СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Энхбат: Амьд гаръя гэвэл С.Зоригийг алахыг М.Энхсайхан санал болгосон гээд л хэлчих гэсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт тагнуулынхан 2003 онд Францаас Д.Энхбатыг хулгайлан авчирч улмаар Д.Энхбат амиа алдсан билээ. Дамирангийн Энхбатын ярилцлагын видео бичлэг “MN25” телевизээр гарч байсан. Түүний ярилцлагыг хүргэж байна.

Д.Э:- Би 2000 оны 12 дугаар сарын гурванд Герман руу эхнэр хүүхэд рүүгээ очихоор явсан. Бие маань муудаж байсан тул цаашаагаа Монголын олон иргэд улс төрийн цагаачлалаар гардгийн адил Франц руу гарсан. 2003 оны тав дугаар сарын 15-нд н.Цэрэнпагма гэдэг эмэгтэй надад “Ах дүү нар маань ирсэн. Машин хүрэлцэхгүй байна. Туслаач” гэхэд нь би Макдоналльсын өмнө очсон. Гэтэл гурван залуу машинаас бууж ирэн гар барьж мэндлээд шууд гар дарж, хоёр талаас цахилгаан бороохойгоор бороохойдон, үстэж даран нүүр лүү өшиглөж баривчилсан. Одоо ч үсний халцархай эдгээгүй байна. (Толгой дээрх халцархайгаа үзүүлэв.) Үүнийг Монголын “Сарнай Х” салоны эзэн н.Сарнайгийн нөхөр Б.Хурц гэгч тагнуулын ажилтан зохион байгуулсан. Тэр хар хөх өнгийн герман номертой машинд сууж байсан. Намайг хүчээр машинд суулган авч явсан. Машинд явахдаа утсаар тэр замаар явж байна гэхчилэн ярьж байсан. Тэгээд өмнө нь Берлиний нисэх онгоцны буудал дээр харж байсан Герман Элчингийн хар хөх өнгийн микроавтобустай хүмүүстэй машины парк дээр уулзан дипломат тодотголыг машинд тавьж цааш хөдөлсөн. Бельгийн Брюссель хотод очиход Бельги дэх консул биднийг хөтөчлөн явж консулын газар луу машиныг оруулан, гражаар дамжуулан цаад талын өрөөнд оруулсан.

Би гавтай байсан. Цамцаар минь толгой бүтээж “Астмын чинь тариа тарина” гээд булчин руу тарихад би ухаан алдсан. Нэг сэргэн ухаан ороход Германы хил рүү орж байсан.

Германд нэг газар ирээд гадаа нь байсан монгол залуучуудыг тарааж Элчингийн мэдлийн нэг давхар цагаан байшинд нууцаар оруулсан. Энд хоёр хоноход тариа хийн би байн байн ухаан алдаж байсан. Германы Тегелийн нисэх онгоцны буудлын дипломатуудын машин зогсдог зогсоол дээр ухаан ороход дахиад тарьсан. Миний гарыг гавлаад цамцны ханцуйгаар дарж скочидсон байсан.

Дахиад ухаан алдаад сэргэхэд Москвад пересадк хийж байсан.

Онгоцны үйлчлэгч намайг авч явсан гурван залуугийн хоёрыг гар гэж шаардаж байсан. Нэг нь надтай үлдсэн. Онгоцонд би голын эгнээний гурван суудлын хамгийн ард голд нь сууж байсныг нисэх экипажийнхан сайн мэдэж байх ёстой. Дахиад нэг ухаан ороход онгоц Монголд ирж бүх зорчигчид буусан байлаа. Намайг хулгайлж авчирсан гурван залуугийн хажууд цагаан хувцастай гаалийн ажилтан цэнхэр өнгийн дипломат паспорт барьсан харагдсан. Намайг энгийн хувцастай, амны хаалттай хоёр залуу сугадан гаргахад гаалийнхан нүүрийг нь нааш харуул гэхэд харуулан нүдний шилийг маань авхуулсан. Намайг онгоцоор ирснийг мэдэх эдгээр хүмүүс энэ бүхнийг одоо хүртэл яагаад ярихгүй байна вэ гэж гайхаж байна. Машинд оруулахад хар малгай нүд рүүгээ даран өмссөн, эрээн хувцастай буутай залуус угтсан. Нэг нь бууны амаар элэг рүү хүчтэй ёвроход би ёолоход “ Яагаад баашлаад байна аа” гэж дахин цохисон. Хорихын нэгдсэн эмнэлэгт хэвтэхэд үүнээс үүдэлтэй том хөх сорви үлдсэн байсан.


Дараа нь Тагнуулын ерөнхий газар аваачсан уу сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн подвал руу шатаар буулгасан.

Өрөөнд ороход амны хаалттай гурван хүн байсан. Тэд хуучны модон ширээний хоёр талаас том чийдэн асааж байгаад намайг байцааж эхэлсэн. Миний ард буутай , эрээн хувцастай хоёр хүн зогсч байсан. 1937 оны үед хэрэглэдэг байсан гэж өмнө нь уншиж байсан өндөр, нарийхан, догонцсон сандал дээр хоёроос гурван цаг суулгахад би байн байн унаж байсан. Тарианд хордсон, бие маш муу, тэр сандал дээр тогтож суухад маш хэцүү байсан. Тэд “С.Зоригийг чи Ч.Энхтайваны захиалгаар алсан. Цаана нь М.Энхсайхан байсан гэж хэл” гэж тулгаж байлаа.


Дараа нь намайг хээр аваачсан. Сэрүүхэн, гар гавтай байсан учир цамц нөмрүүлээд өгөөч гэхэд араас буу тулган “Чамд цамц хэрэггүй” гэсэн.

Гэнэт буун дуу гарахад би маш их сандарч айсан. Тэдний нэг нь “ Ярих юм байна уу” гэхэд нөгөөдүүл “ Наад хулгайчтайгаа юу ярьдаг юм бэ. Наадахын чинь нүх нь хаана байна” гэх нь дуулдсан. Дахиад л буун дуу гарсан. Бодвол хий буудсан байх. Энэ бүхнээс нь ямар ч байсан намайг алахгүй юм байна гэж бодогдсон. Эндээсээ намайг хотын ойролцоо аваачсанаар бүх яргалал зогссон. Намайг гурван ортой, их өндөр, өргөн тортой цонхтой өрөөнд оруулсан. Тэнд н.Бат-Эрдэнэ гэгч нүдний шилтэй 40 орчим насны хүн, н.Баттулга гэх спорт халимагтай 160 см орчим өндөртэй, махлаг залуу, хамгаалалтын буутай хоёр хүн байнга хамт байсан. Тэд жимс ногоо, хоол унд захиалан авчруулж надад хүчээр архи уулгаж “Зүгээр л ярилцъя” гэж ятгаж эхэлсэн. Ингэж тав хонохдоо нэг удаа зугаалга маягаар гол руу хүртэл авч явсан гээч. Тэд битүү далд утгаар зөвхөн Ч.Энхтайван, түүний ард М.Энхсайхан байгаа гэсэн ятгалгыг явуулж байлаа. Нэг орой 12 цагийн үед унтах гэж байхад минь н.Бат-Эрдэнэ цонх тогшин орж ирж, хамгаалалтын хоёр хүнийг хажуу талын өрөө рүү оруулаад нэг шил архи гаргаж, хоёулаа үүнийг уучихъя гэж яриа өдсөн. Тэгээд “Д.Энхбатаа, би н.Долгорсүрэнтэй \ С.Зориг агсныг алагдсан шөнө Д.Энхбаттай цуг байсан гэж гэрчилсэн найз бүсгүй нь сурв\ уулзлаа. Танай дүү н.Баярааг ч танина. Чамайг ямар аймаар хувь тавилан хүлээж байна гэж бодож байна” гэх мэтчилэн ярихад үнэндээ л би сэртхийгээд явчихсан.


Тэд “Тагнуулын байгууллага нууцаа алддаггүй юм. Тагнуулын байгууллагаас чи амьд гарахгүй. Би чамайг л бодож байна. Амьд гаръя л гэж бодож байвал С.Зоригийг алахыг М.Энхсайхан санал болгосон гээд л хэлчих. Тэгээд чи буц л даа. Энэ бүтэн сайны онгоцоор л нисчих. Паспорт, билет чинь байна” гэж ятган надад паспортыг минь үзүүлж байсан.

Тэгээд “ Чи 500 сая төгрөгийг ...” (Тэр байн байн толгойгоо даран хүндээр амьсгаадаж байсан бөгөөд энэ удаа ярьж чадахаа болин бичлэгээ түр зогсоохыг хүсээд хэсэг хугацааны дараа ярилцлагаа үргэлжлүүлэв. сурв) 500 саяыг аваад хагасыг нь гэрийнхэндээ үлдээгээд хагасыг нь өөрөө аваад яв л даа. Өөрөө сайн бод” гэж байсан. Дараа нь тагнуулын газрын удирдах ажилтан гэх амны хаалттай 50 орчим насны, махлаг бор хүн ирж уулзсан. Тэр ч мөн адил намайг ятган “ Чи үнэнээ хэлэхгүй юм уу. Чи надад итгэхгүй байгаа бол Тагнуулын ерөнхий газрын даргыг уулзуулъя” гэж байсан. Би хүн гүтгэж чадахгүй гэхэд тэр хүн “Та нар сайн ярилц” гэж байсан юм байна.

Тагнуулынхан надад “” гээд байхаар нь би Зоолий гэж хүүгийнхээ нэрээр нууц мэдээлэгч болсон. Хүүгийн маань нэр намайг аварна гэж бодсон хэрэг л дээ. Тэнд байх хугацаанд амны хаалттай, тагнуулын эмч надад астмын тариа хийж, цусны шинжилгээ авч байсан.

Ингээд тав дугаар сарын 26-нд намайг Алтанбулаг руу авч явсан. Тэд 15-25-ны хоорондох энэ 10 хоногийн хугацаанд замаар явсаар байгаад ирсэн. Би согтуу байсан л гэж хэлээрэй, тагнуулын тухай юу ч ярьж болохгүй шүү гэж анхааруулсан. Цагдаагийнханд би ингэж л хэлсэн. Алтанбулагийн Дөрвөн мод гэдэг газар намайг цагдаагийн дэд хурандаа н.Батсүхэд хүлээлгэн өгсөн. Тэр надтай хамт 10 хоносон тэдгээр хүмүүсийг “Өмнө нь цагдаад үзэгдэж байгаагүй, цагдаагийн үнэмлэхтэй хүмүүс байна” гэж байсан. Намайг хотод авчран мөрдөн байцаах газрын н.Отгонжаргал гэдэг байцаагчтай уулзуулахад тэр урьд нь эдлэх ёстой байсан ял чинь сэргээгдсэн гээд Нийслэлийн шүүхийн тогтоолыг сонсгосон. Тэр нь ялаас чөлөөлсөн дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон өвчтэй эсэхийг шалгаж тогтоох тогтоол байв. Гэтэл үүнийг одоо болтол шалгаагүй.


Намайг Баянзүрхийн саатуулахад хоёр хонуулахад н.Отгонжаргал ирж “Ганц худагт хийнэ” шалгана гэсэн хариуд нь би “Намайг үнэхээр өвчтэй гэдэг нь батлагдвал яах вэ” гэж асуусан л даа. “Батлагдвал ойлгомжтой шүү дээ” гэхэд нь нээрээ ч суллагдах болов уу гэж горьдсон юм. Гурав дахь хоног дээрээ намайг дамжинд аваачсан. Би Хорихын нэгдсэн эмнэлэг рүү шилжихэд прокурорын шийдвэр гээд шууд л Авдрант руу ачсан. Эндээс л шүүх, прокурорынхон бүр Хорихын удирдлага, Хорихын нэгдсэн эмнэлгийн зарим эмч нар хүртэл тагнуулынхны ажиллагаанд оролцож байгааг нь ойлгосон. Тагнуулынхан намайг эмнэлэгт хэвтчихнэ гэж тооцоолоогүй. Азаар шударга эмч нар таарч хоёр хоногийн дотор цусны шинжилгээ авч, эм тариа хийснээр тагнуулынхны тарьсан тарианы хордлого бага зэрэг тайлагдсан.

Тэд намайг хоёр сарын дотор үхнэ гэж тооцоолон энэ тариаг хийсэн байх.

Намайг эмнэлэг хэвтэнгүүт тагнуулынхан сандралдаж Францад барьж байсан гар утсыг минь хүртэл оруулж өгч ярьж эхэлсэн. Тэд утсаар “Чи эмнэлгээс гарах хэрэгтэй. Бие чинь гайгүй байгаа. н.Тунгалаг эмч манай талын хүн. Хоёр хоногийн дараа жижүүрт гарна. н.Тунгалаг эмчтэй уулз. Чи эмнэлгээс явах хэрэгтэй” гэж ярьж байсан. Энэ үеэр сонин хэвлэлээр миний тухай янз бүрийн гүтгэлэг гарч эхэлсэн. Тэр нь жирийн сэтгүүлчийн бичсэн зүйл биш шүү. Би өөрөө ч сайн мэддэггүй атал ял эдэлж байсан он сар, дарааллыг эмх цэгцтэй нарийн тодорхой бичиж бүр ялаас чөлөөлсөн шийдвэрийг үг үсэг алгасалгүй тавьсан байсан. С.Зоригийн хэрэг холбоотой. Үүний цаана Ч.Энхтайван, Ардчилсан намын лидерүүд гэх мэт зүйлс гарч эхлэхэд нь би сандарч эгчээрээ дамжуулан хоёр ярилцлага өгч, нийтлүүлсэн. Мөн яаралтай өмгөөлөгч авч өгөөч гэдгээ ч хэлсэн.


Ингээд эгч маань өмгөөлөгч н.Нарангэрэлд хандахад өвчтэй байгаа гэсэн. Раашзэвэг өмгөөлөгчийг хайгаад олоогүй. Мөн Л.Санжаасүрэн гуайд хандахад эхлээд “Чингис” кинонд зөвлөхөөр ажиллаж байгаа тул тэд татгалзсан юм билээ. Харин хоёр дахь удаагаа ярихад нь тэр зөвшөөрч надтай уулзсан. Би өмгөөлөгчдөө нууж байсан бүхнээ ярьж тэр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. 

Намайг өмгөөлөгч авна гэж тагнуулынхан тооцоолоогүй байх. Өмгөөлөгч авангуут, цагдаагийнхан ч, тагнуулынхан ч сандарсан. н.Батсүх, Санж хоёр... (Дахин ярьж чадахаа больсон тул тариагаа хийлгээд ярилцлагаа үргэлжлүүлэхийг хүсэв.) Надтай уулзаж эмнэлгээсээ гарах, өмгөөлөгчөөсөө татгалзахыг шаардсан. н.Отгонжаргалтай цуг Тагнуулын газар аваачсан. Би тэдэнд дахин эмнэлгээс гарахыг шаардах юм бол сонин хэвэлийнхэнд бүгдийг ярина. Надад ямар тариа хийж байсан бэ би улам муудаж байна. Аймаар хувь тавилан хүлээж байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэж асуусан. Тэд “13 жил хоригдох чинь аймаар хувь тавилан биш үү” гэсэн. Би энэ тоглоомонд чинь оролцмооргүй байна. Би амьд баймаар байна гэдгээ хэлсэн.


Би үхэх ёстой байсан тэр үед үхээгүйгээрээ тагнуулынхны бүх ажлыг нураасан юм байна гэдэгтээ өнөөдөр би итгэж байна. Одоо яаж улайрахыг би мэдэхгүй. Тэгэхдээ тэд намайг С.Зоригийн хэрэгт хутгаж чадахгүй. Тэгвэл намайг энэ хэрэгт холбогдолгүй гэдгийг батлах миний хамаатны эгч, ах, түүний хоёр хүүхэд, найз бүсгүй маань гээд таван амьд гэрч байна шүү дээ. 

Ч.Энхтайван, М.Энхсайхан тэдний гэр бүл, үр хүүхэд нь үеийн үед хараах ийм бузар ажил явагдаж байна шүү дээ. 

Би энэ бүхнийг онцгой комисс томилон шалгаж өгөөч гэж удаа дараа гуйж байна. Энэ бүхэнд төр засаг нь... (Амьсгаагаа дарахын тулд дахин түр завсарлаж байж уув. Ийнхүү түр завсарласны дараа амьсгаа нь арай дарагдаж, яриа нь тод сонсогдож байв.)

Төр засаг нь оролцоогүй юм бол яагаад одоо болтол шалгахгүй байгаа юм бэ? Энэ бүх явдалд цагдаа ерөөсөө оролцоогүй, бүгд тагнуулынхны үйл ажиллагаа. Хэдийгээр цагдаагийнхан намайг С.Зоригийн хэрэгт сэжиглэн баривчилж авчирсан гэж зарласан ч тэд яагаад энэ талаар надаас албан ёсоор мэдүүлэг авахгүй байгаа юм бэ? Намайг үхлээ гэхэд миний гараар бичигдсэн гэх бичиг гарч ирж магадгүй. Мэдээж миний гарын үсгийг дуурайлгаад хийчих нь л дээ.


Намайг хориход хүргэж өгөөд н.Отгонжаргал байцаагч “Эмч нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдгийг албан ёсоор хэлсэн. Өвчтэй эсэхээ тогтоолгоё, эмнэлэгт хэвтье гэхээр “Үүнийгээ хорихынхонтойгоо ярь. Чамайг С.Зоригийн хэрэгт албан ёсоор байцаагаагүй шүү” гэсэн.

Гэтэл нөгөөдөр нь Авдрант руу шилжүүлсэн. Тэнд 24 цагт нэг ампулыг 10 грамм глюкозтой хольж тарих ёстой тариаг намайг дарж байгаад “болиоч” гэж хоёр удаа хашхирсаар байтал хоёр ампулыг тарьсан. Үнэндээ би долдугаар сарын 4 хүртэл тагнуулынхны тухай энэ бүх үйл явцыг хэнд ч яриагүй. Бүр намайг тагнаарай гэсэн Ч.Энхтайванд ч хэлээгүй. Харин долдугаар сарын 4-нд эгч маань эргэж ирэхдээ “н.Долгорсүрэнтэй уулзлаа. Түүнийг чамайг гүтгээд 500 сая төгрөг авчхаач” гэсэн байна гэж хэлэхэд л бүхнийг ярихаар шийдсэн. Намайг зодож цохих, яргалах, архидуулах, тариа хийж, цусны шинжилгээ авч, ятгаж байсан зэрэг нь энэ ажиллагааны эхлэл, миний үхлийн бэлтгэл ажил байжээ гэдгийг ойлгосон. Ингээд энэ бүхнийг Ч.Энхтайванд хэлэхэд тэр маш их айн сандарсан.

“Чи яагаад энэ бүхнийг хэлсэнгүй вэ. Чи үхсэн бол ингээд л бүх юм дуусах байж. Чиний араас би, М.Энхсайхан бүр цаашилбал Ардчилсан нам бутрах байж. Чи ямар тэнэг юм бэ” гэж байсан. Үүнийг маш холоос зохион байгуулсныг тэгэхэд л ойлгосон.

Энхбат энэ бүхнийг улс төржүүлээд байна гэж зарим хүн бодож магадгүй. Тэгвэл 2002 оноос хойш миний тухай бичигдэж байсан бүх сонин хэвлэлийн материалыг эргээд хараарай. Үүний ард төр засгийн удирдлага, хууль хүчний байгууллагын албан тушаалтнууд оролцон учир битүүлэг байдлаар суллагдсан гэж бичсэн байгаа.


Үнэндээ би бол 1989 онд ямар ч хохиролгүй хулгайн хэрэгт яллагдаж, 1990 онд Австри руу мөрдөн байцаалтаас оргон явсан хэргээр эх орноосоо урвасан гэж 13 жилээр яллагдсан. Тухайн үед хүн алсан хүнд л 15 жилийн ял оноодог байсан шүү дээ. Гэтэл би улс нийгэм, иргэдэд ямар ч хохирол учруулаагүй мөртлөө ийм ял авсан. Зургаан жил ялаа эдлээд гурван сараар ялаа хойшлуулан суллагдсан. Миний өвчин ялаас чөлөөлөгдөх жагсаалтад бий. Би амь тэмцэн бачимдахдаа л хаалга үүд нүдэн эмч нарыг дууддаг, хэрэлддэг байсан. Гэтэл эмч нар амь тэмцэн бачимдаж байгааг минь ойлгохгүй хоригдол хүн ингэх ёсгүй гэх үүднээс л хандаж байсан. Аргагүй бие муудан өвчнөө тодорхойлуулъя. Ял эдлэх чадвартай гэж гарсан ч би гомдолгүй гэхэд минь 1995 онд н.Гэрэлцацрал хурандаа “Чи их заргач гэл үү. Яваад заргалдаарай” гэж байсан. 

Ял хүлээх чадваргүй гэж нотлогдон суллагдаад, эхнэр хүүхэд рүүгээ очихын тулд аргагүйн эрхэнд хуурамч бичиг баримт хэрэглэн гадаад руу гарсан. 1998 онд дахин 13 жилийн ял авч Хууль зүйн сайдад ч хандаж байсан. Тухайн үед намайг өвчтэй болохыг нотолсон баримт одоо ч байж л байгаа. Нэгдүгээр эмнэлэг, Хорихын нэгдсэн эмнэлгийн эмч нарын хамтарсан “Ойр ойрхон дахилттай, зүрх судсанд нөлөөлөл үзүүлсэн, хүндэрсэн багтраа” гэж байгаа. Үүн дээр элэг , сахарын өвчин гэх мэт хүнд өвчин нэмэгдсэн үү гэхээс хасагдсан юм байхгүй ээ. (завсарлав)


Миний тухай зүй бус хурьцал үйлдсэн, хүн хутгалсан, айлган сүрдүүлсэн, мөнгө нэхсэн гэж бичдэг. Үнэндээ би хэзээ хүн хутгалж, сүрдүүлж байсан юм бэ? Хүн хутгалсан гэсэн зүйл анги ч надад байхгүй. Энэ бүхнийг ард түмэнд Д.Энхбат гэж үнэхээр аймшигтай муу, муухай хүн гэсэн ойлголт төрүүлэхийн тулд л цацаж байгаа. Үнэхээр тийм алуурчин, дээрэмчин байсан юм бол би мөнгөгүй болоод монголдоо буцаад ирэхгүй. Цаашаагаа хүн дээрэмдээд л явах байсан биз дээ. Тагнуулынхан, шүүх, прокурорынхонд “Д.Энхбат С.Зоригийн хэрэгт холбоотой гэдэг нь нотлогдсон, өөрөө хэргээ хүлээсэн” гэж ойлгуулсан байж болох юм. Энэ худлаа гэдгийг би одоо албан ёсоор хэлж байна. Тэгээд л намайг үхсэний дараа миний гарын үсэгт, хэргээ хүлээсэн гэх хуурамч бичиг гарч ирэх нь тодорхой байсан. Хэрвээ намайг ганц худагт хорьж шалгасан бол хэргийг шүүх прокурор хянах байсан. С.Зоригийн хэрэгт холбогдуулаад ямар ч мэдүүлэг авахгүй. Үхүүлэхийн тулд л шорон руу шилжүүлсэн. Би үхэх л ёстой байсан. 


Эцэст нь хэлэхэд, энэ бузар хуйвилдаан, энэ төр, засгийн үед шийдэгдэхгүй. Гэхдээ үнэнд гүйцэгдэх болно. Би үхэж болно. Намайг алах зорилгоор тариа хийсэн нь ч ойлгомжтой. Гэхдээ хэзээ нэгэн цагт үнэн нь гарна гэдгийг би та бүхэнд анхааруулж байна.


Шоронд хүнд , ноцтой гэмт хэрэгтэй ,хүнийг санаатайгаар алсан олон хүн бий. Гэхдээ ийм аймаар хуйвилдаан зохион байгуулах аймшигт сэтгэлгээтэй хүн шоронд ч ховор байх. Ийм хуйвилдааныг зохион байгуулсан, гүйцэтгэсэн хэрэгжүүлсэн хүмүүс эрх мэдэлтэй, албан тушаалтайгаа байгаад би гайхдаг, харамсдаг...

Ард түмэн минь, эмч нар минь надад туслаач гэж хүсмээр байна. Би амьд гармаар байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.