2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 43,600 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Ирж буй хичээлийн жилд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 26,500 хүүхэд буюу тэдний 50 хувийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх боломжтой болж байгаа юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан баг өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах 28 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уг цэцэрлэг нь 1936 онд ашиглалтад орж, 1994 оноос та бидний хэлж занш “24 цагийн цэцэрлэг”-ээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Шинэ цэцэрлэг барих ажлыг “Морин сувд” ХХК өнгөрсөн оноос хийжээ. Анх зураг төсөвт найман бүлгийн 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих байсан ч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зураг төслийг өөрчлөн 10 бүлэг болгох санал тавьсан тул барилгын компани 749 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө гарган цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн ирэх наймдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад өгөхөд бэлэн гэдгийг дурдав.
Хамгийн гол нь ирэх есдүгээр сарын 1-н гэхэд 28 дугаар цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авах ёстой тул энэ сардаа багтаан барилгын ажлыг дуусгах хэрэгтэй. Компаниас гаргасан нэмэлт хөрөнгө мөнгийг яамнаас шийдэх тул цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад өгөх хэрэгтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Өөрсдийн нөөц бололцоог ашиглан цэцэрлэгийн барилгын ажлыг хурдан шуурхай, хийж гүйцэтгэж байгаад талархаж байна. Хамгийн гол нь ирэх есдүгээр сарын 1-н гэхэд 28 дугаар цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авах ёстой тул энэ сардаа багтаан барилгын ажлыг дуусгах хэрэгтэй. Компаниас гаргасан нэмэлт хөрөнгө мөнгийг яамнаас шийдэх тул цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад өгөх хэрэгтэй” гэдгийг дурдлаа.
28 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Сарантуяа: Манай цэцэрлэгийн онцлог нь зорилтод бүлгийн хүүхдүүд 1-5 дахь өдөр хүртэл 24 цагаар байрлан хүмүүждэг. Цэцэрлэгийн барилгыг олон жилийн туршлагатай компани барьж байгаад талархаж байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, гаднах тоглоомын талбайн тохижилтын ажлыг давхар хийж байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноос 10 бүлэгт 240 хүүхэд хүмүүжих юм. Манай цэцэрлэгийн хувьд 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг тул хүчин чадлынхаа хэмжээгээр 240 хүүхдийг ирэх есдүгээр сарын 1-н гэхэд хүлээн авах болно.