М.Хүслэн
Швед улсын Калмар хотноо зохиогдсон олон улсын элсэн уран баримлын уралдаанд Монголын уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэлжээ. “Элсэн уран баримал-2019” наадмын дэд байрт АНУ-ын сийлбэрч орсон бол гуравдугаар байранд Швед улсын сийлбэрч шалгарсан байна.
Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хувьд өвлийн улиралд мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг. Түүний хамгийн томоохон бүтээл Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна. Мөн тэрбээр Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн баримлууд урласан гэнэ.