УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан АН-ын зөвлөлөөс өргөн барьж буй саналыг албан ёсоор танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
АН-ын зөвлөл хуралдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийн талаар хуралдаж зарчмын шийдвэрээ гаргалаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт Ардчилсан нам оролцоогүй байсан. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн өргөн барих саналыг заавал хэлэлцүүлэх ёстой гэдэг байрь суурьтай байсан учраас өмнө нь оролцоогүй.
Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцох явцад Үндсэн хуулийн суурь зарчимд нийцээгүй олон асуудал байгаа учраас бид байр сууриа хүргэхээс өөр аргагүй байна.
Ардчилсан намын зөвлөл хуралдаад Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг тусгах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
1. Сонгуулийн тогтолцоог зайлшгүй Үндсэн хуульд тусгах шаардлагатай. 76 жижиг тойргоос гишүүдийг сонгож байгаа нь Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгож, парламентын нэгдмэл байдлыг алдагдуулж байгаа. Тиймээс сонгуулийн тогтолцоог холимог байдлаар явуулах асуудлыг заавал тусгах ёстой.
2. Төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засгаасаа татгалзах ёстой. Зах зээлийн системд социалист байдлаар хандаж байгаа нь төр рүү ялаа шиг шавдаг байдлыг бий болгосон. Орон нутагт эдийн засгийн асуудлаа бие даан шийдэх эрхийг Үндсэн хуулиар олгох ёстой.
3. Нутгийн өөрөө удирдах ёсыг өөрчлөх Ерөнхийлөгчийн саналыг бид бүрэн дэмжиж байна. Хотыг зөвхөн засаг захиргааны хувьд авч үздэг байсан нь өнөөгийн гажуудлыг бий болгосон. Хот бол нийгэм, эдийн засгийн цогцолбор байх ёстой.
4. Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх ёстой. Төрийн албанд орох босгыг Үндсэн хуульд тавьж өгөх ёстой.
5. Шүүхийн хяналт, хариуцлагын асуудлыг заавал ярих ёстой.
6. Баялгийн сангийн асуудлыг цогцоор ярих ёстой.
АН-аас эдгээр саналуудаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналтай хамтад нь өргөн барьж, эцэслэн шийдэх асуудлыг ард түмний санал асуулгаар шийдүүлэх ёстой гэж үзэж байна гэв.