Ц.Даваасамбуу
Йеменьд хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг НҮБ уриаллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриш өчигдөр Женев хотноо болсон НҮБ-ын тусламжийн асуудлаарх бага хурлын үеэр хэлсэн үгэндээ “Йемений хүн амын гуравны хоёрт нь буюу бараг 19 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна” гэжээ. Тэрбээр, эдгээр хүмүүст туслахад зориулан 2.1 тэрбум ам.доллар хандивлахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Одоогийн байдлаар Йеменьд 460 мянга гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, өлсч үхэх эрсдэл нүүрлээд байгаа аж. Йемений хямрал хурцадсан 2015 оны гуравдугаар сарын 26-наас эхлэн тус оронд 1400 хүүхэд амиа алдсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Стивен О’Брайен өмнө дурдаж байсан. Дэлхий дахинаа өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо хэдхэн жилийн дотор хурдацтайгаар нэмэгдэж байгаа талаар Евро комиссын нэгдсэн судалгааны төв мэдээлж байсан билээ. Тус төвөөс 2016 онд статистик судалгаа гаргаж, өмнөх онтой нь харьцуулан үзсэн аж.
Дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдэж буй тохиолдлын олонх нь удаан үргэлжилсэн дайны зөрчилдөөнтэй холбоотой байна. Ялангуяа, Сири, Өмнөд Судан, Сомали, Йемень, Ирак хүнсний асар их дутагдалд ороод байгаа юм. Сирид 2011 онд мөргөлдөөн эхэлснээс хойш жил бүр хүнсний хангамжийн дутагдал нэмэгдсэн бол Йеменьд 22 мужийн 20 нь Саудын Арабын интервенцээс болж хямралд оржээ.
2015 оны гуравдугаар сараас Саудын Араб нь АНУ, Их Британийн дэмжлэгтэйгээр тус бүс нутагт интервенц хийсэн. Америкийн агаарын цэргийн хүчин Йемений “Аль Кайда” алан хядах бүлэглэлийн хяналтдаа авсан хорооллуудыг бөмбөгдсөөр байгаа юм. 2016 онд дэлхийн хэмжээнд өлсгөлөн газар авч, одоогийн байдлаар 820 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хоёр тэрбум хүн хоол тэжээлийн орлуулахын аргагүй бичил элементүүдийн дутагдалд ороод байгаа гэсэн судалгаа байна. Дэлхийн хэмжээнд өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо 2015 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд буурсан боловч эргээд хурдацтайгаар нэмэгдэж байгаа аж.
НҮБ-ын харьяа байгууллагууд, тухайлбал, Дэлхийн хүнсний хөтөлбөр болон Хүүхдийн сан дэлхийн хүнсний аюулгүй байдал ба хоол тэжээлийн талаарх тайланд бичсэнээр, 2016 онд 815 сая хүн хоол тэжээлийн архаг дутагдалд орсон байдалтай байсан нь өмнөх оныхоос 38 саяар нэмэгдсэн үзүүлэлт аж. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо хоёр жилийн өмнөөс нэмэгдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд эрс олширсон байна. Ойрхи Дорнод болон Африкт болж буй зэвсэгт мөргөлдөөн, дэлхийн дулаарлаас үүдэлтэй ган гачиг, үер ус нь хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна. Дэлхийн хэмжээнд тураалд орсон таваас доош насны 155 сая хүүхэд байна гэж уг тайланд мөн онцолжээ. Түүнчлэн 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 орчим тэрбумд хүрч, хүнсний
хэрэгцээ 70 хувиар нэмэгдэж, баян, ядуугийн ялгаа дээд цэгтээ хүрч, дэлхий дахин хоолны төлөө дайтаж магадгүй гэх тооцоог НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргаад буй.