“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл өглөө.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг долоодугаар сарын 22-нд бүртгэж эхэлнэ. Бүртгэл 14 хоног үргэлжилж, наймдугаар сарын 5-ныг дуусна.
Иргэдийн бүртгүүлсэн дарааллаар биш бүртгэлийн мэдээллээс нь шалтгаалж, эрэмбэлэгдэнэ. ЭНД ДАРЖ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАНА УУ.
Орон сууцууд
Иргэд квот олгох эсэх дээр их лавлаж байна. Жишээлбэл, багш нарт квот өгөх үү гэж байгаа. Үүнд албан ёсны хариулт өгөхөд аль нэг мэргэжил, байгууллагад давуу эрх олгохгүй бөгөөд 100 хувь бүртгэлийн мэдээллээр явагдана.
Түүнчлэн түрээсийн орон сууц нь агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийгдэж байгаа тул гэр хорооллын өрхүүд л хамрагдана.
Эхлээд цахим бүртгэл хийгдэж, сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон иргэд бичиг баримтаа бүрдүүлж, гэрээ хийх дарааллаар зохион байгуулагдах юм.
Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж ирсэн. Тодруулбал, урьдчилгаа төлбөр төлөөд таван жилийн хугацаанд төлбөрөө барагдуулах боломжтой. Мөн өмчлөхгүйгээр энгийн түрээсээ төлбөрөө төлөх хувилбар бас бий.
Таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрийн нэг метр квадратын үнэ нь 1405000 төгрөг. Хөгжлийн банкнаас тогтоосон үнэ бөгөөд уг үнэ дээр НОСК ямар нэгэн үнэ нэмээгүй.
Үнийн хувьд байрны талбайн хэмжээнээс шалтгаалан энгийн түрээсэнд 137,550-411,000 төгрөг. Өмчлөх хэлбэрт хэдэн хувийн урьдчилгаа төлснөөс хамаарч 284,000 төгрөгөөс эхлэн 1,600,000 төгрөг байна.
Цалингийн, тэтгэврийн зэрэг зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдаж болно. Хамгийн гол нь зээлээ төлөөд, түрээсээ өгч чадах хэмжээний орлоготой байх ёстой.
Хэрэв иргэд худал мэдээлэл өгч, бүртгүүлсэн байвал хар жагсаалтад орж, цаашид НОСК-иас зохион байгуулах арга хэмжээнд оролцох боломжгүй болох юм. Тиймээс иргэд хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэйг анхаарна уу.
Хамгийн гол шалгуур бол нийслэлийн иргэн байх ёстой бөгөөд иргэний үнэмлэхний хаяг, оршин суугаа хаягийн бүртгэл хоёулаа гэр хороололд бүртгэлтэй байх хэрэгтэй.
Уг шаардлагыг гэр бүлийн аль нэг гишүүн хангаж байгаа тохиолдолд найман ангиллын алинд багтахаа сонгон цахимаар бүртгүүлнэ.
Иргэдийг найман ангиллаар бүртгэнэ. Уг найман ангилалд тодорхой тоог тавьсан тул бүртгүүлэхдээ гэр бүлээрээ сайтар ярилцаж, аль ангилалд бүртгүүлбэл сонгогдох боломж илүү вэ гэдгээ шийдэх нь зөв.
Бүртгэлийг 14 хоногийн хугацаанд хийж байгаа нь ачааллыг багасгаж байгаа хэрэг. Тэгэхээр иргэд бичиг баримтаа сайн бүрдүүлж, ямар ангилалд хамрагдан бүртгүүлэх вэ гэдгээ гэр бүлтэйгээ ярилцан цахимаар бүртгүүлэх хэрэгтэй.