд намайг авсангүй. Тэгээд хүүхэлдэйн театр ч орсон юм байхгүй. Цэрэгт ч ажилласан юм байхгүй өнгөрдөг юм байна. Ингээд л хөөрхий эргээд талхны үйлдвэртээ ажиллахаар болсон доо. Гэхдээ үйлдвэрээс байр өгч намайг их дэмжсэн шүү.

-Дарханы театрт хэзээнээс ажиллах болсон бэ?

-Дарханы театрт жүжигчин шалгаруулж авна гэдэг зар сонсоод ажлаасаа чөлөө аваад очсон. Тэнд надад таних, мэдэх хүн байхгүй. Тэгээд И.Нямгаваа найруулагч, гавьяат жүжигчин Д.Долгор, дуу хуурын багш Дарьсүрэн гээд гурван хүнд шалгуулахаар боллоо. И.Нямгаваа гуай “Чамд Дарханд хамаатан садан, таньдаг мэддэг хүн бий юү” гэж байна. Тэгэхээр нь би “Байгаа, байгаа” л гэлээ. Залуу ч байж дээ, дөнгөж 25 настай. Тэгээд шалгуулж дуусаад манай талхны үйлдвэр рүү бичиг явуулахаар болсон юм. Нөгөө бичиг нь нэг сар ирсэнгүй. Намайг жүжигчнээр авах өнгөрч дээ гэж бодоод ажлаа хийж байтал дарга дээр бичиг ирсэн шүү гэж байна. Ядамсүрэн гээд даргынхаа өрөөнд ороод “Дарга аа, нэг бичиг ирсэн гэсэн. Би жүжигчин болох санаатай” гэтэл манай дарга “Би ганцаараа шийдэхгүй үйлдвэрийн хариуцлагатны зөвлөгөөнөөр чиний асуудлыг авч хэлэлцэнэ” гэв. Даргын өрөөнөөс гараад намын даргатай уулзлаа. “Ах аа, намайг бодоорой” гэдэг шиг бүх дарга нартай уулзаад намайг дэмжээрэй гээд нөлөө бүхий хүмүүсийг гуйсан даа.

Тэгээд хурлаар намайг Дархан явахыг зөвшөөрөөд 1975 оны тавдугаар сарын 1-ний өдөр буюу “Майн баяр”аар театртаа ажиллахаар болсон. Баярын жагсаалын дараа очих газар байхгүй театрын тайзан дээр гурав хонолоо. Хурал цуглаан болохоор дэвсдэг хивсэн дээр л унтдаг байв. Тэгээд найман метр квадрат өрөөнд амьдрахаар болж ажлын гараагаа эхлүүлж байлаа даа. Долоон жил И.Нямгаваа найруулагчийн удирдлагад ажилласан. Тэр үеийн Дарханы театрын уран бүтээлчид чадварлаг, авьяаслаг мундаг уран бүтээлчид байлаа. 1975 оны намар Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн зургаан жүжигчин томилогдон очсон. Мөн Хөгжим бүжгийн сургуулийн бүжгийн анги тэр чигтээ эвлэлийн илгээлтээр ирдэг юм байна. Ингэж л манай Дарханы театр урлагийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй болж тэр үедээ орон нутгийн театруудаас хамгийн шилдэг нь болсон. Шилдэг байсан шалтгаан нь нэгдүгээрт, боловсон хүчний бодлого зөв байсан, хоёрдугаарт, найруулагч И.Нямгаваа гэдэг хүний ур чадвар, театрын дарга О.Жадамбаа гэдэг хүний удирдлагын ухаан гээд сайхан тохироо бүрдсэн хамт олонтой ажиллаж байсан даа.

-Кино салбарт хэзээнээс ажиллах болсон бэ?

-1983 оны хавар улсын Хүүхдийн театрт ажиллахаар болоод хот руу шилжсэн. Л.Лхасүрэн найруулагчийн удирдлага дор нэг жил ажиллаад Кино үйлдвэрийн орчуулгын киноны баг хамт олонтой ажиллахаар болсон. Тэр үеийн Ц.Цэнд-Аюуш, Н.Дагийранз, Р.Дамдинбазар, У.Осор гээд шилдгүүдтэй ажиллах хувь надад тохиосон. Тэр үед “Монгол кино” үйлдвэр жилдээ долоон монгол кино, 40-50 орчуулгын кино хийдэг байж. Оросын болоод тэр үеийн социалист орнуудын кинонд дуу оруулна. 

"Ацаг шүдний зөрүү" Монголын уран сайхны кино.1985 он.

-Та хэчнээн кинонд дуу оруулж, дүрд тоглож байв. Тоолж үзсэн үү?

-Тоолж үзсэнгүй. Миний нэг сул тал бол хийсэн ажлаа тоолж, бүртгэж, материал цуглуулдаггүй. Тэрүүгээрээ бахархсан ч юм алга, харамссан ч зүйлгүй дээ. Өөрт оногдсон ажлаа, дүрээ гайгүй хийчихвэл баясаад, тааруухан хийвэл гэмшээд өнгөрдөг.

-Анх ямар кинонд дүр бүтээж байсан тухай дурсамж сөхөхгүй юү?

-Дүр бүтээнэ гэдэг маш өндөр хэмжээний ур чадвартай гайхамшигтай жүжигчдийн хийдэг ажил, хэлдэг үг. Дүр бүтээсэн жүжигчид гэвэл Ц.Цэгмид, Г.Гомбосүрэн гэх мэт алдарт алтан үеийн гайхамшигт хүмүүс л дүр бүтээсэн. Түүнээс биш надад дүр бүтээнэ гэдэг үг арай хүндэднэ. Харин ажилласан дүр гэвэл өөр шүү дээ. Жүжигчин хүн ялгаагүй л ажил хийж байгаа. Анхны ажилласан дүр бол Р.Доржпалам найруулагчийн “Шинэ хотын гэрэл” кинонд 1978 онд ажилчин залуугийн дүрд тоглоод камерын өмнө өвдөг чичирч байлаа. Гол дүрийн хувьд Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн “Эхлэл” гээд Эрдэнэтийн тухай киноны Хүдэрийн дүрд тоглосон. Энэ дүрд сайн ажиллаагүй санагддаг. Сайн найруулагч, мундаг жүжигчидтэй хамт ажиллаж байлаа даа. Сайхан хүмүүсийн нөмөрт ажиллаж байсан тул их зүйл сурсан. Надад өөрт бол киноны дүр дээр ажиллах туршлага, ур чадвар байгаагүй. Хэцүү юм билээ. Үүний дараа “Ацаг шүдний зөрүү” Монголын уран сайхны киноны Намжилын дүрд дээр нэлээд нухацтай, сайн ажилласан. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Зэлэм жанжны дүрд сайн тоглож чадаагүйдээ харамсдаг. 

-Ажилласан бүх дүрээ эргээд бодохоор хамгийн сайн тоглосон аль киноны ямар дүр байв?

-Мэдээж “Ацаг шүдний зөрүү” киноны Намжилын дүр. Их азтай тохиолдлоор энэ дүрд тоглосон. Жүжигчин хүн кинонд тоглоно, дүрд ажиллана гэдэг жүжигчний хүслээр болдог зүйл биш. Эхлээд найруулагчид таалагдана. Найруулагч л тухайн жүжигчнийг сонгож өөрийнхөө кинонд тоглуулах шийдвэрийг гаргадаг. Манай зарим нэг жүжигчин ачтай, буянтай хүмүүсийн тухай дурсдаг ч үгүй. Өөрийнхөө сайндаа дүрд ажиллачихсан юм шиг ханддаг. Үгүй шүү дээ. Жишээлбэл, намайг найруулагч Б.Балжинням анх сонгож “Ацаг шүдний зөрүү” кинонд тоглуулаагүй бол би юу гэж гавьяат жүжигчин болох вэ дээ.

Найруулагчийн хараанд өртөнө гэдэг чухал. Зөвхөн жүжигчин хүн дүрд тоглоод тухайн кино үзэгчдийн хүртээл болохгүй. Зураглаач, зураач, туслах ажилчин, тогооч гээд бүх хүний хүчээр кино бүтнэ. Тэгээд тэр жүжигчин ард түмэнд танигдана шүү дээ. Хоолыг нь хийж байгаа тогооч байна. Натурт гарахад нь гэр бариад хуруу гар нь шалбарсан ажилчин байна. Тэр хүмүүсийг бүгдийг нь хайрлаж, хүндэлж байх хэрэгтэй. Би энэ хүмүүсийн буянд олны танил боллоо гэж бодож яв. Кино баг сайн ажиллаж байж л тухайн кино олонд хүрнэ. Өлөн хоосон ходоодтой жүжигчин зургийн талбайд гэдэс нь хонхолзоод яаж сайн дүрд тоглох билээ дээ. Энэ бол тогоочийн ач гавьяа биз. Зуны халуунд хөлсөө дуслуулаад кино багт хоол хийж байгаа тогоочийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Хүн бүрийн хүч хөдөлмөрийг үнэлж, хүндэлж, сурна гэдэг том соёл. Эдгээр энгийн ажилчин хүмүүсийг байнга дурсаж, урам хайрлаж, санаж явах нь чухал. Олон хүний хөлс, хүч, ач, буянд өнөөдөр би гавяат жүжигчин болсон. Хүний хүч хөдөлмөрөөр гавьяат болчихоод тэднийг дэвсэлж, доромжилж, хамраа шантайлган их зан гаргаж болохгүй. Үргэлж хамт олноо тэтгэж, магтаж, урамшуулж нэг нэгнийхээ дэмэнд амьдарч хөдөлмөрлөнө. Ганц жүжигчин мундаг болохгүй, сайн найруулагч од болохгүй.

-Та хоёр ч киног найруулж байсан гэсэн. Жүжигчнээр ажиллаж байгаад найруулагч болох ямар санагдаж байсан бэ? 

-Найруулагчаар ажиллана гэдэг маш их мэдлэг, боловсрол, ур чадвар, хөдөлмөр, хөрөнгө мөнгө ордог юм билээ. Би хоёр кино найруулах гэж оролдсон. Тэгээд ахиж кино найруулаагүй. Миний тэнхээ хүрэхгүй, чадахгүй юм байна гэдгээ мэдсэн. Өөрийгөө өөр талаас нь нээн хөгжүүлэх гэж үзсэн.

-Алтан үеийн жүжигчидтэй хамт ажиллаж байсан хувьтай хүний хувьд одоогийн залуу уран бүтээлчдэд юу захиж, өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

-Хүн ямар байж байгаад хаанаас ургаж гарч ирэв, ямар хөрсөн дээр ургасан эсэхээ үргэлж бодох хэрэгтэй. Би хүүхдүүдэдээ захидаг. Хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй. Би төрөх дөө гавьяат жүжигчин болж төрөөгүй шүү дээ. Анхнаасаа л алдар цолтой эхээс мэндлээгүй. Би хүүхэд байсан, амьдралд алдаж оносон. Тэр сайхан хүмүүсийн буянаар алдар цолонд хүрсэн гэдгийгээ санаж явдаг. Чингис хааны зарлиг байдаг шүү дээ. Алтан улсыг өглөө бүр надад сануул гэдэг шиг би анх ямар байв, одоо ямар болов, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нь хэний ач буян билээ гэдгийг санагтун. Харин драмын жүжигчид, мэргэжлийн жүжигчид эх хэлээрээ, монгол хэлээрээ зөв ярьж, илүү сайн судалж мэдээсэй гэж хүсэж байна.

-Монгол хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж сурах гэдэг өнөөгийн нийгмийн залуучуудад тулгамдаад байгаа нэг асуудал болсон. Мөн кино зохиолын чанар, чансаа, жүжгийн зохиолын үг хэл гээд энэ тал дээр та юу гэж боддог вэ?

-Монгол хэл айхтар гэмтэж, хугарч, нугарч, шархалж, өвчилж байна. Одоо хөгшин залуугүй, боловсролтой, боловсролгүй бүгд гадаад үг хэрэглэх болжээ. Зарим хүн контент гэж ярих юм. Үүнийг бүтээл, уран бүтээл гэж ярих боломжтой. Монгол хүн бүр үүнд онцгой анхаарах цаг болсон. Тэр дундаа уран бүтээлчид үүнтэй тэмцэх ёстой. Монгол хүн монгол хэлээ үгүй хийх юм бол хойч үеэ үгүй хийж байгаагийн нэг хэлбэр юм. Эрүүл сайхан монгол хэлээ өв хойчдоо өвлүүлж үлдээхийг зориорой. Ядаж киноныхоо нэрийг эх хэлээрээ өгөх хэрэгтэй.

-Та сүүлийн үед дэлгэцнээ гарч буй шинэ кинонуудыг үздэг үү?

-Үзэлгүй яах вэ. Манай залуу уран бүтээлчид чадвартай байна. Сүүлийн үеийн кинонуудаас анзаарч байгаа. Залуучууд боловсрол мэдлэгтэй болж байгаа нь сайн хэрэг. Хоёр, гурван гадаад хэлээр ярьдаг нь сайшаалтай. Харин энэ сайхан боломжуудаа зөв ашиглах хэрэгтэй. Гадаад хэлээ гаднын материал хэрэглэхдээ ашиглана биз дээ. Монголдоо эх хэлээрээ ярьж, төлөвшиж, ядаж уран бүтээлийнхээ нэрийг гадаад биш монгол хэлээрээ өгөх зайлшгүй шаардлагатай байна. УИХ-ын гишүүд давхар дээл гэж ярих юм. Давхар хэргэм, зэрэг гэж ярьж хэвшүүлэх нь зөв. Төрийн түшээд нь эх хэлээ мэдэхгүй, буруу ярих нь цөөнгүй байна. Ер нь бол гаднын бодлого Монголд хүчээ авч байгаад харамсдаг. Үүнтэй уран бүтээлчид ямагт, бүх цаг үед тэмцэх хэрэгтэй. 

-Монгол киноны тухай хуулийг удахгүй батлах юм гэсэн. Энэ талаар та ямар санаа бодолтой байгаа вэ?

-Кино салбар хуультай болно гэхээр аливаа зүйлд хариуцлага тооцох боломжтой болж байгаа нь завшаантай хэрэг. Зарим зүйлийг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага кино салбарын өмнө тулгамдаад байгаа. Хуулиа харин сайн шүүн тунгааж, уран бүтээлчид өөрсдийн эрх ашиг, үүрэг хариуцлагаа тооцохгүй бол болохгүй шүү.

-Танд хааяа эргэж очмоор санагддаг амьдралын тань хамгийн сайхан мөч ямар үе вэ?

-Хугацаат цэргийн албандаа үе, үе эргэж очмоор санагдаж, сайхан бодол сүлэн суудаг даа. Одоо нэг нөхөрөө хайгаад олохгүй байгаа юм. Сүхбаатар аймгийн гаралтай Улаанбаатар хотод төрсөн Нанзадын Ялалт гэдэг хүн бий. 1969-1972 он барилгын цэргийн 012 дугаар ангид цэргийн алба хамт хаасан. Цэргээс халагдсанаас хойш олон жил нөхөрлөсөн дөө. Харин сүүлийн долоо, найман жил холбоо тасарлаа. Тэр найзаа олж уулзах юмсан. Хөл муудсанаас хойш өөрөө явж хайж чадахгүй юм. Хүүхдүүдийн унаа тэрэг, цаг завыг хараад амжихгүй юм. Хуучин Цайз захын хажууд япон толгойд гэр нь байсан. Болдог бол найзынхаа сургийг гаргахсан. Анд нөхөртэйгээ уулзахсан. Дараа нь Дарханы театрт ажиллаж байсан үе. Тэгээд “Монгол кино” үйлдвэрт байх үе ч сайхан. Хачин сайхан дурсамжтай үе их шүү дээ. Хамгийн сайхан нь аав, ээж хоёроо бодох. Өглөө бүр босоод бодно. Орой унтахдаа ч бодно. Өдөржин өөр зүйлд сатаарч байгаад яг амрахын өмнө санагдана. Миний аав, ээж хоёр үргэлж надтай хамт байдаг. Миний зүрх сэтгэлд үүрд хамт оршино.

-Аав ээжийнхээ бодож байсан шиг хүү нь байж чадсан уу?

-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Ер нь бол “миний хүү сайн хүн болоорой” , “зөв амьдарч, архи тамхинаас хол байгаарай”, “нөхөрөө таньж нөхөрлөөрэй” гэж сургана. Тэр бүрийг нь биелүүлж амьдарч чадаагүй. Би гэхдээ аав, ээжийгээ айхтар зовоогоогүй ээ.

-Аав ээжийгээ зовоохгүй амьдарч, сэтгэл санааг нь тайван амгалан байлгана гэдэг нь ач хариулахтай дүйдэг гэсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ер нь бол тийм шүү. Аав, ээжийнхээ сэтгэлийг нь зовоохгүй амар амгалан амьдруулна гэдэг сайхан. Ач хариулна гэж алт мөнгөнд умбуулаад, эд хөрөнгө өгөөд ээлжилж асрахыг хэлэхгүй ээ. Чих халууцуулахгүй байна гэдэг бол ачлал.

-Жүжигчний ур, чадвар, туршлага нөгөөтэйгүүр төрөлхийн авьяастан гэх мэт олон янзаар ярьдаг. Ер нь төрөлхийн авьяастай нэгэн сайн жүжиглэх үү. эсвэл өдөр бүр хичээж, зүтгэж, хөдөлмөрлөсөн туршлагатай нэгэн нь амжилтад хүрэх үү?

-Ер нь бол төрөлхийн авьяастай байх нь чухал. Сургуульд сураад зураач, жүжигчин болчихгүй. Харин унаган хонгор авьяас гэж бий. Унаган авьяас нь хөдөлмөртэй зэрэгцээд ирэхээр зөв л дөө. Алтан үеийнхэн бол бүгд төрөлхийн авьяастнууд байлаа. Тэдэнд жүжгийн хичээл ороогүй өөрсдөө л бүгдийг сурсан шүү дээ. Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гуай “10 хувийн авьяас, 90 хувийн хөдөлмөр” гэж хэлдэг байлаа. Жаахан хэтрүүлэгтэй байж мэднэ. Гэхдээ үнэн.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Хүн байх тухай аав, ээж, багш нар их захьдаг. Жүжигчид хүртэл эхлээд хүн бол гэдэг. Тэгэхлээр хүний дээдийн чанар бол ууч сэтгэл, уучилах ухаан. Уурлахгүй, маргахгүй зүйл гэж байхгүй. Ямар ч гэм хийсэн хүнийг уучилж, цайруулж чадвал өөртөө амар амгаланг олно. Бусдыг уучилж, сэтгэлээ онгойлгож чаддаггүй хүн зовлонгийн далайд живдэг. Уучилахын ухаантай хүн бүгдийг өршөөж чадна. Үүнийг л эрхэмлэж амьдарсаар өдийг хүрлээ. Энэ олон хүн дундаас уучилахын ухаантай нь хэд байдаг бол гэж заримдаа боддог. Их сонин тоо гарна шүү. Одоогийн нийгэмд харилцаж байгаа хүмүүс шүргэлцээд өнгөрөхдөө л нэг нэгэндээ муу муухайг санахаар яаж амар тайван амьдрах билээ дээ. Энэрч, хайрлахын дээд чанар бол уучилах ухаан юм шүү дээ. 

-Энэрч, хайрлахын дээд чанар бол уучилалт гэлээ. Тэгвэл хайр гэж таны ойлголтоор юу вэ?

-Хайр дурлал гэж хүмүүс их ярьдаг. Гэхдээ хайрлах, дурлах хоёрын дунд том ялгаа бий. Хайрлана гэдэг бол хамгаалах, халамжлах, бүхнийг сайхнаар бодох явдал юм. Харин дурлана гэдэг бол ахархан зүйл л дээ. Дурлах нь аминчхан жаахан үзэл. Би хүүхдүүдэдээ үргэлж хэлдэг. Хайрлана гэдэг бол хамгаалах, дурлана гэдэг өмчлөхийн нэр гэж. Хайрласан хүн хамгаалдаг, дурласан хүн өмчилдөг. Дурлалаас хардалт үүснэ. Жигтэйхэн муухай зүйл ургуулж бодоод өөрийгөө, өрөөлийг зовоож, хар амиа хичээдэг. Хайрласан хүн муу зүйл боддоггүй. Үргэлж сайхан гэгээн зүйл бодож ханиа хайрлаж, халамжилна.

-Хань ижилтэй болж амьдрал зохиох нь хувь тавилан гэж бодох нэгэн байхад, энэ бол зөвхөн өөрийн сонголт гэж бодох хүн ч бий. Та ханьтайгаа хувь тавилангаар учирав уу?

-Би ханьтайгаа учирсан нь тавилан гэж боддог. Хүнийг төрөх үед заяа төөрөг нь зураастай байдаг. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг гэж ярьдаг даа. Би хувь тавиланд итгэдэг. Хүн аливаад хандахдаа нухацтай олон талаас нь бодох хэрэгтэй л дээ. Алдаатай шийдвэр гаргахгүйн тулд хичээгээд үз. Харин зарим хүн яаж ч хичээгээд нэмэргүй. Хөдөлмөрлөөд байхад муухан амьдраад байдаг хүмүүс бий. Энэ бол эцэг, эхийн хийсэн үйлийн үр. Үйлийн үр гэхээр муу үйлдэл гэж боддог. Үгүй, сайн үйл хэрэг бүтээх хэрэгтэй. Өсөхөөс өтлөх хүртлээ хүүхдэдээ хүн байх, зөв байх гэдгийг зааж, хүмүүжүүлж чадаагүй бол эцэг, эхийн алдаа. Сайн сайхан амьдарч байгаа эцэг эхийн үр хүүхэд хэдэн үеэрээ сайн явдаг. Үг эрчим хүчтэй. Монголчууд өвөг дээдсээсээ ёс төртэй байсан.

Тэр ёс суртахууныг алдагдуулснаар монгол хүн доройтож байна. ерөнхий боловсролын сургуульд үндэсний зан заншлын хичээл заах хэрэгтэй, багш, эцэг эх нь зөв зүйтэй байх нь чухал. Гэхдээ нийгэм сайхан болж байгаа. Бүхнийг харлуулж болохгүй.

-Таны ижий, аав юу хийдэг хүмүүс байсан бэ. та өөрийн үр хүүхдэдээ юу гэж захиж сургадаг вэ?

-Миний аав түүх, нийгмийн ухааны багш байсан. 1937-1945 оны хооронд Улсын бага хурлын гишүүн, намын төв хорооны хөдөө аж ахуйн зааварлагч, одоогоор бол Улсын их хурлын гишүүн гэсэн үг. Ижий минь бичиг үсэг мэдэхгүй ч гэсэн ардын билэг танхай уран М.Лхамсүрэн гэдэг бүсгүй байлаа. Хачин сайхан уран, ярих бүртээ зүйр цэцэн үгээр ярьдаг, шооч гайхамшигтай эмэгтэй. Би аавыгаа амьд байхад нь гуйгаад овгоо сольсон юм. Тэгээд Цэцээгүн овогтой болсон. Хүүхэд байхдаа Богдхан уулын оройгоор тоглож өссөн болохоор Цэцээгүн болгосон түүхтэй. Ах нь удахгүй ургийн бичиг хөтөлж эхлэх гэж байгаа. Тэгэхлээр ургийн бичигтээ хүүхдүүдэдээ захих захиасаа багтаана гэж боддог юм. Аавыгаа бурхан болохоор чандарлаад, чандрыг нь Богд ууланд байдаг Тэмээн хадны дэргэд үнсийг нь салхинд хийсгээрэй гэдэг.

. Харин салхинд үнсийг нь хийсгэчихвэл байгаль дэлхийдээ шингэчихнэ. Нэр төр гэдэг хүнд маш чухал. Эцэг өвөгдөөсөө олгосон өөрийн нэрийг төр шигээ дээш өргөж, дээдэлж амьдрах хэрэгтэй. Алдар нэр гэдэг гавьяа шагнал шүү дээ. Алдар нэр, нэр төр хоёроо ялгаж яваарай. Ургийн овгоо хүндэлж, хайрлаж яваарай гээд ургийн бичигтээ бичиж үлдээх болно. Мөн алдар цолтой боллоо гээд ааш зангаа өөрчилж болохгүй. Хүн нэг л зангаараа байж хэн байснаа л санах хэрэгтэй. Би аашаа хувиргаад, зангаа эвдээд ирэхээр миний үр хүүхэд яах билээ, цаашлаад удам угсаа минь доройтно. Цэцээгүнийхэн гэдэг энэ овгийг залгамжилж яваа хүний хувьд би цаашдаа чадлаараа хичээж амьдарна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.