СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-07-18

Оросын эзэн хаан Николай II, гэр бүлийг нь хэрхэн хөнөөсөн бэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Х.Өлзийбаяр

Өнөөдрөөс яг 101 жилийн өмнө 1918 оны долдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Оросын эзэн хаан Николай II, түүний гэргий, хатан хаан Александр Феодоровна, хүүхдүүд, ойр төрлийнхнийг Екатеринбург хотноо уулын инженер Николай Ипатьевын байшингийн доод хонгилд большевикууд буудан хөнөөсөн зэрлэг хядлага болсон юм.

Энд хаан хатан хоёроос гадна охин Ольга, Татьяна, Мария, Анастасия, хан хүү, өвчтэй Алексей, эмч Евгений Боткин, гэрийн даамал Алексей Трупп, тогооч Иван Харитонов, үйлчлэгч Анна Демидова нар байж. 

Оросын сүүлчийн эзэн хаан Николай Александрович Романов (Николай II) 1894 онд эцэг Александра III-ыгаа нас барсны дараа хаан ширээнд сууж 1917 онд хувьсгал мандаж улс оронд нөхцөл байдал хүндрэх хүртэл төр барьжээ. 1917 оны гуравдугаар сарын 12-нд Петроградад зэвсэгт бослого гарч гуравдугаар сарын 15-нд Николай II хаан өөрийнхөө төлөө болон хүү Алексей, дүү Михаил Александровичийнхөө төлөө ширээнээс бууж байгаа тухайгаа зарласан байна.

Ингээд 1917 оны гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл Хаан тосгоны Александровын ордонд гэрийн хорионд байж энэ хугацаанд Түр засгийн газрын тусгай комисс хаан Николай II, хатан Александра Феодоровна хоёрыг эх орноосоо урвасан хэргээр шүүхэд шилжүүлэхээр материал бүрдүүлж байжээ. Энэ талаар яг тодорхой баримт нотолгоо олдоогүй учраас Түр засгийн газар тэднийг Их Британид гаргахаар бодож байж.

Гэтэл 1917 оны наймдугаар сард тэднийг Тобольск руу шилжүүлжээ. Большевикууд эзэн хааныг нээлттэй шүүх хурлаар шийтгэхийг эрмэлзэж байж. 1918 оны дөрөвдүгээр сард Бүх Оросын Төвийн гүйцэтгэх хороо Романовынхныг Москвад шилжүүлж авчрах шийдвэр гаргажээ. Түүнийг шүүхэд Владимир Ленин дуудаж, гол яллагчаар Лев Троцкий ажиллахаар төлөвлөж байсан гэнэ. Гэтэл цагаан гвардынхан хааныг хулгайлах төлөвлөгөө гаргаж Тюмень, Тобольскт ийм хуйвалдаан болох гэж байгаа нь сонсогдсон учир Төвийн гүйцэтгэх хороо хааны гэр бүлийнхнийг Урал руу шилжүүлэх шийдвэр 1918 оны дөрөвдүгээр сарын 6-нд гаргасан байна.


Цагаан цэргийнхэн хааныг хулгайлан аврахаар зэхэж байсныг мэдсэн Николай II зургадугаар сарын 28-нд захидал илгээж “Бид зугтахыг хүсэхгүй байна, чадах ч үгүй. Бид зөвхөн Тобольскт биднийг авчирсан үеийнх шиг хүчээ сэлбэхийг л бодож байна. Тэгэхээр бидэнд туслах гэхийн хэрэггүй. Комендантад маш олон туслагч бий, тэд байнга сонор сэрэмжтэй байж байнга солигдож байдаг. Тэд бидний байгаа шоронг маш нягт хамгаалж, бидэнтэй сайн харьцаж байна. Бидний төлөөнөөс тэднийг, бас та нарыг гамшигт өртөхийг хүсэхгүй байна. Хамгийн гол нь бурхны авралаар цус л урсгахаас зайлсхийцгээ. Тэдний тухай мэдээллийг өөрсдөө олж аваарай. Цонх шатаар буух ямар ч боломжгүй. Буулаа гэхэд комендантын цонх нэгдүгээр давхарт ямагт нээлттэй байдаг. Ийм болохоор биднийг хулгайлан гаргаж авна гэдэг санаагаа орхи...” гэсэн байдаг. 
Ингэж хааны гэр бүл Екатеринбург хотноо ирж өнөөх Ипатьевийн байшинд хоригджээ. Цагаан чехүүдийн бослого, давшилт Екатеринбург рүү ойртож байсан нь хааны гэр бүлийнхнийг буудан хөнөөх шийдвэр гаргахад хүрсэн гэдэг.


Хааны гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийг буудан алах ажлыг гүйцэтгэхийг тэднийг харгалзаж байсан тусгай үүргийн комендант Яков Юровскийд олгожээ. 
Хааны гэр бүлийнхнийг хэрхэн цаазалсан нь мөрдөн байцаалтын протокол, энэ ажиллагаанд оролцогсдын яриа, шууд оролцоогүй ч тэнд байсан хүмүүсийн мэдүүлгээс тодорхой байдаг. Өнөөх Я.Юровский ч үүнийгээ ид бах болгон 1920 онд “Бичвэр”, 1922 онд “Дуртгал”, 1934 онд “Екатеринбургийн ахмад большевикуудын зөвлөгөөн дээр хэлсэн үг” номууддаа бичсэн байдаг. 

1918 оны долдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хааны гэр бүлийг устга гэсэн тушаалыг авчирсны дараа эмч Боткинд бүгдийг сэрээхийг комендант тушаасан байна. Гэр бүлийнхэн хувцаслаад 40 минутын дараа цугларсныг байшингийн доод хонгилд оруулж. Хаантан өвчнөөсөө болж явж чадахгүй байсан хүү Алексейгаа тэврээд буусны дараа хатны гуйлтаар хоёр сандал оруулж өгсний нэг дээр хүүгээ суулгаад нөгөө дээр нь хатан сууж бусад нь хана даган зогсчээ. 
Ингээд Яков Юровский өрөөнд буудах баг цэргийг оруулж ирээд, ялын тогтоол уншсан байна.

Тогтоол нь:

Урал мужийн Ажилчин, тариачин, улаан армийн депутатуудын зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоол. 

Улаан Уралын нийслэл Екатеринбургт чех-словакийн дээрэмчид аюул заналхийлж байгаа энэ үед алуурчин хаан шийтгэлээс зугтаж магадгүй боллоо. Цагаан гвардынхан Романовынхны гэр бүлийг хулгайлахаар хэлэлцэж байгаа нь тодорхой байна. Мужийн хорооны тэргүүлэгчид ард түмний хүсэл зоригийн үүднээс тогтоох нь:
-Тоймгүй олон цуст гэмт хэрэг өдүүлж, ард түмний өмнө буруутай хаан байсан Николай Романовыг буудан хороосугай.
Мужийн зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолыг долдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө гүйцэтгэсүгэй. Романовын гэр бүлийнхнийг Екатеринбургээс шилжүүлж илүү найдвартай газарт аваач” гэжээ.

Уг нь энэ тогтоолд зааснаар бол зөвхөн хааныг л цаазлах, гэр бүлийнхнийг нь амьд үлдээж өөр газар шилжүүлэн хорих ёстой байж. Харамсалтай нь цусанд шунасан большевикууд зүрх нь хөөрөөд хүүхэд эмэгтэй гэж ялгалгүй бүгдийг нь буудчихаж. 

Я.Юровский энэ тухайгаа “Би бүгдийг босохыг тушаасан. Бүгд босч хана даган зэрэгцэж зогссон. Доод хонгилын тэр өрөө их жижигхэн болохоор Николай над руу нуруугаа харуулан зогсч байсан. Би Ажилчин, тариачин, цэргийн зөвлөлийн гүйцэтгэх хороо тэднийг буудан хөнөөх шийдвэр гаргасныг мэдэгдсэн. Николай эргэж хараад асуухаар нь би тушаалыг давтаад “Буудаад” гэж командалсан. Анхны буун дуугаар Николай унасан. Тэгээд л буудаж эхэлсэн. Их л удаан буудаж, уг нь би модон хананд сум ойхгүй гэж бодож байсан ч зарим сум ойж байсан. Тэгээд арайхийн намдахад нь харвал олон хүн амьд байх нь тэр. Эмч Боткин гэхэд л баруун гарынхаа тохойн дээр тулчихсан байхаар нь би гар буугаар буудаж дуусгасан. Алексей, Татьяна, Анастасия, Ольга нар ч амьд байсан. Демидова ч амьд байлаа. Нөхөр Ермаков тэднийг жадалж дуусгая гэсэн ч болсонгүй. Учир нь охид бүгд хөхөвч дотроо эрдэнийн чимэглэлтэй байсан нь тээглэсэн. Тэгээд би бүгдийг нь ээлж дараалан буудаж алсан” гэж бичсэн байдаг.


Дараа нь бүх цогцосыг үүр цайхаас өмнөхөн байшингаас гаргаж ачааны машинд ачин холдуулжээ. Хаан Николай II тэдний гэр бүлийнхний цогцосны үлдэгдлийг 1991 оны долдугаар сард Екатеринбургийн ойролцоогоос олсон юм. Тэгэхээр большевикууд Оросын сүүлчийн эзэн хааныг зэрлэгээр буудан хөнөөсөн шигээ шарилыг нь зүгээр л ойд аваачаад хаагдсан уурхайд хаячхаж. Маргааш нь хүчил авч очин шатаажээ. 

Улмаар 1998 оны долдугаар сарын 17-нд Санкт-Петербургийн Петропавловын сүмд хааны гэр бүлийнхний цогцосны үлдэгдлийг оршуулах ёслол болсон байна. 
2008 оны аравдугаар сард ОХУ-ын Дээд шүүхийн тэргүүлэгчид Оросын эзэн хаан Николай II, түүний гэр бүлийн гишүүдийг цагаатгах шийдвэр гаргажээ. Оросын Ерөнхий прокурор ч бас большевикуудын хэлмэгдүүлэн цаазалсан хааны гэр бүлийнхнийг цагаатгаж, хааны удмын нэрийг нь сэргээх шийдвэр гаргасан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.