СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ 98 саяд хүрч байсан ядуу иргэдийнхээ тоог 16,6 сая болтол бууруулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар Монгол улсын 45 сэтгүүлч БНХАУ-д айлчилж байна. Энэ удаагийн бүрэлдэхүүн долоо хоногийн хугацаанд БНХАУ-ын Бээжин хот, Юннань, Гансу мужуудад очиж хөдөө аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, шинэ хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцах юм.

Өнөөдөр тус улсын Хөдөө аж ахуйн яамны удирдлагын институтийнхэнтэй уулзаж БНХАУ-ын ХАА-ын салбарт хийгдэж байгаа ажлууд, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн худалдаа, эргэлт ямар түвшинд хүрсэн тухай мэдээлэлтэй таницлаа. 2018 онд Монгол улсаас БНХАУ руу мах махан бүтээгдэхүн, ноолуур, самар, амьтны тос зэрэг 339 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол БНХАУ-аас Монгол улс руу буудай, чихрийн төрлийн 135 сая долларын бүтээгдэхүүнийг экспортлоод байна.

Түүнчлэн БНХАУ-ын талаас 2018 оноос хойш Монгол улсад хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр 23 төслийг хэрэгжүүлж 2,8 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг хийжээ. БНХАУ-ын хүн амын дотор газар тариалан эрхлэгчид голлох тоог эзэлдэг бөгөөд эдгээр иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн ХАА-н олон бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тодруулбал, хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж хот хөдөөгийн ялгааг арилгах, дэд бүтцийг сайжруулж тариачдыг боловсролтой болгох, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулж экологийн бүтээгдэхүүн хийхэд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд 2018 онд химийн бордоо хэрэглэх хэмжээ буурсан байна.

Мөн зургаан жилийн хугацаанд 98 саяд хүрч байсан ядуу иргэдийнхээ тоог 16,6 сая болтол бууруулж чаджээ. Энэ бодлогыг зөв оновчтой хэрэгжүүлэхийн тулд хөгжил, эдийн засгийн хувьд өндөр хотуудаасаа хөрөнгө оруулалт татаж, орон нутгийнхаа дэд бүтцийг сайжруулан ажлын байраар дэмжин системийн хэмжээний ажлыг хийжээ.

Цаашид ядуурлыг үе шаттай бууруулахад төрийн тогтвортой бодлого, холбогдох хуулиуд чухал гэдгийг БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Лю Лей хэлж байлаа. Уулзалтын үеэр Монгол улсын сэтгүүлчид сонирхсон асуултаа холбогдох яамныхаас асууж хариултаа авсан юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.