Манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны сүүлчээр 5.9 хувь ирэх онд 6.6 хувьтай байна гэсэн таамгийн Дэлхийн банк гаргаад байгаа. Тус газраас манай улсад эдийн засгийн эерэг үзүүлэлт харагдаж байгаа бөгөөд макро эдийн засгаа тогтвортой хамгаалахыг зөвлөж байна.
Манай улсын хувьд өнгөрсөн жил Олон улсын валютын сангаас 120 сая ам.доллар аван эдийн засгаа тогтвортой байлгахаар хэрэгжүүлж байгаа. Засгийн газар уг хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж чадвал эдийн засаг ахиж, макро үзүүлэлт сайжирч, хүмүүсийн орлого нэмэгдэн, ажлын байраар хангагдах ажээ. Иймээс энэ асуудалд үр нөлөөтэй ажиллахыг Дэлхийн банкны мэргэжилтнүүд зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц дөрвөн сар хүрэлцэхээр хангалттай байгаа аж. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал, түүхийн эдийн үнийн хэлбэлзэл, бүтээгдэхүүн экспортлох явцад хил дээр учирч буй саад тогтгор зэрэгт цаашид анхаарах хэрэгтэй хэмээн Зүүн өмнөд Азийн орнуудын макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан захирал Депак К.Мишра дурдсан юм. Тэрбээр “Дэлхийн банк болон Олон улсын валютын сан цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ дараа сараас тооцож шийднэ” хэмээв.
Манай улс эдийн засгийн өсөлтөө цаашид энэ хэвээр хадгалахыг зорьж байгаа бол хариуцлагатай зарчимтай, илүү тохирсон арга хэмжээнүүдэд тууштай байж, өөрсдийн гэсэн шинэчлэлийн арга хэмжээнүүдээ үр дүнтэй хэрэгжүүлэх нь хамгийн чухал болоод байгаа юм.