Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. Уг төв 3 жил орчим хугацаанд зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр шинэ байрандаа нүүн орж, стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий орчинд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлог Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.
Шүд эрүү нүүрний төв 1986 онд байгуулагдсан. Нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог, гажиг засал, захиргаа санхүү, аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй 72 ажилтантай. Жилд 100-120 мянга гаруй иргэнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.
Тэгвэл шинэ байранд орсноор иргэдийн тав тухыг бүрэн хангасан, стандарт шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, тоног төхөөрөмжөөр хангагдсан төдийгүй тус төвийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж жилд 500 мянга гаруй иргэнд үзлэг оношлогоо, эмчилгээ хийх боломжтой болжээ.
Тус төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Судалгаагаар 2-15 насны хүүхдүүдийн 85-96 хувь нь шүд цоорох өвчтэй. Нэг хүүхдийн аманд 4-6 шүд цооролттой байгаа дүн гарсан. 18 настай залуучуудын 67.5 хувь нь бүтэн шүдтэй. 33.5 хувь нь ямар нэг хэмжээгээр дутуу шүдтэй байна. Нийслэлийн ЗДТГ-аас орчин үеийн шийдэлтэй 6 давхар шүдний эмнэлгийг нээж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярлаж байна. Тэр дундаа Засгийн газраас “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталж 5 жилийн турш 2-12 насны хүүхдүүдийн шүдний цоорлыг бүрэн эмчилэх, урьдчилан сэргийлэх, иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох боломж бүрдэж 2019 онд төсвөө батлах гэж байгаа энэ үед Шүд эрүү нүүрний төв үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Нийслэлийн зүгээс эрүүл мэндийн салбарт олон ажил хийж байгаа. Тухайлбал 18 эмнэлгийн гадна тохижилтын ажлыг өөрсдийн төсвөөр хийж тохижуулсан нь иргэдэд зориулсан эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах сайшаалтай ажил болж байна” гэлээ.
Шүд эрүү нүүрний төвийн энэхүү барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан. Үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын систем, эмнэлгийн зориулалтаар тохижуулсан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүн ам, ялангуяа хүүхдүүдийн дунд нүүр амны өвчлөл зонхилох хандлагатай байна. Шүдний тусламж үйлчилгээ нь өөрөө өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээний 80 орчим хувийг хувийн эмнэлгүүд үзүүлж байна. Гэтэл хүүхдүүд, ахмадууд, орлого багатай иргэд гээд зайлшгүй төрөөс тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой юм гэж үзсэн. Шүд эрүү нүүрний төв нь хувьчлагдсаны дараа өөрийн гэсэн байргүйгээр түрээсийн байраар үйл ажиллагаа явуулж байсан.
Жилд 280 орчим сая төгрөгийн түрээсийг төлдөг байсан. Түрээсэнд төлдөг мөнгөөрөө шинэ байр барих бололцоо байсан. Үүнийг бид судалж үзээд ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж үзээд НИТХ-ээр хэлэлцүүлж шинэ байртай боллоо. Ер нь нийслэлийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндэд өндөр анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэ төв ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Цаашдаа тоног төхөөрөмжийг сайжруулж, тохилог орчинд, өндөр бүтээмжтэй, шинэ техник технологи ашиглан хүүхэд залуучууд ахмад үеийнхэнд үйлчилгээ үзүүлнэ” гэж ярилаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.