Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, Их эрдэмтэн Б.Ринчен агсны хүү академич Р.Барсболдын гэрт 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үл таних хоёр хүн орж, хутга тулган дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан.
Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, дайчлан баривчилжээ.
Гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай Б, 28 настай Ч, 28 настай Б нар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд эдгээр этгээдүүд өмнө нь хулгай, дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байжээ.